Шууд Chart

48 улирал дараалан онц сурсан сурагчдад хүндэтгэл үзүүлэв

2020-06-02 13:51:13

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 1155, улсын хэмжээнд 28567 сурагч төгсөж байна.

Үүнээс сурлага, урлаг, спортын амжилт гаргаж, үе тэнгийнхнийгээ манлайлсан олон сурагч байгаагаас 48 улирал дараалан 90-ээс дээш хувийн үнэлгээтэйгээр төгсөж буй 53 сурагч байна.

Тэдэнд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, сурлагын өндөр амжилт хүслээ.

2019-2020 оны хичээлийн жилийн онцлог нь дэлхийн хэмжээнд тархаж байгаа “COVID-19” цар тахлын улмаас сурагчид гэртээ телевизээр онлайн хичээлийг бие даан үзэж, сурах үүргээ тасралтгүй биелүүлж байна.

Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хорио цээр тогтоосон хэдий ч энэ хугацаанд аймгийн ЕБС-иудын шилдэг арга зүйтэй 33 багш элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх чиглэлээр 10 хичээлээр online live хичээл зааж, 12 дугаар анги төгсөгчдөд цахимаар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Орон нутгийн хувьд цахим хичээлийн энэ үед нийт 40 удаагийн онлайн сорилыг зохион байгуулсан нь багш нар суралцагчдын гүйцэтгэл багатай даалгаварт анализ хийж цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх, суралцагчид элсэлтийн шалгалтад амжилттай бэлтгэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болсон юм.

Өмнөх хичээлийн жилүүдэд бид элсэлтийн ерөнхий шалгалтаараа улсын хэмжээнд 3-8 дугаар байруудад шалгарч, 15 хүүхэд үнэмлэхүй дээд оноо буюу 800 оноог авч байсан. Энэхүү амжилтыг ахиулах үүднээс аймгийн Засаг даргын санаачилгаар 2,4 сая төгрөгийн өртөг бүхий 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтын эмхэтгэл 240 ширхэг номыг хэвлүүлэн ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад гардуулан өгсөн нь ихээхэн ач холбогдолтой ажил болсон гэдгийг сурагчид энэ үеэр онцолж байв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

48 улирал дараалан онц сурсан сурагчдад хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй