Шууд Chart

Улсын баяр наадам үүссэн түүх

2020-07-07 09:04:20

Монгол үндэсний их баяр наадам нь эртний уламжлалтай Монгол түмний их түүхийг агуулсан арвин их түүх билээ. Монгол түмэн хотол олноороо цэнгэн баярладаг, өргөн дэлгэр утгаараа улсын цол олгож байсан Долоон хошуу даншиг наадам, Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам болон Цэргийн наадам бүгд улсын хэмжээний том наадам билээ.

VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 )-ийг нас барсны дараагаар Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадмыг отголж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан тусгаар тогтсоны дараа Улсын II бага хурлаас Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам, Цэргийн наадам хоёрыг хамтруулан Ардын наадам болгон Нийслэл хүрээг чөлөөлсөн гэх өдөр буюу 1921 оны билгийн тооллын зургаан сарын шинийн зургаан нь аргын тооллын долоон сарын арван нэгэн байсан тул баяр наадмыг жил бүрийн энэ өдөр бөх барилдуулан, морь уралдуулан, сур харвуулж эрийн гурван наадам зохион байгуулах шийдвэрийг 1925 оны таван сарын арван тавны өдрийн Засгийн газрын тогтоолоор баталжээ.

Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн буюу 1946 оноос Ардын наадмыг өөрчлөн " Ардын хувьсгал ялсны ой " гэж тэмдэглэх болсон бөгөөд 1990 оны Ардчилсан хувьсгал ялан улмаар Монгол Улс нэг нийгэмээс нөгөө нийгэмд шилжин хоёр намын тогтолцоо үйлчилж бүх орон даяар сонгуульт ажил зохион байгуулагдсан бөгөөд 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадмыг Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн.

Улмаар 2006 онд " Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болгон " өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд одоогоор улсын баяр наадмыг Ардын хувьсгалын ой, Тулгар төрийн ой, Их Монгол улсын байгуулагдсаны ой зэрэг тодотголтой хамтруулан тэмдэглэж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын баяр наадам үүссэн түүх   
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй