Шууд Chart

АНУ: Технологийн томоохон компаниудад арга хэмжээ авна

2020-07-31 12:31:51

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресс хариуцлага тооцож чадахгүй бол Амазон, Фэйсбүүк, Аппль, Гүүгл зэрэг технологийн томоохон компаниудын эсрэг зарлиг гаргаж  арга хэмжээ авахаа  мэдэгдлээ.  Тэрбээр  технологийн компаниудыг монополийн эсрэг хуулийг зөрчиж байгаа тухай олон жил  яригдаж буй  ч шийдвэртэй  арга  хэмжээ авч  чадахгүй өнөөг хүрснийг сануулсан юм.

Түүнчлэн АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп, "Төлөөлөгчдийн танхимын тусгай хорооны сонсголыг бид анхааралтай ажиглаж байна. Гэхдээ технологийн томоохон  компаниуд  муу зүйл хийж  байгаад  эргэлзэх зүйл огтхон ч байхгүй." гэжээ.

Өчигдөр  АНУ-ын Конгресст тус улсын томоохон 4  компанийг үндэслэгчийг оролцуулсан сонсгол эхэллээ.  Конгрессын төлөөлөгчдийн танхимын  Хууль зүйн  хорооны   монополийн эсрэг  дэд  хорооны  энэ сонсголд Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг,  Амазоны  тэргүүн  Жефф  Безос, Гүүглийг эзэмшигч  Алфабетийн  Ерөнхий захирал  Сандар Пичем, Апплийн  Ерөнхий захирал  Тим Кук нар  оролцсон  юм. 

Америкийн  хууль тогтоогчид, Ерөнхийлөгч Трамп технологийн их 4-ийг зах зээлд   монополь тогтоож,  улс  орны  эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн гэж  буруутгаж  ирсэн юм. Харин өчигдрийн сонсголын үр дүнд технологийн компаниудын удирдлага Ерөнхийлөгч болон  хууль тогтоогчдын  хардлага  үндэслэлтэйг  баталсан мэдүүлэг өгснийг  дэд хорооны  дарга   Дэвид Сисилини мэдэгдсэн юм. Гэхдээ  компанийн удирдлагууд монополь  тогтоосноо  няцааж  харин ч хүчтэй  өрсөлдөөн  дунд  байдгаа мэдүүлсэн байна.  Мөн  компаниудынх нь үйл ажиллагаа  эдийн засаг бизнест  тус дэм болж байгааг мэдэгдсэн  байна.  Технологийн компаниудын удирдагчид сонсголд видео холбоогоор оролцож 5 цагийн туршид хууль  тогтоогчдын асуултад хариулсан  байна.  

Энэ үеэр  Facebook компанийн Ерөнхий захирал Марк Цукерберг, "Гүүглийнхэн Юутюбийг худалдан авч байхад кабелын сувгийн үйлчилгээ эрхлэгчтэй хүчтэй өрсөлдөхөөр байсан. Амазон Воол Фоодсмйн худалдан авахад Крогерс, Валмарт гэж өрсөлдөгчид байсан. Манай компанийхан  Ваттсапийг худалдан авч байхад 10 центээр мэссэж  илгээдэг холбоо харилцааны компаниуд  өрсөлдөгч  болж байсан. Тэгвэл өнөөдөр хүмүүс үнэ  төлбөргүйгээр  бичлэг үзэж,  бүтээгдэхүүн худалдан авч хүргүүлж, мэссэж бичдэг болоод байна.  Энэ чинь л өрсөлдөөн" гэсэн юм.

Мөн "Apple" Ерөнхий захирал Тим Кук, "Энэ мөрдөн шалгах  ажиллагаа, сонсгол  зөв зүйтэй гэж  үзэн би  энд  мэдүүлэг өгч байна. Бид энэ үйл явцад  хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа ч баримт нотолгоотой зүйл дээр буулт хийхгүй. Зах зээлд  бид  монопольдоогүй. Худалдан авагчдын 99 хувь нь  манай бүтээгдэхүүнд  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлдэг. Гэхдээ үйлчлүүлэгч бүрт маань сонголт хийх маш өргөн  боломж бий гэдгийг мэддэг учир хүчтэй  өрсөлдөөн  дунд байдаг" гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Технологийн томоохон компаниудад арга хэмжээ авна  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй