Шууд Chart

Найруулагч Б.Нагнайдоржийн намтар, уран бүтээлийг танилцуулъя

2020-08-04 09:09:07

Монголын кино урлагт усчин хүний тухай хоёр сайхан кино бий. Орос, Монгол хоёр өвгөн Болд, Михайл хоёрын нөхөрлөлийн тухай "Үер", сайхан сэтгэлт Дэнзэн өвгөний сэтгэлийг уран яруу харуулсан "Хүний сайхан сэтгэл".

Иймд сүүлийн киног найруулсан найруулагч Б.Нагнайдоржийн намтар, уран бүтээлийг танилцуулъя.
Бадамсүрэнгийн Нагнайдорж 1946 онд Төв аймгийн Баянчандмань суманд төржээ.
1963 онд тавдугаар арван жилийг төгссөн жаал хүү "Монгол кино" үйлдвэрт гэрлийн техникчээр ажилд орсоноор хувь заяагаараа кинотой холбогджээ.

Улмаар туслах найруулагч, ассистент найруулагч болсон байна. 1969 онд ЗХУ-ын БХКУДС-ийн кино найруулагчийн ангид элсэн орж, 1974 онд төгссөнөөр мэргэжлийн кино найруулагч болжээ.

Төгссөн цагаасаа кино үйлдвэрийг таран тартал ерөнхий найруулагчаар ажилласан юм.

1978 он "Солонгын таван өнгө"
1980 он "Хүний сайхан сэтгэл"
1985 он "Байлдааны даалгавар"
1989 он "Хачин хүн" (найруулагч Б.Балжиннямын хамт)
1993 он "Нүцгэн уулын бэлд"
1993 он "Өв"
1994 он "Шувуухай" кинонуудыг найруулжээ.
Мөн найруулахаас гадна жүжиглэх авъяастай нэгэн билээ.
1965 он "Хүний мөр" уурхайчин залуу
1974 он "Хөдөөгийн баясгалан" бригадын дарга
1977 он "Хөх ногооны униар" конторт шатар тоглогч
1982 он "Хуучин сүм" Баттөр
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Вангин чансаны элч зэрэг дүрээр залуу насаа дэлгэцэнд мөнхөлжээ.
түүнчлэн алдарт "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны жүжигчин хариуцсан найруулагч буюу хоёрдугаар найруулагчаар ажилласан юм.
Б.Нагнайдорж "Харцага" КУДС, Радио, телевизийн дээд сургуульд багшилж олон сайхан шавь төрүүлсэн билээ.
Төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж, 2013 онд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.
Б.Нагнайдорж гуайдаа эрүүл энх байж, урт наслахыг хүсэн ерөөе өө.

Найруулагч Д.Золбаяр


Найруулагч Б.Нагнайдоржийн намтар, уран бүтээлийг танилцуулъя  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй