Шууд Chart

Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов

2020-05-27 19:37:39

Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Казакстан хоёр улсын хооронд иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцсон дагуу нислэгийн хугацааны талаар Элчин сайд санал хүсэлтээ илэрхийлсэн.

Тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна. Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн олон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр "Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд 6 дугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд c халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Ташрамд дурдахад, тус улсад "COVID-19" халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй