Шууд Chart

Д.Онон: Түрүүлэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг үнэн

2020-07-08 12:03:01

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононтой ярилцлаа.

-Хурдан морины өнгө зүс нэг их гялтайгаад байх нь сайн уу?

-Сайн биш ээ. Морины уяа мултрах, дутах хоёрт морины зүс гялтайдаг. Гялгар өнгийг дарж уралд гэдэг. Уяа морины ажил дутаад байвал сөрж таргална, агсарна.

-Тэгвэл түрүүлэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг үнэн үү?

-Үнэн. Монгол Улсын алдарт уяач Д.Батчулууны хээр морь 1994 онд улсын баяр наадамд түрүүлсэн дээ. Тэр морины амыг уралдах өглөө нь сөхөж үзэхэд тагнайд нь хурууны өндөг дарам хар мэнгэ урган, үүдэн шүдэндээ бараг тулсан байж билээ.

-Хурдан морины арьс ямар онцлогтой байдаг вэ?

-Хурдан тусмаа арьс нь нимгэн байдаг. Хичнээн элбэг дээлтэй юм шиг арьстай нь илүү сайн давхидаг. Зузаан арьстай, хүйтэн өндөрлөг газрын морьд бяр ихтэй л байдаг юм. Нимгэндүү өргөн арьстай моринд дор хаяж бариа байдаггүй. Барьчихаад явсангүй гэж ярьдаг даа. Арьс султай нь зүгээр.

-Зүүн талын адуу хурдан байдгийн нууц юу вэ?

-Байгаль орон, хүний оюун ухаан, хөдөлмөртэй холбоотой. Хужир устай, цагаан таруу газар ч амьтны хөлийн хурдыг шалгана шүү дээ. Тавиу газар явж байгаа юм чинь. Тэрэнтэй холбоотой. Арай дулаандуу, тавиу газрын малын арьс хөрс нь адаглаад нимгэн байна биз дээ. Нөгөөтэйгүүр хамгийн гол юм гэвэл Хар дэл жанжин бээс М.Пүрэвжав ноёны бий болгосон хурдны чиглэлийн удам угшлын нутаг орон тэнд байна. Оюун ухаан, хүч хөдөлмөр зарж хурданыг бий болгодог болохоос энэ л хурдан юм гэнэ билээ гэж дуулдсан газраасаа нэг үрээ авчирчаад л тэр нь учир зүггүй түрүүлж, түмэн эх болоод ч байдаг юм бас биш шүү дээ. Монгол адуу бол уналга эдэлгээний зориулалттай, бяртай чийрэг болохоос хурданы чиглэлийн юм биш шүү дээ. Шинжлэх ухаанчаар, бодлогоор хандаж, удам угшил бий болгосон болохоор Хэнтий, Сүхбаатар чигийн морьд ноёлж байгаа нь тэр.

-Адууныхаа цусыг холдуулах гээд хаа хамаагүй газраас азарга, гүү авч ирж хураалгадаг. Энэ ер нь зөв үү?

-Хаа хамаагүй газрын л юмнуудтай хольж сүлээд байх нь утга учир муутай. Өөрийнх нь эвсэл дотор аятайхан байлгах л хэрэгтэй юм. Удам цус нь холдоно гэдэг чинь өөрийнхөө тэр үндсэн генээсээ улам л холдоод анхных нь эзэн хараад ч танихын аргагүй юм болгочихож болохгүй шүү дээ.

-“Хас тав, Хос тав” гэж ярьцгааж байх нь дуулддаг. Энэ юу гэсэн үг вэ?

-Хурдан морины сударт таван охин даагыг нэг эр дааганд өгнө. Гарсан эр төл нь “Хас тав “ азарга болно. Охин төл нь “Хос-5” гүү болно гэж бичсэн байдаг юм. Одоо бараг ойлгохгүй. Юу гэсэн үг юм гэвэл өмнөх таван үеийг нь мэдсэн байх шаардлагатай. Тав гэдэг нь ердөө л энэ. Дээр үеийн улсууд “Хас 5”, “Хос 5” гэж судар хөтөлж, мэддэг байсан байхгүй юу. Бүр тооны ухааны томъёо шиг болгоод. Мориныхоо хэдэн үеийн түүхийг мэддэг байсан хэрэг.

-Морийг арслан, гөрөөс, хандгай, туулай, мэлхий шинжтэй гэхчилэн гадна төрх байдлаар ангилдаг. Таны хээр морь ямар шинжид хамаарах адуу байсан бэ?

-Хандгай язгуурт хамаарна. Тархи толгой, дал мундаа ... гээд л. Цоллуулаад зогсч байхад амыг нь ангалзаж байхыг нь харсан бол уруул ам нь дарвайчихаад яг тулаад харахад нимгэн биш, мундаг. Духны яс, хамрын савхан яс эд нар чинь маягтай шүү дээ. Барагтай морь дэргэд нь ирээд зогсход дарагддаг байсан юм шүү дээ.

-Монгол Улсын өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн, олон хурдан буян цугласан “Их хурд-2” наадмыг би их тод санаж байна. Их насны морьд гарах гэж байхад “Манай уяан дээрээс дөрвөн морь баттай айрагдана” гэж байсныг чинь санаж байна. Үнэхээр сэтгэлд чинь баттай багтаж байсан болоод л тэгж ам гарсан байх даа?

-Өөрийнхөө уяаны морьдыг эрхэтгүй гадарлалгүй дээ. Морьд гарахын өмнө хүний уяан дээр очоод өөрийнхөө морьдтой дүйцүүлж харахад илүү бол илүү, дутуу бол дутуу нь дурайтал харагдана шүү дээ. Хүний морийг бол өөрийнхөөсөө илүү мэддэг юм шүү.

-Тэр наадмын их насны морьд ирхэд нээрэн таны хээр морь түрүүлж, хоёр ч морь чинь айрагдсан. Тэр том наадмын эхний тавд гурван морь багтаана гэдэг гайхалтай үйл явдал. “Дөрвөн морь чинь ирвэл энэ унаж яваа жипээ өгье” гэж байсан залуу хэлсэн амандаа хүрэх байсан болов уу?

-Хар морь (Бурхан болооч Т.Энэрэлтийн хар) бол эхний тавд ирэх байсан. Гарахдаа хөлөө эвгүй гишгичихээр нь замд татуулчихсан юм. Намайг тэгж “өвчигнөж” байхад “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар нээрэн тэгж хэлж байсан юм байна шүү.

-За та сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Онон: Түрүүлэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг үнэн   
Үзсэн: 3452 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй