Шууд Chart

“Бусан хүрэх галт тэрэг” киноны гуравдугаар анги хийгдэнэ

2020-08-04 12:46:13

БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн бүтээл “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” кино 2016 оны наймдугаар сарын 7-нд кино театруудаар гарсан даруйдаа шуугиан тарьж, 2016 оны анхны 10 сая үзэгчтэй Өмнөд Солонгос кино болсон. Тэгвэл дээрх бүтээлийн дараагийн анги “Peninsula” буюу “Хойг” өнгөрсөн сарын 15-нд БНСУ, Сингапур, Тайванд нээлтээ хийж, шуугиан тариад байна. Өмнөд Солонгосын киночид зомбитой кинонд хувьсал хийснийг нотолгоо нь “Netflix”-ийн “Kingdom”, "Train to Busan" болон тус киноны хоёрдугаар анги “Peninsula” гэж хэлэхэд хилсдэхгүй.

“Peninsula” бүтээлд “Train to Busan” киноноос дөрвөн жилийн дараах үйл явдал өрнөх бөгөөд БНСУ-д аймшигт цар тахал гарснаас хойш бусад улс хилээ хэдийн хаасан байдаг. Ийн цар тахалд сүйрсэн тусгаарлагдсан бүсийг “Хойг” хэмээн нэрийдэх бөгөөд амьд үлдсэн хүмүүс өөр өөр улсад цагаачилж амьдарна. Гэхдээ киноны гол үйл явдал “Хойг”-т өрнөх бөгөөд гол дүрийн жүжигчид балгас болсон барилга байгууламжийн дундуур, зомбитой замаар машинтай хөөцөлдөж буй хэсгүүд уг киноны томоохон “чимэг” болжээ. Мөн уг бүтээлийн эсрэг талын дүр нь зомби мэт боловч үнэндээ иргэдийг аврах даалгавартай Хойгт ирсэн аврах ангийн цэргүүд юм. Хойгт хаягдаж, хууль, дүрэм, журмыг мартсан цэргүүд зомбиноос ч аюултай “араатан” болж байгааг найруулагч тод гаргана.

Тус киноны найруулагч Ён Сан Хогийн хувьд 2004 онд өөрийн кино компаниа байгуулж богино хэмжээний болоод бүрэн хэмжээний анимейшн хийж эхэлснээр кино урлагт хөл тавьжээ. Харин 2016 онд гурав дахь бүтээл болох "Seoul Station” бүтээл нь Каннын олон улсын кино наадамд нээлтээ хийснээр танигдаж эхэлжээ.

Түүнчлэн

Ташрамд дуулгахад, “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” трилоги бүтээл бөгөөд гуравдугаар анги мөн хийгдэх юм байна. Хоёрдугаар анги маш сонирхолтой болсон хэдий ч тахал хаанаас үүсэлтэй, хэрхэн дарах талаарх ямар ч сэдэл, сэдэв гардаггүй. Магадгүй найруулагч энэ талаар сүүлийн ангид илүү тод өгүүлэхээр “хадгалж” үлдсэн байх талтай.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Бусан хүрэх галт тэрэг” киноны гуравдугаар анги хийгдэнэ  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй