Шууд Chart

Хүүхдийн мөнгөн тэтгэмж хөтөлбөр ядуурлын түвшин 6-7 пунктээр нэмэгдэхээс сэргийлсэн

2020-08-12 17:39:48

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатараас хүүхдэд зориулсан халамжийн үйлчилгээ, хийгдэж буй ажлуудын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Манай улсад хүүхдэд чиглэсэн халамжийн ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?

-Нийгмийн халамжийн бодлогоор зайлшгүй дэмжлэг, туслалцаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас, бүтэн өнчин хүүхэд зэрэг зорилтот буюу эмзэг бүлгийн иргэдэд анхан шатны наад захын хэрэгцээг нь хангаж өгөх зориулалттай нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлдэг. Нэг тоо баримт хэлэхэд, 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 770 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлт, тусламжид хамрагдсан.

Монгол Улс төрөлтийг дэмжсэн, хүн амыг өсгөх чиглэлийн бодлого баримталдаг бөгөөд нийгмийн халамжийн сангаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухайд 2005 оноос хойш олгож байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед хязгаарлалт хийсэн ч, сүүлийн жилүүдэд бүх хүүхдэд олгох бодлого барьж ажилласан. Энэ оны хувьд хүсэлт гаргасан иргэдийн хүүхдэд болон гадаадад байгаа монгол иргэдийнхээ хүүхдүүдэд олгож байна. Мөн Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хүүхдийн мөнгөний хэмжээг тав дахин нэмж, энэ оныг дуустал 100 мянган төгрөг хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгөн тэтгэмж хүүхдэд зориулсан томоохон дэмжлэг бөгөөд хүүхдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогын нэг хэсэг юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжээр зорилтот бүлгийн өрхүүд хүүхдийнхээ өдөр тутамд хоол хүнснээс авах шаардлагатай шим тэжээл, амин дэмийг нөхдөг, зарим өрх айл хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсролд зориулдаг. Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмж ядуурлыг арилгахад маш их эерэг нөлөөтэй.

Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудын хийсэн судалгааны дүнгээс харахад хэрвээ Монголд хүүхдийн мөнгөн тэтгэмж хөтөлбөр хэрэгжээгүй бол ядуурлын түвшин 6-7 пунктээр нэмэгдэх байсан гэсэн тоо гарсан.

-Хүүхдэд чиглэсэн өөр бусад ямар тэтгэмж олгодог вэ?

-Тухайлбал, манайх ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг бодлогодоо тусгаж хэрэгжүүлдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхчүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Түүнчлэн амралт сувилал, хүүхдийн зусланд хамрагдахад, хөдөө орон нутгаас сувилалд ирэх унааны зардал зэрэг олон төрлийн тусламж, дэмжлэг үзүүлдэг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 10 гаруй тэтгэвэр тэтгэмж бий.

-Олон улсын байгууллагатай хамтарсан ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн бэ?

-Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хүнсний эрхийн бичиг олгож эхэлсэн. Анх тодорхой хувийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас гаргаж байсан бол одоо улсын төсвөөс гаргаж байгаа.

Манай ХНХЯ НҮБ-ын Хүүхдийн сан(UNICEF) болон бусад байгууллагатай хамтран эрсдэл, байгалийн гамшгийн үед болон дараа нь малчдын хүүхдийг, эрхийг нь хамгаалах зорилготой туршилтын зарим хөтөлбөр хэрэгжүүлдэг. Олон улсын сайн туршлагыг хууль журамд тусгах зорилгоор олон улсын байгууллагаас ирүүлсэн саналын дагуу дээрх хөтөлбөрүүд хэрэгждэг байгаа.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах болон эрсдэл, цочролын үед авах арга хэмжээ хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2019 оны өвөл болон өнгөрсөн хавар хэрэгжүүлсэн. Манай улсын хувьд малчид зуд, ган гачиг зэрэг цаг улиралтай холбоотой эрсдэлийн үед мал аж ахуйн ажил ихэсдэгтэй холбоотойгоор үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сулруулдаг учир энэ нөхцөл байдалтай холбоотой бие даасан шинэ хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажилласан, одоогоор үнэлгээний ажил хийгдэж байна.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар аливаа цочролын үед хүүхэд, гэр бүлд тусламж хүргэх нь хурдан шуурхай бөгөөд хамгийн үр дүнтэй болох нь туршилтаар нотлогдсон гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлсэн?

-Тиймээ үр дүнтэй арга. Дэлхий дахинд “КОВИД-19” цар тахал гарсантай холбоотойгоор бид шинэ нөхцөл байдалд нийгмийн хамгааллын болон халамжийн үйлчилгээг үзүүлэх шаардлага тулгарсан. Учир нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхий дахинд хөл хориотой холбоотойгоор сургууль, цэцэрлэг хаагдаж гэртээ байгаа хүүхдүүдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн хүчирхийллийн статистик тоон үзүүлэлт нэмэгдсэн. Цар тахлын үед зорилтот бүлгийн болон жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй өрхөд ямар тусламж үзүүлэх вэ гэдэг тал дээр Монгол Улс төдийгүй, дэлхий нийт шинэлэг арга хэмжээ авах шаардлага бий болсон. Энэ тал дээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж байгаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүүхдийн мөнгөн тэтгэмж хөтөлбөр ядуурлын түвшин 6-7 пунктээр нэмэгдэхээс сэргийлсэн  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй