Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп Германаас цэргээ гаргах шийдвэрээ зөвтгөв

2020-07-31 12:16:12

АНУ-ын эрх баригчдын Германы нутаг  дэвсгэр дэх  Америкийн цэргийн албан хаагчдын тоог цөөрүүлэх шийдвэр багагүй маргаан үүсгэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Германы НАТО дахь хамтын ажиллагааны хүрээнд төлж байгаа мөнгөтэй нь харьцуулахад тус улсын нутаг дэвсгэрээс гаргах цэргийнх нь  тоо  ч харин ч хангалтгүй  гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа Герман улс  дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувьтай тэнцэх  хэмжээний  татвар төлөх гэж яарахгүй байгаа учир тус улс ийм арга хэмжээ авч байгаа гэжээ. Мөн Герман улс ОХУ-т жил  бүр олон тэрбум ам.долларын эрчим хүч  худалдан авч байхад АНУ Берлинийг яагаад Оросоос хамгаалах ёстойг ойлгохгүй байгаагаа бичсэн байна. АНУ-ын засаг захиргаанаас Германаас цэргээ гаргах  тодорхой төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэ дагуу Вашингтон АНУ-ын зэвсэгт хүчний Европ дахь командын төв байрыг Штутгартаас  Бельгийн Монс руу  шилжүүлэхээр  болсон байна. Харин Германы нутгаас гаргах Америкийн цэргийн албан хаагчдын тоо өмнө  нь мэдээлж байснаар 9500 биш харин 11900 болохыг тус улсын батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгдсэн юм. Америкийн  цэргүүдийн 5600-г нь Европын бусад орнуудад байрлуулах бол 6400 нь нутаг буцах юм байна. Ингэснээр АНУ Герман дахь цэргийн хүчнийхээ тоог 3 дахин  бууруулж байгааг шинжээчид тэмдэглэж байна.

Гэхдээ энэ алхам нь Пентагон Европ дахь аюулгүй байдлыг хангах бүтцэд өөрчлөлт оруулахыг хүсч байна гэсэн үг биш болохыг мэргэжилтнүүд  тэмдэглэж байна.

Энэ талаар Германы цэргийн шинжээч Томас Вигольд, "Пентагон  Ерөнхийлөгч  Трампын Германд сануулга өгөх хүсэл шаардлагыг биелүүлэх  тушаал  авсан нь  тодорхой.  Гэхдээ аль болох  Европ дахь  ашиг сонирхлоо аюул эрсдэл  оруулахгүй байх шийдвэр гаргаад байна гэж би харж байна. Бавари,  эсвэл  өмнөд  Штутгартад байрлаж байгаа Америкийн цэргийн тоо эрс багасах байх. Гэхдээ Германд Америкийн 24 мянган  цэрэг үлдэнэ. Мөн Батлан хамгаалах  зориулалттай  байгууламжууд,  цогцолборуудаа  үлдээх л болно." гэжээ.

Германы  батлан хамгаалахын яамнаас  одоогоор Вашингтоны шийдвэрт албан ёсны  тайлбар  хийгээгүй байна. Харин Вашингтоны шийдвэрийг албан ёсоор хүлээн авсныгаа Бундестагт мэдээлжээ.  Энэ хооронд Европ дахь АНУ-ын хуурай замын  цэргийн хүчний командлагч асан, чөлөөнд гарсан дэслэгч генерал Бенжамин Ходжис цэргээ  гаргах шийдвэрийг Кремльд  барьсан бэлэг хэмээн эрс  шүүмжилж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр  "ХБНГУ дахь АНУ-ын цэргийн хүчин дан ганц тус улсыг батлан хамгаалах  зорилготой  биш. Энэ нь Европ, Африк, Ойрхи Дорнодод цэргийн ажиллагаа явуулахад  шаардагдах бааз  түшиц  газар гэдгийг  мартаж болохгүй" хэмээн анхааруулсан  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп Германаас цэргээ гаргах шийдвэрээ зөвтгөв  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй