Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп ирэх 11-р сард болох сонгуулийн товыг хойшлуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийллээ

2020-08-01 10:51:55

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11-р сарын 3-нд товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахыг хүсэхгүй байгаа ч шуудангаар санал өгөхийг эсэргүүцэж буйгаа дахин мэдэгдлээ. Тэрээр өчигдөр "Ковид-19"-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор шуудангаар саналаа өгөх хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Гэхдээ Ерөнхийлөгч Трамп сонгогчдыг шуудангаар саналаа өгөхийг нь болиулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хойшлуулж болох эсэх асуудлыг хөндсөн байсан юм. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намынхан төдийгүй  Бүгд найрамдах намынхны зарим гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлээд амжсан юм. 

Мөн тэрээр иргэд сонгогчдын ихэнх нь шуудангаар санал өгөх юм бол дэлхий нийтийн доог тохуу болно гэдгийг анхааруулсан юм. Харин олон нийтийн сүлжээнд ирэх  11-р сарын сонгуулийн товыг хойшлуулах боломжтой тухай бичсэн нь шуудангаар санал өгөхийн сөрөг талыг тайлбарлах гэсэнтэй нь холбоотой гэж мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Трамп энэ онд зохион байгуулсан намын дотоод сунгааны үеэр ч шуудангаар илгээсэн олон арван мянган саналыг тооллогод хамруулаагүй алдаа завхрал гарсныг сануулж байлаа. Сонгуулийн товыг хойшлуулахтай холбоотой асуудал ийнхүү хөндөгдсөнтэй холбоотойгоор Америкийн мэргэжилтнүүд, хуульчид ийм боломж бий эсэх тухайд өмнө нь хэлэлцэж байсныг эргэн сануулж байна.

Тодруулбал, сонгуулийн товыг хойшлуулахад тун амаргүй. Үүний тулд сонгуулийн зохион байгуулалтыг зохицуулдаг Холбооны хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэдгийг мэргэжилтнүүд сануулж байсан юм. 1845 онд батлагдсан хуулинд Ерөнхийлөгчийн сонгуулийг 11-р сарын эхний мягмар гаригт зохион байгуулахаар заасан байдаг. Тиймээс Конгрессын дээд доод танхим сонгуулийн товыг өөрчлөх хуулийн төслийг санаачлан баталж Ерөнхийлөгчөөр гарын үсэг зууруулах шаардлагатай болно гэсэн  үг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп ирэх 11-р сард болох сонгуулийн товыг хойшлуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийллээ  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй