Шууд Chart

ГХЯ-ны “Мэдээллийн цаг” арга хэмжээ болов

2020-07-31 13:03:56

Өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нд ГХЯ-ны ээлжит “Мэдээллийн цаг” арга хэмжээ болов. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт Н.Энхтайван сайдын гадаадын Элчин сайд нартай хийсэн уулзалт, арга хэмжээ болон Монгол Улс өөрийн хөрш 2 оронтой хөгжүүлж буй харилцаа, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэхэд тус яам ямар арга хэмжээ авч байгаа болон КОВИД-19 цар тахалтай холбогдуулан гадаадад байгаа монгол иргэдээ татан авах ажлын талаар товч мэдээлэл өглөө. Арга хэмжээнд Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар оролцов.  

Хөрш орнуудын газар: ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт.  Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалах хүрээнд Монгол Улсын шинэ Засгийн газар “ОХУ, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлнэ. Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилт дэвшүүлсэн. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны гол механизмуудын үйл ажиллагааг тогтвортой явуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх, соёл боловсрол, хүмүүнлэг зэрэг бусад бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг  зорин ажиллаж байна.

Н.Энхтайван сайд үүрэгт ажлаа хүлээн авсны дараагаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр утсаар ярьсан.  Түүнчлэн Н.Энхтайван сайд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.АзизовБНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй нарыг хүлээн авч уулзсан.         Энэ үеэр хоёр талын болон гурван талын хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлж буй зорилт, ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцсан. Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх , ЗГХК зэрэг механизмын уулзалт болон ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах, тулгарч буй амаргүй нөхцөл байдалд хөрш орнуудтай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сэргээх асуудалд онцгой ач холбогдол өгч ярилцсан. Ялангуяа манай голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн баяжмалын экспортыг тогтвортой явуулах, улмаар хэмжээг нэмэгдүүлэх,  хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулах талаар тохиролцсон.

Цар тахалтай хамтран тэмцэж буй амаргүй нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд чиглэсэн тодорхой тохиролцоонд хүрч хэрэгжүүлж буй арга зам нь  Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журам юм. Түр журмаар манай улсаас тээврийн үйл ажиллагаа эрхлэж буй жолооч нар болон хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцох шаардлагатай инженер техникийн ажилтнууд, хоёр улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд зорчих нөхцөлийг хялбаршуулж байна. “Ногоон гарц”-ын журмын дагуу нөгөө улсад зорчихоор хүсэлт гаргагч нь зохих процедурын дагуу зөвшөөрөл авч, ковид 19-ийн  шинжилгээ хийлгэж, хил нэвтэрсний дараа тухайн улсын халдвар хамгааллын холбогдох журам, горимыг баримтлана. “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлж буй нь зайлшгүй шаардлагатай иргэд зорчих боломжийг нээж, ачаа барааг шуурхай нэвтрүүлэх, хэрэгжиж буй томоохон төслүүдийг урагшлуулахад тус дөхөм үзүүлэх юм.

Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар: Шинэ Засгийн газар гадаад худалдаа, ялангуяа экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч байгаа саад, хүндрэлийг багасгаж хөнгөвчлөхөд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна. Ковид-19 цар тахлын улмаас эдийн засагт бий болсон нөхцөл байдал ч худалдаа, экспортын чиглэлээр идэвхтэй ажиллахыг шаардаж байна. Н.Энхтайван сайд үүрэгт ажлаа авснаас хойш Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нартай хийсэн уулзалтын гол сэдвийн нэг нь экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгоход хамтын ажиллагааг чиглүүлэх асуудал байлаа.

Гадаад худалдаа, экспортыг дэмжих хүрээнд ГХЯ дараах үндсэн чиглэлд анхаарал тавьж ажиллаж байна. Үүнд:

  1. Хөрш улсуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
  2. Гуравдагч хөрш болон бусад улстай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  3. “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  4. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд оролцох.

ОХУ, БНХАУ-д Худалдааны төлөөлөгчийн газрыг бэхжүүлж, БНХАУ-д гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүн түүний дотор мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргахад анхаарч байна. Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөтэй худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг урагшлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь ОХУ-тай худалдааны харилцааг нэмэгдүүлэхэд чухал алхам болно.

АНУ, Япон Улс, ЕХ-той эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмыг харилцан тохирч, эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Мөн БНСУ, Энэтхэг Улстай худалдааны харилцааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна.  Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалтын орчны ил тод, хариуцлагатай байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүч чармайлт тавьж ажиллах шаардлага бий.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн “Монгол экспорт” хөтөлбөр өмнөх Засгийн газар хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрийн дараагийн шат болгон экспортын эрх зүйн орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандарт хангасан бараа, үйлчилгээг хөгжүүлэх, үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангахад анхаарч ажиллаж байна. Экспортын нөөц боломжтой, монголын онцлог бүхий бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, гадаад зах зээлд гаргахад Европын холбооны “Монголын худалдааг дэмжих” төсөл тодорхой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж байна.

Худалдааг харилцан либералчлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаан дахь тарифын ба тарифын бус мөн худалдааны бусад саад тотгорыг арилгах зорилгоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг УИХ 2019 онд соёрхон баталсан. Энэ хэлэлцээр 2021 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хэлэлцээрт манай худалдааны гол түншүүд БНХАУ, БНСУ-аас гадна БНЭУ, Бангладеш, Лаос, Шри Ланка нэгдэн орсон. АНДХХ нь 2,6 тэрбум гаруй хэрэглэгчтэй зах зээл бөгөөд энэ хэлэлцээрийн тал болсноор эдгээр 6 улсад нийт 10667 нэр төрлийн бараанд 5%-100% хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.

Консулын газар:  УОК-ын шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 15,018 иргэнийг хилийн чанадаас татан авсан байна. Үүнээс:

– 46 удаагийн тусгай үүргийн нислэгээр 9007 иргэнийг,

– Монгол, Оросын авто замын Алтагбулаг-Хиагт хилийн боомтоор 1735,

– Монгол, Хятадын авто замын Замын-Үүд-Эрээн хилийн боомтоор 4276 иргэн буюу нийт 6011 иргэнийг тус тус татан аваад байна.


ГХЯ-ны “Мэдээллийн цаг” арга хэмжээ болов  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй