Шууд Chart

А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ

2020-08-02 14:03:31

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын саналыг оруулан бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн нийгмийн даатгалын чиглэлээр төслийн хоёрдугаар шатыг урт хугацааны сургалт зохион байгуулахаар болсон. Ирэх есдүгээр сард сургалтын агуулга тодорхой болно” гэв.

Дээрх хоёр төслийн хүрээнд яамны болон сайдын зүгээс саналаа илэрхийлэхийг хүслээ. Цаашид ХНХЯ-тай нийгмийн суурь судалгааны тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт хүрч чадаж байгаа эсэх хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхож байгаагаа дурдлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Яг одоо манай улс нийгмийн даатгалын шинэчлэл хийх цаг үе дээр явж байна. Тэтгэврийн тогтолцоог буруу гэж үзсэн ард иргэдээс хуримтлалын систем рүү шилжинэ гэсэн маш том хүлээлт үүсээд байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шинэтгэлийн хуулийн төслүүдийг олон жил бэлдсэн. Яамны зүгээс актуар тооцоолол хийх шатандаа явж байна. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхтэй холбоотой ажлуудыг хийнэ.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл. Манай улсын хүн амын 65 хувь нь 35 наснаас доош залуус. Хөдөлмөр эрхлэх гэхээр нэг талаасаа ажлын байр байхгүй. Нөгөө талаасаа сул байгаа ажлын байранд тохирох ур чадвартай боловсон хүчин байхгүй. Эрэлт, хэрэгцээ нь нийцэхгүй хөдөлмөрийн зах зээлтэй. Тиймээс хөдөлмөр, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх гэсэн манай яамны гол үндсэн чиглэл танай үйл ажиллагаатай уялдаа холбоотой.

Ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Мөн нийгмийн халамжийн 50-аас дээш хувь нь ядуу бус хүнд очсон гэсэн дүн гарсан. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэх ёстой хүндээ 100 хувь хүрч чадахгүй байна. Тиймээс эхний ээлжинд халамжийн газрын системийг цахимжуулж бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбох ажил хийнэ. Өрхийн мэдээлийн сангаас тухайн өрхийн гишүүн бүрт мэдээллийн сан үүсгэнэ. Ингэснээр халамж үйлчилгээнд хамрагдах иргэд бүрдүүлэх материалаа онлайнаар авах боломжтойгоос гадна тухайн иргэний бүх мэдээлэл гараад ирэх учраас яг халамж авах ёстой хүн мөнүү бишүү гэдэг нь ч тодорхой болно. Мөн манай албан хаагчдад ирэх цаасны ажил буурч иргэндээ үйлчилгээ үзүүлэх цаг зав нь нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөр эрхэлдэггүй, татвар төлдөггүй хэрнээ халамж авдаг бол хөдөлмөр эрхлүүлэх талаас нь анхаарах зэрэг халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ” гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ


А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй