Шууд Chart

Г.Содбаяр: Би хэзээ нэгэн цагт УДЭТ-т заавал ажиллана

2020-08-07 12:08:22

Хэдийгээр залуу уран бүтээлч ч гэлээ дэлгэцийн таван кинонд дүрээ үлдээгээд буй Ганхуягийн Содбаяртай ярилцлаа. Бие нь жижиг ч мөрөөдөл нь том түүний санасан бүхэн бүтэх болтугай гэж ярилцлага өндөрлөх үедээ бодож, үдэв. Харин уншигч та дараах ярилцлагыг уншаад хэрхэхийг ярилцагч би таашгүй. 

-Өөрийг тань сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлээс харж байна. Ойрд ямар ажил амжуулав ...

-“Боловсрол” телевизээс зохион байгуулах кино шалгаруулалтад орох хүсэлтээ өгөөд ирлээ. Энэ амралтын өдрүүдэд сонгон шалгаруулалтаа эхлүүлнэ гэсэн. Үүнийг хүлээгээд л сууж байна даа. 

-УДЭТ-т ажилладаг гэж сонссон. Хэзээ орсон бэ?

-Тийм. Студи ангид хоёр жил ажилласан ч өнгөрсөн долоодугаар сард гарсан. Тус театр жинхлэх шалгалт авдаг юм. Тэгэхдээ орон тоо байхгүй гэсэн тул ажлаа хүлээлгэж өгсөн.

-МҮОНТ-ээр амралтын өдрүүдэд гарч буй “Торгон цэргүүд” олон ангит уран сайхны кинонд тоглосон байсан. Үүнд дүр бүтээх болсон дурсамжаа хуваалцана уу?

-Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү ах ажиллаж байгаа. Энэ киног хийх болсон яриа жилийн өмнө эхэлсэн. Би гол дүрд тоглосон залуучуудтайгаа “Зун амралтаараа нэг кино хийе” гээд дүр болгондоо намтарчилсан зохиол гаргачхаад хэн нэгэн зохиолчид өгч албан ёсны кино зохиол бичүүлье гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Тийнхүү тус санаагаа М.Түвшинхүү ахад хэлэхэд “Зөв байна. Ах нь дүү нараа дэмжинэ ээ” гээд л сарын дараагаас ажил хэрэг болоод эхэлсэн дээ. Эхний хэсгүүд гарч байгаа ч сүүлчийн хоёр ангийн зураг авалт одоо 032 дугаар цэргийн ангид хийгдэж байгаа. Энэ кино долоон гол дүртэй. Зураг авалт өнгөрсөн зун эхэлж, энэ зун дуусах гэж байна. Уг нь 30 ангитай гэж төлөвлөж байсан ч 12 ангитай болж төгсөх нь.

-Кино хэрхэн өндөрлөх вэ. Та цэрэгт явах уу. Амралтын өдрүүдээр алгасахгүй үзэж байгаа хүмүүст сонирхолтой санагдах байх ...

-Нууцалсан нь дээр байх аа. Ямар ч байсан цэрэгт явсан хүмүүс цэргийн амьдралаар амьдарч, халагдаад л төгсөнө. Уг нь өмнөх зохиолд би дараагийн цэрэг татлагад тэнцэж, хилийн цэргийн ангид алба хааж буйгаар дуусах байсан юм. Даанч өөрчлөгдчихсөн.

-Гэхдээ та амьдрал дээрээ цэрэгт явж байсан уу?

-2015 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаад зуны гурван сар Төв аймгийн Алтанбулаг сумын 019 дүгээр Химийн цэргийн ангид алба хаасан. Эр хүн болж төрснийх цэргийн албыг богино хугацаанд ч болтугай хаагаад үзье гэж бодоод явсан юм. 

-Өмнө нь та “Фантастик” продакшны уран бүтээл “Байтаг богд” бүрэн хэмжээний уран сайхны кинонд мөн л цэрэг болж тоглосон. Ийм дүр ихэвчлэн ирдэг нь танаас шалтгаантай юу найруулагчдаас уу?

-Би өөрийнхөө санаачлагаар тухайн киног хийгээгүй болохоор дандаа л тохиолдлоор ийм дүр оногдож байна. Гэхдээ өмнө нь гурван сарын хугацаанд цэргийн амьдрал үзсэн болохоор илүү сонирхолтой санагддаг. Ядаж тушаал авах, алхаа гишгээгээ зөв тавих, ёслох зэргийг зарим жүжигчнээс илүү мэднэ.

-Таныг харахад сахилгагүй хүүгийн дүрд илүү тохирох юм шиг санагддаг. Харин та өөрийгөө ямар дүрийг илүү бүтээнэ гэж боддог вэ?

-Эсрэг дүрд дуртай. Ялангуяа над шиг дүр төрхтэй хүнээс эсрэг дүр илүү шаарддаг. Тэгээд ч ур чадвар улам их гарч, гол дүрээ тодотгодог. Эсвэл хөдөөний цагаахан сэтгэлтэй залуугийн дүр байж ч болох юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УДЭТ-т ажиллахдаа ах, эгч нараасаа нэлээн олон юм сурсан. Мөн саяхан магистрээ ч хамгаалсан. Үүнийгээ уран бүтээлдээ хэрэгжүүлнэ ээ. УДЭТ-т ажиллаж байхад студи ангийн багшаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, бие даасан багшаар С.Болд-Эрдэнэ нар байсан. Гэхдээ би хэзээ нэгэн цагт УДЭТ-т заавал ажиллана. Энэ бол миний мөрөөдлийн нэг хэсэг. Ер нь жүжигчин хүн болгон ийм мөрөөдөлтэй байдаг байх. 

-Тайзны хэдэн дүр бүтээж амсан бэ?

-Дорнод аймгийн театрт “Миний аав миний баатар” нэртэй хүүхдийн жүжигт гол дүр бүтээсэн. Гэвч коронавирусний улмаас нээлтээ хийж чадаагүй л байна. УДЭТ-т бол туслах болон дүрийн нөхөөсөнд тоглосон. Энэ том театрт ороод миний хамгийн хайрлаж, хүндэлж хүлээж авсан дүр “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун шаньюйгийн хүү Гүюг. Би жүжгийн төгсгөл хэсэгт ганцхан удаа гардаг ч гэсэн тухайн үеийн цаг үед очсон ч юм шиг, өөрөөрөө бахархмаар ч юм шиг сэтгэгдэл төрж байлаа.

-Одоогоор хэдэн кинонд тоглосон байгаа вэ?

-МҮОНТ-ээс санаачлан бүтээсэн “Арвай буудай хоёр” нэртэй хүүхдийн богино хэмжээний кинонд оюутан байхдаа анх удаа дүр авч тоглосон. Түүнээс хойш “Байтаг богд”, “Эрт нахиалсан сарнай”, “Love and sex”, “Торгон цэргүүд” гэсэн таван кинонд тоглоод байна. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын гаралтай. Аав, ээж маань нутагтаа мал маллаад сайхан амьдарч байгаа. Аав маань аймгийн алдарт уяач, аймгийн аварга малчин хүн бий. Гурван ах, гурван эгчийн хамгийн бага нь би. Мөн хот газар амьдарч байгаа нь би л болж байна. Бусад нь орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа. Намайг кино зураг авалтад явлаа гээд утас ч холбогдохгүй газар олон хоног болчихлоор ээжийн маань санаа маш их зовдог юм билээ. Зарим үед “Энэ хүүхэд үнэнээсээ ингээд яваад байна уу эсвэл буруу замаар яваад байгаа юм биш байгаа” гэж хүртэл асуудаг. Харин дараа нь телевизээр миний тоглосон киног үзээд итгэдэг (инээв.сурв). 

-Аавынхаа уясан хурдан морийг олон жил унаж уралдсан байлгүй ...

-Тэгэлгүй яах вэ. 10 орчим жил унаж уралдсан. 2013 онд ММСУХ-ноос Монгол морийг Гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор 4000 гаруй хурдан морийг нэгэн зэрэг уралдуулсандаа. Тэгэхэд би хамгийн сүүлд хурдны морь унаж, 200 гаруйгаар хурдалсан. Нутагтаа очих болгондоо аавынхаа уясан жороо морийг унаж уралддаг. Манай шар хээр морь сумынхаа баяр наадамд зургаа түрүүлж, нэг аман хүзүүдсэн бол өнгөрсөн жилийн аймгийн наадамд айргийн тавд багтсан. Уралдаанч хүүхэд ховордоод ирэхээр аав маань том хүн ч ялгаагүй унаж болдгоор нь жороо морь сойж эхлээд байгаа нь энэ юм.

-Та өөрийгөө “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүртэй төстэй гэж бодож байсан уу?

-“Эрт нахиалсан сарнай” кинонд тоглоход зохиолч С.Амарсайхан ах надад “Дэндэвийн бага нас шиг дүр шүү” гэж хэлж байсан. Гэвч уг дүр миний сэтгэлд тийм ч их нийцээгүй. Уг нь би “Хөдөөгийн баясгалан” кинонд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа ахын бага насны дүр шиг байх гэж бодож байсан юм. “Эрт нахиалсан сарнай” кинонд би хөдөөнөөс хотод шилжиж ирж, сурагч болж буй хүүгийн тухай гардаг шүү дээ.

-Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяагийн бага насны төрхтэй та нээрэй адилхан юм байна шүү ...

-Зарим хүн тань шиг ингэж хэлдэг. Тэгээд ч би “Хөдөөгийн баясгалан-2” киног хийх мөрөөдөлтэй болсон. Одоо харьяалагдсан ажилгүй надад хэн дүр өгөх бол гэж бодож, харж сууснаас өөрөө өөртөө ажил олоод эхлүүлье гэсэн үүднээс дээрх санааг олж, ажлаа эхлүүлээд байгаа. Кино хийх эрхээ Б.Батзаяа ахаас албан ёсоор авч, зохиол, төслөө бэлдчихсэн. Ирэх намраас зураг авалтдаа төлөвлөгөөтэй байгаа. Гэвч санхүүгийн асуудал л гол хүндрэл болж байна.

-Та бага байхын л жүжигчин болох мөрөөдөлтэй байсан уу?

-Дунд сургуульд сурч байхдаа уран жиргээ, хүрэл тулга наадамд үргэлж оролцдог байлаа. Намайг төгсөх үед манай сумын соёлын төвийн эрхлэгч Д.Батсуурь гуай “Чи СУИС-ийн менежмент эсвэл менежер чиглэлээр сураад ир. Тэгэхээр чинь би чамд ажлаа хүлээлгэж өгөөд гавьяаныхаа амралтад гарлаа” гэсэн юм. Ингээд шалгалт өгч тэнцээд хүссэн сургуульдаа орж, нутаг буцалгүйгээр жүжигчин мэргэжлийг сонгосон. Тухайн үед би жүжигчин хүн зөвхөн хошин шог, кинонд л тоглодог юм байна гэсэн бодолтой байлаа. Драмын урлаг гэдгийг огт мэдэхгүй. Мэргэжлийн сургуульд нь сураад номыг нь үзсэнийхээ дараа л бүрэн ойлгож эхэлсэн. Мөн би хэл сайн сурч ОХУ-д мэргэжлээ дээшлүүлээд жүжигчнээр биш байлаа гэхэд найруулагчаар УДЭТ-таа заавал эргэж ирнэ. Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжгийн зохиолч, найруулагч Л.Ванган агсан сайн уран бүтээлч байсан гэдэг. Над шиг намхан нуруутай ч уран бүтээл нь өндөр хүн байсан юм билээ. Би түүн шиг л уран бүтээлч болно.

-Ярилцсанд баярлалаа.

 

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Содбаяр: Би хэзээ нэгэн цагт УДЭТ-т заавал ажиллана  
Үзсэн: 4315 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй