Шууд Chart

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ

2020-05-25 14:45:42

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ажлын дэд хэсгийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Д.Ламжав, Улсын бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нарын зэрэг хүмүүс оролцов.

Хэвлэлийн бага хурлын эхэнд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ болох Үндсэн хууль бүрэн бүтэн болж улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

1992 оны 01 дүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль мөн оныхоо 02 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр болж байсан түүхтэй.

Тэгвэл, бидний 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань ийнхүү хүчин төгөлдөр болж байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан зохицуулалт хийснээр улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн хорь, гучин жилд яаж удирдан зохион байгуулж явахав, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангахав, улс орноо яаж хөгжүүлэхэв, ирээдүйнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэхэв гэдгийг тогтоож чадлаа.

    Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр:

  • Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залрууллаа;
  • Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өглөө;
  • Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болголоо;
  • Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ;
  • Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт орууллаа;
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийлээ.

Ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах 40 гаруй хууль ард түмний хүсч байгаа шударга ёс, төрийн эрх барих байгууллагын хариуцлага, төсвийн ил тод хяналттай байх нөхцөлийг амьдрал дээр биежүүлэн буулгах ёстой юм.

Органик хуулиуддаа энэхүү нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг нэг бүрчлэн нарийвчлан суулгаж чадахгүй бол засаглалын хямрал засагдах ажил удаашрах болно.

Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан үзүүлэхийн төлөө дараагийн төр, засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжиж, Монгол төрийн сүлд ивээх болтугай” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ба уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй