Шууд Chart

Скотт Эдкинс: Кино урлаг бол ердөө хугацаатай томилолт

2020-06-30 11:37:16

Өнөө цагийн тулаант киноны одуудын нэг Скотт Эдкинс буюу манайхны сайн мэддэг Юрий Бойкагийн талаар товч өгүүлье.

Өөрийн гэсэн шүтэн бишрэгч, арга барил, зах зээл, үнэлгээтэй жүжигчин болсон нь бага наснаас нь эхтэй.

Түүний өвөө, аав мах бэлтгэдэг, нядлагч байв. 1976 онд Английн дундаж давхаргын, ажилчин ангийн гэр бүлд мэндэлсэн Скотт сурлагаар гавихгүй, эцэг эхээ унтсан хойно тулаант кино үздэг, тиймдээ ч өдөр хичээл дээрээ “дугхийчихдэг” хүү байсан гэдэг. Хүүхэд байхдаа олон төрлийн спорт сонирхдог байсан ч 10 настайдаа жүдогийн клүбт явсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн.

Тулааны урлагийн их мастерууд Брюс Ли, Ван Дамм нарыг төсөөлөн өдрийг бэлтгэлийн зааланд, амсхийх завгүй өнгөрөөдөг байсан Скотт дөрвөн жилийн дараа тэквондогоор хичээллэжээ.

Аавынхаа грашийг тохижуулан, бэлтгэл хийдэг болсон тэрбээр Брюс Лигийн зургийг ханандаа наагаад залбирдаг байснаа хожим дурсан ярьсан байдаг. Өсвөр насандаа дасгалжуулагч Энтони Жонсын удирдлага дор кикбоксоор хичээллэсэн аж.

Тулааны урлагаар хичээллэгч түүний хувьд тамирчны зам хөөх, үгүй бол авьяас чадвар, хүч хөдөлмөрөөрөө энтертайнмент ертөнцөд хөл тавих хоёр сонголт байв. Холливудад хөл тавихыг хүссэн Скотт улмаар Саттон Колдфилдийн жүжигчний ангид суралцах сонголт хийсэн билээ. Тайзан дээр анх гарсан тухайгаа тэрбээр “Яг там шиг санагдаж байлаа. Бүрэг, ичимхий миний хувьд хүмүүсийн өмнө, тайзан дээр гарна гэдэг үнэхээр аймшигтай зүйл байлаа” гэжээ.

21 настай, ядуу, цагийн ажил хийж олсон хэдэн фунтээрээ арайхийн хоол залгуулдаг Скоттын замнал Англиасаа биш, Хонконгоос эхэлсэн юм. Хонконгийн Орлон тоглогчдын ассоциацийг тэргүүн Стефен Тунг Фей түүнд ажлын санал тавьсан бөгөөд тулааны тамирчид, жүжигчид бүгд яагаад Хонконгийг зорьдогийг мэдээ ч үгүй явсан тэрбээр өөрийг нь хэн нэгэн тоож урьсанд л ихэд олзуурхаж байлаа. Ингэж л Скотт Юнь Вон Пинг, Кори Юэнь, Саммо Хун болон Жеки Чан нартай нэг кадрт багтаж, хамтран ажиллах гараагаа эхэлсэн гэдэг.

Түүнээс хойш ч BBC-гийн цуврал, “Ист Эндийн оршин суугчид” зэрэг бүтээлд тоглоод байсан Скотт Эдкинст ялагдашгүй, шоронгийн нохой зодооны аварга Юрий Бойкагийн дүр амжилт, нэр хүнд авчирчээ.

“Маргашгүй-2” бүтээл 2006 онд дэлгэцэнд гарсны дараа “Борн”, “Х хүмүүс” цуврал, “Нинжа” зэрэг тулаант киноны гол дүрийн урилга хүлээн авсан билээ. Одоогоор дэлгэцийн 50 гаруй бүтээлд орлон тоглогч, гол болон туслах дүр бүтээсэн Скотт Эдкинсийн хамгийн алдартай дүр бол Юрий Бойка.

“Мартагдашгүй” киноны хоёрдугаар цуврал нээлтээ хийснээс хойш түүнийг “галзуу орос”, “Хөөе, Бойка” гэж дууддаг болжээ.

“Кино урлаг бол хатуу бизнес. Аз сорих боломж бараг л үгүй. Бойкагийн дүрийг ч зохиолд бичсэнээр, найруулагчийн бодсоноор л бүтээнэ. Сонирхолтой нь, Юрий Бойкагийн дүрд тоглосноос хойш надад орос тулаанч, зодоонч, мафийн толгойлогчийн “бууны нохой”-н дүрийн санал цөөнгүй ирсэн. Үгүй бол, славян гаралтай Зүүн Өмнөд Европын хүн ч юм уу. Уг нь би англи хүн шүү дээ” гэж “нэрийн хуудсынхаа” талаар Скотт ярьсан.

Тулааны урлагийн тамирчид ч, жүжигчний хувьд ч Скотт Эдкинс чамгүй амжилтад хүрчээ. “Таны амжилтын нууц юу вэ” гэсэн асуултад тэрбээр “Амжилт гэж чухам юу болох, түүнд хэрхэн хүрэх тухай бодох ч сөхөөгүй хөдөлмөрлөсөн” гэж хариулсан юм.

Өнөөдрийг хүртэл тэр өдөр бүр, тогтмол цагийн хуваарийн дагуу, шаргуу бэлтгэл хийдэг. Гэхдээ тулаант киноны урлагт он удаан жилээр зүтгэхгүйгээ мэддэг. “Би одоо 40 гарлаа. Миний бие хэзээ ч 20 настайгийнх шиг байхгүй. Одоо цохилт бүрт би эрүүл мэндээрээ золиос гаргах болно. Кино урлаг бол ердөө хугацаатай томилолт. Магадгүй, инээдмийн ч юм уу, драм төрлийн бүтээлд тоглож болох юм. Үгүй бол дасгалжуулагч байж болно шүү дээ” гэж найруулагч Карл Ризкийн “Эзлэлт” киноны нээлтийн өмнө өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тулаант киноны тод од, жүжигчин Скотт Эдкинс өнөө хэр Бирминхемдээ, эцэг, эхийнхээсээ холгүй амьдардаг.

Том хотын чимээ шуугианыг тэвчиж чаддаггүй, буйд газар амьдрах хүсэлтэй тэрбээр зураг авалт, бэлтгэлээс бусад цагаа гэр бүлдээ зориулдаг. 2011 онд Скотт аав болж, охин Кармен Габриэлагаа өлгийдэн авсан бөгөөд хожим хүү Жошуа нь мэндэлсэн билээ.

 

 






























Скотт Эдкинс: Кино урлаг бол ердөө хугацаатай томилолт  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй