Шууд Chart

Д.Ганчимэг: МҮОНТ хоёр том контентоо баяр наадмын өдрүүдээр нээж, үзэгчиддээ хүргэнэ

2020-07-09 12:33:17

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ жилийн баяр наадам дэлхий дахинд “COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор үзэгчгүй зохион байгуулагдана гэдгээрээ онцлог. МҮОНРТ Үндэсний их баяр наадмыг телевизийн тав, радиогийн нэг, цахимаар хоёр сувгаар шууд дамжуулан үзүүлнэ. Тэгвэл Монголын үндэсний олон нийтийн mелевизийн Ерөнхий продюсер Д.Ганчимэгээс баяр наадмын өдрүүдээр МҮОНТ-ээр наадамчдад хүрэх хөтөлбөр, нэвтрүүлгүүдийн талаар тодрууллаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. МҮОНТ-ээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үзэгчдэд хүрэх баярын хөтөлбөр, контентуудын талаар мэдээлэл өгөөч?

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш, монголчуудын өв уламжлалын билэгдэл Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг жил бүр дамжуулж, үзэгч олныхоо хүртээл болгосоор ирсэн. Энэ жилийн наадам дэлхий дахинд “COVID-19” вирусийн цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тодорхой хэмжээнд онцлогтой, үзэгчгүйгээр онлайн хэлбэрээр зохион байгуулагдах нь байна. МҮОНРТ Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хөтөлбөр, контентоо техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн хүргэж нийтийн хүртээл болгодог. Энэ дагуу үзэгч түмэндээ Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан, морины уралдаан, сур, шагайн харвааг шууд дамжуулан үзүүлнэ. Үзэгчдийгээ жил бүр үзэж дассан телевизээрээ, нэвтрүүлэгч, уран бүтээлчдийн тайлбар, дамжуулалтаар баяр наадмын хөтөлбөрөө хүлээн авч үзээрэй гэж хэлмээр байна.

-Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулахаас гадна баярын ямар тусгай хөтөлбөрүүд үзэгчдэд хүрэх вэ?

-. Тухайлбал, МҮОНТ буюу нэгдүгээр суваг ардын өв уламжлалыг тээгч нарын тухай, олон үе уламжлагдан ирсэн ч мартагдаж алга болох дээрээ тулаад буй үндэсний ёс заншлуудын талаар, баяр наадмын үүх түүх, жил жилийн Үндэсний их баяр наадам ямар онцлогтой болж өнгөрсөн талаар, залуучууд руу чиглэсэн дуу хууртай, энтертайнмент нэвтрүүлэг концерт болон шинэ том төслүүд зэрэг олон арван контентуудыг бэлтгэж байна. Үүнээс гадна баяр наадмын өдрүүдэд болж буй үйл явдлын талаарх шууд шуурхай, мэдээ мэдээллийн хөтөлбөр, ярилцлагын нэвтрүүлгүүд “Монголын мэдээ” сувгаар, бөх, морь, сур зэрэг үндэсний спорттой холбоотой нэвтрүүлэг, контентууд “MNB Sport” сувгаар, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр, арга хэмжээ болон холбоотой мэдээ мэдээллүүд дэлхийн хэлээр “MNB World” сувгаар,  нас насны үзэгчдийн сонирхолд нийцсэн, хүүхэд гэр бүлд чиглэсэн, баяр наадмын контентууд “MNB гэр бүл” сувгаар үзэгчдэд хүрнэ. Мөн баяр наадмын шууд хөтөлбөрийг болон баярын контентыг цэнхэр дэлгэцээр үзэх боломжгүй байгаа болон гадаад байгаа монголчууддаа Mongolian national broadcaster, MNB.mn фэйсбүүк хуудсаар хүргэнэ. Үүнээс гадна MNB.mn сайт Үндэсний их баяр наадамтай холбоотой хөтөлбөр, контент, мэдээ, сурвалжилга нийтлэлийг цаг алдалгүй түргэн шуурхай уншигчдад хүргэх юм.

МҮОНРТ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй телевиз, 50 гаруй радиогоос хамгийн өргөн хүрээг хамардаг, хамгийн олон сонсогч, үзэгчтэй. Алс хязгаар нутаг усанд ажиллаж, амьдарч байгаа үзэгч, сонсогчиддоо ч бүрэн дүүрэн хүрдэг, олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээ, хөтөлбөр хүргэдэг, олон нийтийн талд бат зогсдог цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээрээ онцлог. Тиймдээ ч МҮОНРТ-ийн салбар нэгжүүд, бүх уран бүтээлч, инженер техникийн ажилтан үзэгч наадамчдынхаа мэлмийг баясгаж, сонорыг мялаах контентуудыг бэлтгэхээр ханцуй шамлан ажиллаж байгаа.

-МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар баяр наадмын өдөр үзэгчдэд хүрэх контентуудаас цухас дурдаач?

-МҮОНТ баяр наадмын шууд дамжуулалтуудаас гадна хоёр том контентоо баяр наадмын өдрүүдээр нээнэ. Үүний нэг нь болох “Тусгаар тогтнолын товчоон” баримтат киноны эхний бүлгийг өнгөрсөн жил үзэгчиддээ хүргэсэн. Харин “Тусгаар тогтнолын товчоон” бүтээлийн хоёрдугаар бүлэг энэ сарын 6-16-ныг дуустал үзэгч түмэнд хүрэх юм. Дараагийн том контент болох “Торгон цэргүүд” 12 ангит киноны эхний ангиудыг баяр наадмын өдрүүдээр үзэгчиддээ хүргэнэ.

МҮОНРТ жил бүх олон ангит хоёроос доошгүй киног бүтээн үзэгч олондоо хүргэдэг. Хэдий энэ жил хөл хорионы дэглэмтэй байсан ч гэлээ уран бүтээлүүдээ хойшлуулалгүй төлөвлөсөн хугацаандаа бэлтгээд явж байгаа. Харин хоёр дахь олон ангит кино ирэх намар нээлтээ хийж, үзэгчдэд хүрнэ.

Мөн Монголчуудын хувьд ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож байгаа. МҮОНТ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу энэ том тэгш ойг угтан Үндэсний харваачдын холбоотой хамтран “Алдар харваа” танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлгийг бүтэн жилийн турш бэлтгэхээр төлөвлөсөн. Тэгвэл “Алдар харваа” үндэсний бренд контентын нээлтийн дугаар Үндэсний их баяр наадмаар үзэгчдэд хүрнэ.

Түүнчлэн “Бүүвэй” контенпрари нэвтрүүлэг үзэгчиддээ хүргэнэ. “Бүүвэйн дуу”-г зөвхөн ээж нар дуулдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл монголчууд аавууд дуулдаг“Бүүвэйн дуу”-тай байжээ. Энэ нэвтрүүлгээр аавуудын “Бүүвэйн дуу”-ны үүх түүх, хөг ая зэрэг бүхий л сонирхолтой баримт мэдээллийг хүргэнэ. Мөн Монгол үндэстэн бий болсон цагаас энэ газар оронд уянгалсан үүх түүхтэй уртын дууг онцолж, “Уяхан замбуу тивийн наран” баримтат уран сайхны нийтлэл бэлтгэсэн. Өдгөө 74 настай Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дууч Г.Дадьсүрэнгийн соёлын үнэт өвийг МҮОНРТ-ийн Алтан сан хөмрөгт мөнхжүүлсэн. Г.Дадьсүрэн гуай бол Монголын урьд болон өнөө цагийн уртын дууны олон мастерын багш гэдгээр хүмүүс мэднэ. Үүнээс гадна баяр наадмын дөрвөн өдөр “Монгол түмний наадам” Өглөө хөтөлбөр хүрнэ.

МҮОНТ “Чингис хаан” одонт хүртсэн “The Hu” хамтлагийн УОК-т хандив өргөх “Гэрэг” тоглолтын шууд дамжуулсан үзүүлсэн бол энэ удаад баяр наадмын өдрүүдээр концерт, тоглолт хэлбэрээр цэнхэр дэлгэцээр хүргэх гэж байна. Мөн дунд насны үзэгчиддээ зориулсан эстрад хит дуунуудыг нэхэн сануулахаар  1990-ээд оны хит дуунууд “Эргэн дурсахуй” теле концерт, нэвтрүүлгийг үзэгчиддээ өргөн барина. Мөн бага насныхан, хүүхэд багачуудад зориулан Монголын хүүхдийн ордонтой хамтран “Цэцгэн хээтэй наадам” хүүхдийн дууны концертыг хүргэхэд бэлэн болсон. Үүнээс гадна МҮОНТ-ийн нэвтрүүлэг, хөтөлбөрүүд баяр наадамд зориулсан тусгай дугаараа үзэгч олон түмэндээ өргөн барина.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Төгсгөлд хэлэхэд МҮОНРТ-тэй хамт байдаг үзэгч олон түмэндээ баярлалаа гэж хэлэхийн сацуу Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг дамжуулах гэж байгаа, баярын хөтөлбөр контентоо хүргэх гэж байгаа МҮОНРТ гэсэн энэ өнөр өтгөн “өрх айл”-ын гишүүн бүртээ амжилт хүсч, баярлаж талархаж буйгаа хэлье

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Ганчимэг: МҮОНТ хоёр том контентоо баяр наадмын өдрүүдээр нээж, үзэгчиддээ хүргэнэ  
Үзсэн: 2060 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй