Шууд Chart

“Даншиг наадам-Хүрээ цам”-г хурдан морь, бөхийн барилдаангүйгээр тэмдэглэж байна

2020-06-29 09:17:30

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг тасралтгүй зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил ёс уламжлалыг тасалдуулахгүйгээр зохион байгуулна. Гэхдээ олон нийтийг хамарсан бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй. Тиймээс “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн 9-ний өдөр буюу энэ өдөр болно. Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд энэ сарын 26, 27, 28-нд гурван өдөр хуралдаж, өнөөдөр гадна талбайд хүрээ цамын хурал уламжлал ёсоор болно. Энэ жил олон нийт цугларахгүй учраас гол шашны төлөөлөл болон цам цамнаач, лам хуврагууд нарийн зохион байгуулалттайгаар оролцоно” гэв.

Мөн балин, цамын баг хувцас хунар адислах хурал зургаадугаар сарын 6-наас өнөөдрийг хүртэл болж байна. Энэ жил цар тахлын улмаас зөвхөн Батцагаан дуганы гадна талбайд цамын хурал номыг зохион байгуулж буй.

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг өнгөрсөн онд есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Өмнө нь даншиг өргөх ёслолыг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг ч өнгөрсөн жил товлогдсон хугацаанаасаа хойшлогдсон удаатай.

Тэгвэл энэ жил цар тахлын улмаас зургадугаар сард зохион байгуулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Даншиг наадам-Хүрээ цам”-г хурдан морь, бөхийн барилдаангүйгээр тэмдэглэж байна   
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй