Шууд Chart

А.Хатансайхан: Энэ жил допингийн асуудал нэлээн яригдсан учир шударга ёс тогтсон сайхан наадам болох болов уу

2020-07-06 13:02:51

Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадам хаяанд ирлээ.

Манай сайтын сурвалжлах хэсэг өчигдөр уншигч танаа "Босоо хүлэг" галын тэргүүн, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Дашдоржийн Мөнхбатын хүү Монгол Улсын алдарт уяач цолны болзол хангаад буй Цэрэнжавын уяаны сурвалжилга, ярилцлагыг хүргэсэн билээ.

Харин энэ удаа зарим бөхийн галаар саатсанаа хүргэе.

Бид хотоос холгүйхэн дүнхийх нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Бугын сангийн аж ахуйг зүглэв. Тэнд Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн”, Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд байрлаж, баяр наадмын бэлтгэлээ базааж байгааг дуулаад тийнхүү хүлгийн жолоо залсан хэрэг.

Газар чийгтэй, ногооны униар хамар цоргисон ёстой л зун шиг зун болдгоороо болж байна.

Бид эхлээд Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэнтэй уулзав. Тэд зөвхөн аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдээ байршуулж, сорилго барилдаанаа хийж байсан юм.

Харин цаахна талд нь Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээнийхэн өнгө өнгийн дээлээрээ гоёчихсон байгаа харагдав. Иймд галын наадмаа хийж байгаа болов уу хэмээн бодож очтол нутгийнхаа дэвжээнд зориулсан дууны клипны зураг авалт ажээ.

Уг дэвжээний галын барилдаан биднийг очсоны өмнөх өдөр буюу өнгөрсөн бямба гарагт болжээ. Үүнд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргалаар манлайлуулсан 32 бөх хүч үзсэнээс Айраг сумын харьяат “Дорнын Өртөө” ХХК-ийн бөх, аймгийн арслан М.Бямбадорж түрүүлж, Мандах сумын харьяат, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал үзүүрлэсэн байна.

Харин их шөвөгт Мандах сумын харьяат, “Чандмань-Илч” ОНӨК-ий бөх, аймгийн арслан Б.Баатархүү, Айраг сумын харьяат, “Чандмань Бадрал” ОНӨК-ийн бөх, аймгийн харцага Б.Бадрал нар шалгарчээ.

Уг барилдааныг үзэж сонирхохоор Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Г.Гантулга, аймгийн бөхийн холбооны тэргүүн Р.Мөнх-Очир болон хутагтын нутгийн бөхөд сэтгэлтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байна.

Үүний дараа “Хилчин” спорт хорооны бөхийн галаар урилгагүй зочин болж очив. Уг галыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар ахалж байна. Тус галд Монгол Улсын начин Лутын Батзориг тэргүүтэй 20 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Биднийг очиход тус галынхан өглөөний гүйлтээ хийчихээд түр амсхийж байсан юм. Харин ахлагч Н.Бүрэнбаатар өөр дэвжээний галын барилдааныг үзэж сонирхохоор явсан байв.

Энэ үеэр Дорноговь аймгийн Манхан сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайхантай уулзаж ярилцсан юм.  

Тэрбээр ... Таваглах тэмээтэй

Тастах таанатай

Голио царцаа нь vсчсэн

Говь нутгийн цөөхөн начингийн нэг билээ

А.Хатансайхан: Манай нутгийн бөхчүүдэд долоогийн тоо ээлтэй байдаг

-Танай галын бөхчүүд хэзээ бэлтгэлдээ гарсан бэ?

-Сар орчмын хугацаанд бэлтгэлээ базааж байна. Нийтдээ 30 гаруй бөх нэгдсэн. Үүнээс таван аймгийн арслан цолтой бөх улсын баяр наадамдаа зодоглоно. Бусад нь аймаг, сумын наадамд хүч үзнэ. Манай галынхан чинь ер нь аймгийн цолтон их. Тиймээс зарим залуусынхаа аймгийн цолыг бататгуулах, цол нэмүүлэх үүднээс ихэнхийг нь улсын баяр наадмыг өнжүүлэх гэж байна.

-Та галынхаа зөвлөхөөр ажиллаж байна уу?

-Би орон нутагтаа ажиллаж байгаа болохоор байнга хамт байж амжихгүй юм аа. Самбо бөхийн ОУХМ, аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал, Нарангэрэл нар удирдан явуулж байна. Гэхдээ би амралтын өдрүүдээр байнга ирж байгаа. Ирэхгүй байхаас ч арга үгүй юм. Миний хувьд 1989 оноос эхэлж буюу 17 наснаасаа л Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат агсантай Сонгины амралтад бэлтгэлд гарч байлаа. Тэр цагаас хойш Бугын сангийн аж ахуй, Баянбуурал зэрэг амралтад наадмын бэлтгэлдээ гарсаар ирсэн.

-“Тоорил ханы хүрээ” жуулчны баазад хэдэн оноос эхэлж гарч байна вэ?

-Манай нутгийн “Хутагтын хүчтэн” дэвжээ 2007 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш А.Цацабшир Монгол Улсын харцага цол хүртсэн. Харин яг энд сүүлийн хоёр жил бэлтгэлд гарч байна.

 

-Монгол Улсын харцага А.Цацабшир допинг хэрэглэсэн гэх үндэслэлээр хоёр жил барилдах эрхээ хасуулсан. Энэ жилийн баяр наадамд эрх нь сэргэж байгаа бил үү?

-Үгүй. Наадмын дараагаас л сэргэнэ.

-Энэ жилийн наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах гэж байгаа. Харин танд хэрхэн төсөөлөгдөж байна вэ?

-Спортын арга хэмжээг үзэгчгүйгээр хэрхэн зохион байгуулж болдгийг сүмо бөхийн өнгөрсөн башёгоос бид харсан шүү дээ. Тиймээс хэн хэн нь олгосон үүрэг даалгаварынх нь дагуу мөрдөх ёстой. Гэхдээ бид төр засагтаа баярлах учиртай. Учир нь цагаан сарыг тэмдэглүүлээгүй хирнээ улсын баяр наадмыг зохион байгуулахаар шийдсэнд баяртай байна. Энэ чинь төрт ёсны баяр шүү дээ. Үзэгчгүй болох нь л гээд байгаа. Хэдийгээр төв цэнгэлдэх хүрээлэнд болоход 5000 орчим иргэн л орж үздэг. Бусад гурван сая гаруй ард түмэн телевиз, сошиалаар дамжуулж, дэлхийн хаанаас ч үзэж, баясдаг. Тэгэхээр үзэгчгүй болж байгаа нь нэг их ялгаагүй. Тэгээд ч торгон ир нь ид таарсан бөхчүүдэд нэг жил алдагдана гэдэг асар их хохиролтой.  

-Наадмаас өмнө болдог заалны барилдаан энэ жил бараг болсонгүй. Уг нь тус барилдаануудаас наадмын өнгө харагддаг шүү дээ. Энэ жилийн хувьд ямар ч таамаггүй байх нь ...

-Харин тийм. Наадмын өмнөх барилдаануудаас тухайн жилийн улсын наадамд дээгүүр барилдах бөхөө нэрлэж суудаг. Тиймээс энэ жил хувьдаа бэлтгэлээ хэн сайн хийж чамбайруулж чадсан нь түрүүлж, үзүүрлэнэ дээ. Мөн энэ жил допингийн асуудал нэлээн яригдсан учир шударга ёс тогтсон сайхан наадам болно байх гэж бодож сууна.

-Тантай сая барилдаж байсан аймгийн заан Б.Бат-Эрдэнэ өсвөрийн барилдаанд дөрвөн жил дараалан түрүүлж байсан шиг санагдаж байна ...

-Тийм. Нас нь бага юм даа. Дөнгөж 20 хүрч байгаа. Өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн. Энэ жил цолыг нь ахиулах үүднээс аймгийн наадамд дахиж барилдуулна.

-Хэдэн кг жинтэй байгаа вэ. Нэлээн өргөн харагдана ...

-160 гаруй байгаа байх. Өсвөрийн барилдаанд үеийнхнээ төвөггүй унагаадаг байсан шүү. Өнгөрсөн жилийн заалны барилдаанд ч давгүй үзсэн.

-Танай галд Монгол Улсын харцага О.Хангайг заалны барилдаанд нэлээн хүчтэй хаясан залуу байдаг даа ...

-Аймгийн арслан С.Бямбадорж. Улсын арслан П.Бүрэнтөгсийг ч дараалан өвдөг шороодуулсан аймгийн харцага Б.Бадрал гэдэг залуу бий. Энэ жил аймгийнхаа наадамд зодоглоно.

-Танай нутгийн бөхчүүд улсын цол хүртэлгүй нэлээн завсардлаа. Энэ жил боломж бий болов уу?

-Би нутгийнхаа улсын цолтой бөхөөс 20 жилийн дараа улсын начин цол хүртсэн. Миний өмнө буюу 1977 онд Ж.Одсүрэн улсын начин цол хүртэж байлаа. Харин 2007 онд А.Цацабшир улсын цолтны эгнээнд багтсан. Тэгэхээр манайханд долоогийн тоо ээлтэй юм уу даа гэж бодох болсон.

-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.

 

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Хатансайхан: Энэ жил допингийн асуудал нэлээн яригдсан учир шударга ёс тогтсон сайхан наадам болох болов уу   
Үзсэн: 3422 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй