Шууд Chart

Элчин сайд Раул Дэлгадог хүлээн авч уулзав

2020-07-31 14:15:54

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2020 оны долоодугаар сарын 31-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Раул Дэлгадо Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэсэн БНКУ-ын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррияагийн мэндчилгээг Сайд Н.Энхтайванд уламжлав.

Сайд, Элчин сайд нар Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний элэгсэг дотно нөхөрлөл дээр бэхжин хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хөгжүүлэхийн чухлыг онцлон ярилцав.

Элчин сайд Раул Дэлгадо хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Сайд Н.Энхтайвантай хамтран ажиллахын төлөө байгаагаа нотолж, кубын тал эрүүл мэнд, биотехнологийн салбарын туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлын эсрэг Куба улсын авч хэрэгжүүлж буй хүч чармайлтыг сайшаан тэмдэглэв. Мөн аялал жуулчлалын салбарт олсон Кубын туршлагаас суралцаж, хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.

Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байна. Энэхүү түүхт ойг тэмдэглэх хүрээнд талууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулав. Мөн “Mongolia today” сэтгүүлд Монгол, Кубын харилцааны 60 жилд зориулсан тусгай дугаар гаргаж, “Монголын нууц товчоо”-г испани хэл дээр хэвлүүлээд байна.


Элчин сайд Раул Дэлгадог хүлээн авч уулзав   
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй