Шууд Chart

Хөдөөний сонгууль ...

2020-06-04 12:17:38

Сонгууль гэж хамгийн идэвхтэй оролцох ёстой ажил ирээд байна. Ард түмний буян заяа үүнээс шалтгаалж, хэрхэх нь сонгогчдын зөв сонголтоос шалтгаалах учир тэр л дээ. Тиймээс миний бие нэгэн дурсамжийг уншигч танаа цухасхан өгүүлье.

Би 2002 оны сонгуулиас хойшхийг мэддэг юм. Түүнээс өмнөх үед хэтэрхий балчир байсан болоод ч тэрүү тийм ч их анзаараагүй бололтой.

Тэгээд ч хөдөө өссөн болохоор томчуудын зарим ярианаас хоцрох нь элбэг л дээ. Тэр үеийн хөдөөний сонгуульд иргэд одоог бодоход маш их ач холбогдол өгч, идэвхтэй оролцдог байжээ. Бараг л сумын наадмын хэмжээнд авч үзнэ шүү дээ. Ямар сайндаа бидэн шиг нусанхай бацаанууд аав ээжээсээ “Та хоёр наадамд явах гэж байгаа юм уу” гэж асууж байх вэ дээ. 

Сонгогчид саналаа нэгдсэн журмаар багийн төвд цуглаж өгдөг байсан болохоор аав ээж, ах эгч нар өмнөх өдөр нь барьж уяж хоносон морио эмээллээд л мордоно. Хүлэг сайн морио хөнгөрүүлж байгаа нь тэр л дээ. Тэр ч бүү хэл мориныхоо дэлийг засч, гайгүй гэсэн дээлээ өмсөөд саахалт айлын хүмүүстэй нийлэн дөрөө харшуулна.

Мөн морь уралддаг байсан болохоор аль гайгүй хурдан, хурц гэсэн хүлгүүдээ хөтлөөд л явчихна. Одоогийнх шиг ямар машин дээр ачаад хөдлөх биш. 

Харин малаа хараад гэрт үлдэж байгаа нь эмээ өвөө за тэгээд бидний хэдэн жаал.

Тухайн үед ганц, хоёрхон намаас тоотой хэдхэн хүн нэр дэвшдэг байсан болохоор нутаг нутгийнхан ичнээ танил болчихсон байдаг байж билээ. Зарим нь гэрээр ирж сурталчилгаагаа хийгээд явахыг нь харахдаа “Манайд том дарга ирсэн” гээд бусад айлын хүүхдүүдэд гайхуулах жишээтэй.

Аав ээж ч тэднийг чухам таньдаг юм шиг дотно хөөрөлдөөд амжилт хүсч үдэж өгнө. Дараа нь “Тэдний хүүг сонгоё. Тулахтай хүний хүүхэд байгаа юм. Эсвэл “Тэрийг л сонгоё, яриа хөөрөө зөв. Төлөв даруу залуу шиг санагддаг” гээд л удам судартай нь өгүүлж, сонголтоо аль эрт хийчихсэн байна.

Ингээд л тэд дээрх бичсэнчлэн багийн төвд бүгдээрээ очиж, нэр дэвшигчээ сонгочхоод оройхон гэртээ ирцгээнэ.

Тэгэхдээ зарим нь яаж зүгээр байхав, улаан зээрд болчихсон ирдэг бол ээж, эгч нар гэрт үлдсэн бидэнд чихэр, жигнэмэг авч ирнэ.

Учир нь тэр үед агент буюу явуулын худалдаа гэж байдаг байсан болохоор тэндээс худалдаж авсан нь мэдээж. Тэд гэртээ ирээд явсан газрынхаа сонин сайхныг эмээ, өвөөд сонирхуулна. Харин бидэн шиг хүүхдүүдэд хамгийн уйтгартай ярианы сэдэв шиг санагддаг байж билээ. Томчууд “Цагийн хүрд” хөтөлбөрийг үзэхийг илүүд үзэж, мэдээллийг нь сонсдог байхад бидний хэдэн нөхөд дараа нь гарах киног үзэхийн тулд “Хурдан дуусаасай” гэж боддог шиг л санагддаг байлаа.

Гэтэл өнөөдөр тэдгээр жаалууд нас биед хүрч, сонгууль гэдэг ажил ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгож, сонголтоо мэргэн өгөх шаардлагатай тулж ирээд байна.

Нэмж хэлэхэд дээр үеийн сонгуулийг өнөөдөртэй харьцуулахад хөдөөнийхөн морь унаж, сонгууль өгөхөө больж, автомашин, мотоцикл хүлгэлж байна. Мөн хэтэрхий их хүн зөөлөн суудал руу санаархдаг болжээ.

Сонгуулиа гэж ... сонгохдоо зөвийг нь л олох хэрэгтэй. Яг л хөдөөний гярхай сонгогчид шиг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөөний сонгууль ...  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй