Шууд Chart

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдол 11 саяаас давлаа

2020-07-04 10:20:12

"COVID-19"-ийн халдварын тохиолдол  зарим улс оронд  маш хурдацтайгаар  өсё  байна.  Энэ сарын 03-ны өдрийн байдлаар  дэлхий  дахинд  халдварын нийт тохиолдлын  тоо  11 сая 10 мянгыг  давлаа. Нас  баралт  харин  525 мянгад  хүрчээ.  Өдөрт  бүртгэгдэж байгаа халдварын  тохиолдлын тоогоороо  АНУ  хамгийн эхэнд  бичигдсэн хэвээр байна. Сүүлийн 24 цагийн  дотор л гэхэд тус улсад нийт 57 мянган тохиолдол  бүртгэгджээ.  Үүнтэй холбоотойгоор олон муж  тойрогт   халдвараас хамгаалах  хорио цээрийн арга хэмжээгээ чангатгасаар  байна.

Чикаго хотын эрх баригчид  Америкийн 15 мужаас  тус хотод  ирэх хүмүүсийг 14 хоногийн хугацаагаар  тусгаарлалтад хамруулахаа зарлалаа. Флоридагийн Майами  Дейд  тойрогт   өнөөдрөөс хөл хорио тогтоогоод  байна. Техас мужид  шинэ коронавирусний халдвар ихээр тархаж байгаа учир  олон нийтэд  амны хаалт заавал  зүүхийг үүрэг болгосон  байна. Энэ хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  Африкийн орнуудад тэр  дундаа  Өмнөд  Африкт "COVID-19" халдварын  тохиолдол  огцом нэмэгдэж байгааг анхаарууллаа. Тус  байгууллагын шинжээчид  улс  орнууд  иргэдийн зорчих хөдөлгөөний  хязгаарлалтаа  сулруулж  эдийн засгаа  сэргээх арга хэмжээ авч  болох хэдий ч  цар  тахлыг хяналтаасаа алдахгүйн тулд  эрүүл мэндийн  салбарынхаа  хүчин  чадлыг сайжруулах хэрэгтэйг зөвлөмж болгож байна.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу  Гутерриш  аюулгүйн зөвлөлийн  видео бага хурлын үеэр  зарим террорист бүлэглэлийнхэн   улс  орнуудын засгийн газар  цар тахалтай хийж  буй  тэмцэлд гол анхаарлаа хандуулж байгааг далимдуулж халдлага дайралтаа  идэвхжүүлж  мэдэхээр байгааг анхааруулсан байна. Тодруулбал, Сомалид  Аш Шабаб бүлэглэлийнхэн  террорист халдлагуудаа  үргэлжлүүлсээр байгаа  төдийгүй улам идэвхжүүлж мэдэх  эрсдэл үүсч байгааг  сануулсан. Үүний зэрэгцээ  зарим  улс  оронд  цар  тахлаас үүдэлтэй хямралаас болж  энхийн  хэврэгхэн яриа хэлэлцээ нурж мэдэхээр  байгаад  анхаарлынхаа гадна  орхиж  болохгүйг  анхаарууллаа.

Үүнтэй холбоотойгоор  НҮБ ын  аюулгүйн зөвлөл  цар  тахал эхэлснээс хойших  анхных гэж тодорхойлж байгаа тогтоол баталж  дэлхийд  сөргөлдөгч  бүх талуудад хандаж "COVID-19"-ийн халдварыг  тогтоон барихын тулд  3 сарын хугацаагаар  гал  зогсоохоо зарлахыг  уриаллаа. Мөн өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага цар тахал  хэвлэл  мэдээллийн хэрэгслийнхэн,  сэтгүүлчдийн  үйл  ажиллагаанд  сөргөөр  нөлөөлж  байгааг  сануулсан.  Түүнчлэн засгийн газрууд  хэвлэлийнхний үйл  ажиллагааг  хамгаалж,  сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэгтэй  тэмцэх,  хэвлэл, хэвлэн нийтлэх  эрх  чөлөөг  хүндэтгэж,  дарамт  шахалт үзүүлэхгүй  байх үүргээ  биелүүлэх, тэдэнд  санхүүгийн дэмжлэг  тусламж  үзүүлэх шаардлага  урьд  өмнөхөөсөө илүү  тулгарч байгааг тайлан илтгэлдээ  тэмдэглэсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдол 11 саяаас давлаа  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй