Шууд Chart

Г.Ганхуяг: Монгол Улсын арслан Ц.Содномдорж маань энэ жил аварга цол хүртэх байхаа

2020-07-06 17:23:27

Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүч үзэх бөхийн галууд тус тусдаа бэлтгэлээ хангаж, галын наадмаа хийж байна.

Энэ цаг үед манай сайтын сурвалжлах хэсэг Монгол Улсын харцага Г.Элбэгээр ахлуулсан Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний галын наадмыг сурвалжлахаар хүлгийн жолоо залав.

Тус галын бөхчүүд нийслэл хотоос холгүйхэн “Чингисийн хүрээ” жуулчны баазад энэ жил анх удаа бэлтгэлдээ гараад байгаа нь энэ аж.

Өглөө нь тэд Баярт ахай овоондоо гарч, идээ будааныхаа дээжийг өргөчхөөд ирсэн байна. Уг овоо нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт орших Манзуширын хийдийн урд талд байдаг овоог хэлдэг байна. Энэ нь Хотгойд овоо аж. Тодруулбал II дугаар богд Хотгойдоос тодорсны дараа II богдын ээж Баярт ахай энд нүүж ирэхдээ 200 орчим айл дагуулж буурь сэлгэжээ. Гэвч тэд нутаг усаа санагалзсаны эцэст нэгэн овоог Хотгойд хэмээн нэрийдэж, үеийн үед тахих болсон түүх оршжээ. Иймд “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнийхэн ч жил бүр тахиж, залбирдаг болжээ.

Уг ёслолын дараа галын 32 бөхийн барилдаан болж өнгөрсөн жил Монгол Улсын начин цол хүртсэн А.Давааням түрүүлж, улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэв. А.Даваанямын хувьд уг сорилго барилдаандаа гурав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ билээ. 

Харин их шөвөгт аймгийн арслан Ц.Сандагдорж, аймгийн заан Н.Даваахүрэл нар шалгарсан юм.

Харин Монгол Улсын арслан Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр нар зодоглосонгүй.

Баяр наадамд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, улсын харцага Г.Элбэг, Д.Ганхуяг нарыг зэрэг эрхэм уригджээ.

Энэ үеэр “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний зөвлөх, Монгол Улсын харцага Г.Ганхуягаас тодруулга авсан юм.

Г.Ганхуяг: Монгол Улсын арслан Ц.Содномдорж маань энэ жил аварга цол хүртэх байхаа

-Манай аймгийн бөхийн дэвжээ байгуулагдаад 20 дахь жилтэйгээ золгож байна. Монгол Улсын хүчит заан С.Хүрэлбаатар багш маань санаачлан гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдин, улсын арслан Бадамсэрээжид нарын зэрэг түүхт хүчтэнүүд “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний тулганы анхны галыг асааж байлаа.

-Бөх сонирхогчид Монгол Улсын арслан Ц.Содномдоржийг энэ жил түрүүлэх болов уу хэмээн таамаглаж байна. Харин та юу хэлэх бол ...

-Ц.Содномдорж өөрөө их сайхан хүн. Бөхийн ёс жудгийг эрхэмлэн дээдэлдэг залуу. Тиймдээ ч үндэсний бөхчүүдээсээ хамгийн их дэмжигчтэй. Түүнийг даваасай гэсэн энерги бөхийн дэвжээнд маш их цугларч байдаг. Бид ч энэ жил улсын аварга цолтноо тосч авна гэж найдаж байгаа. Нэмж хэлэхэд улсын баяр наадмын долоогийн даваанаас хойш бөх нь үлддэг цөөхөн аймгийн нэг нь манайх. Мөн улсын цол хүртэх магадлалтай аймгийн арслан цолтой 4-5 залуу бий. Тодруулбал хурц арслан Н.Баттүвшин, аймгийн арслан Э.Баасанжав, Ц.Сандагдорж нарын зэрэг.

-Арслангийн бэлтгэл ямар байгаа вэ?

-Ер нь сайн байгаа. Монгол Улсын харцага Г.Элбэг ах түүнд зөвхөн зөвлөж байгаа. Үндсэн бэлтгэлээ бол арслан өөрөө л тохируулж хийгээд сурчихсан. Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрийн бэлтгэл ч давгүй байгаа. Даншгийн наадамд түрүүлснээсээ хойш 10 гаруй барилдаанд дандаа дээгүүр барилдсан. Амжилтын эрэмбээрээ ч нэгдүгээрт бичигдэж байгаа. 

-Өнгөрсөн жил танай нутгийн бөх А.Давааням улсын начин цол хүртсэн болохоор булган сүүлтэй байх байлгүй дээ ...

-Ёстой тийм. Манай аймгийн Галт сумын харьяат залуу. Ялангуяа том наадамд амжилттай сайн барилддаг давуу талтай.

-Танай галд хэдэн бөх бэлтгэл хийж байна вэ?

-30 гаруй бөх гарч байна. “Чингисийн хүрээ” жуулчны баазад анх удаа гарлаа, сайрхан байна. Өмнө нь “Цэцэгт нуга” амралтад гардаг байсан.

-Ярилцсанд баярлалаа.

 

























Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ганхуяг: Монгол Улсын арслан Ц.Содномдорж маань энэ жил аварга цол хүртэх байхаа  
Үзсэн: 9495 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй