Шууд Chart

ОХУ-д сонгуулийн санал хураалтыг олон өдрөөр явуулах хууль батлагдлаа

2020-08-02 11:32:50

ОХУ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт орсон тухай "Тасс" агентлаг дамжуулж байна. Орост сонгуулийн санал хураалтыг олон өдрөөр буюу дээд тал нь 3 хүртэлх өдрөөр явуулах боломж шинэ хуулиар нээгдээд байна. Хүний эрхийн байгууллагуудын эрс шүүмжилж байсан энэхүү хуулийн төсөлд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Багагүй шүүмжлэл, маргааныг дагуулсан хуулийн төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин долоодугаар сарын 31-нд гарын үсэг зурсны дараагаар холбооны хуулийн цахим хуудсанд албан ёсоор нийтэлсэн байна. Оросын парламентын танхим болох Төрийн дум болон Холбооны зөвлөл энэ хуулийн талаарх хэлэлцүүлгийг өнгөрөгч сарын эхээр явуулж, дэмжсэн юм.

2021 оны парламентын сонгуулиар шинэ санал хураалтын системийг ашиглана гэдгийг Оросын Сонгуулийн Төв Хорооны тэргүүн Элла Памфилова мэдэгдсэн байна. Ирэх сонгуулиар Оросын нийт 83 бүс нутгийн 43-т нь олон өдрөөр санал хураалт явуулах аж. Дээрх сонгогдсон бүс нутагт санал хураалт есдүгээр сарын 11-нд эхэлж, 13-нд өндөрлөх юм.

Оросын аль бүс нутагт санал хураалтыг олон өдрөөр явуулах эсэхийг сонгуулийн хорооны албаныхан урьдчилан шийдэх ёстой талаар шинэ хуульд зааж өгчээ. Олон өдрөөр үргэлжлэх санал хураалтын системийг үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх нийтийн санал асуулгын үеэр буюу өнгөрсөн зургаадугаар сард анх удаагаа хэрэглэсэн байна. Орос дахь хүний эрхийн байгууллагууд шинэ хууль эрх баригчдад сонгуулийн үр дүнд нөлөөлөх, өөрчлөх илүү таатай боломжийг олгоно гэж хүчтэй шүүмжилж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д сонгуулийн санал хураалтыг олон өдрөөр явуулах хууль батлагдлаа   
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй