Шууд Chart

“Хоршоо хөгжлийн үнэлгээ 2020” Үндэсний хэмжээнд улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийж байна

2020-05-29 12:44:07

Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор батлагдсан “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх зорилгоор улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хоршоодын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, тэдний туршлагыг нь хуваалцаж, сурталчлан таниулах, сумын хөгжлийг дэмжих хүрээнд хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүний  бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, загвар хоршоодыг бий болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд 2018 оны жилийн эцсийн байдлаар 4477 хоршоо бүртгэлтэй байна. Хоршоодын үйл ажиллагааг тогтвортой эсэхийг тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, хүчин чадлын талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор хоршоодын хөгжлийн үнэлгээг Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийг хамруулан 2020 оны 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Үнэлгээний үеэр төрөөс хоршооны хөгжлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хоршоодын бизнесийн хөгжлийн түвшинд гарч буй ахиц дэвшил, нийтлэг тулгамдаж буй асуудлуудыг тэдгээрийн удирдлага, гишүүдийн оролцоотойгоор тодорхойлж, хоршооллын талаар цаашид баримтлах бодлого, чиглэлийг тогтоох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулахад шаардагдах суурь мэдээллийг бэлтгэх юм.  

Хамрах хүрээ: Үндэсний хэмжээнд улсын бүртгэлтэй байгаа анхан шатны ба дундын хоршоод
Ерөнхий зохион байгуулагч:

•    ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
•    Санхүүгийн зохицуулах хороо
•    Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо

Хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд:

•    Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар
•    Хоршоодын мэргэжлийн холбоод
•    Хоршоо дэмжих олон улсын төсөл, хөтөлбөрүүд
•    Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг

Хоршооны хөгжлийн үнэлгээний аргачлал:

Хоршооны Хөгжлийн Үнэлгээ (ХХҮ) нь хоршооны чадавхийг үнэлэхэд зориулан боловсруулсан үнэлгээний хэрэгсэл юм. Энэхүү аргачлал хоршооны давуу болон сул талуудыг илрүүлэн үйл ажиллагаа нь бизнесийн хөгжлийн аль шатандаа явж байгаа цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлон гаргаж ирдэг. Хоршооны өнөөгийн хөгжлийн түвшинд суурь үнэлгээ хийж тодорхой хугацааны дараа дахин үнэлж гарсан өөрчлөлтийг харьцуулан хэмжихэд хяналт, мониторингийн үүрэг гүйцэтгэдэг.

Уг аргачлалыг Канадын хоршоодын холбоо анх боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ба Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо 2012 оноос хоршооны хөгжлийг үнэлэхэд ашиглан өөрийн орны хоршоодын нөхцөл байдалтай уялдуулан тохируулж сайжруулсан.

Үнэлгээнд ашиглаж буй үзүүлэлтүүд нь хоршооны үйл ажиллагааны гүйцэтгэл, хөгжлийг хэмжиж үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэгдсэн хамгийн наад захын шаардлагатай стандарт юм. Хоршооны хөгжлийн үнэлгээний аргачлал нь үндсэн 4 бүлэг, 10 үзүүлэлттэй. Үзүүлэлт тус бүр 6-8 асуулттай байна.

Хоршооны хөгжлийн үнэлгээний арга хэмжээ нийслэлийн дүүргүүд болон Архангай, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудад амжилттай хийгдэж эхлээд байна.


“Хоршоо хөгжлийн үнэлгээ 2020” Үндэсний хэмжээнд улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийж байна  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй