Шууд Chart

Б.Билгүүн: Бодлоор удирддаг дрон маань Австралийн Күйнсландын  их сургуульд хадгалагдаж байгаа

2020-08-13 11:37:05

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэг Австрали улсын Күйнсландын  их сургуульд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр сурч төгссөн компьютер, цахилгааны инженер Б.Билгүүнийг энэ удаагийн “Редакцын зочин”-оор  урилаа. Эргэн сануулахад, тэрбээр тус сургуульд суралцаж байх хугацаандаа бодлоор удирддаг дрон бүтээж, түүний ярилцлага сонин болон сайтуудад нийтлэгдэж байсан юм.

АНГЛИ ХЭЛНИЙ САЙН БАГШ ОЛОХ ХЭЦҮҮ. ХАРИН...

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу. Намайг Борхүүгийн Билгүүн гэдэг. Одоо 30 нас руу дөхөж яваа ч амьдралынхаа ихэнх хугацааг сурч өнгөрүүлсэн /инээв/. 2018 онд Австралийн Күйнсландын их сургуулийг компьютер болон цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Өмнө нь Монголдоо 2011 онд ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуульд цахилгаан хангамжийн инженерийн ангид элсэж, хоёр жил суралцсан. Тухайн үед хичээж, сайн суралцахыг эрмэлздэг байсан. Тэгээд л өөртөө гадаадад сурах зорилго тавьсан л даа. Ямар сургуульд хэрхэн суралцах бүтэн зураглал байгаагүй ч юун түрүүнд Англи хэлний академик оноотой болъё гэж зорьсон.

-Англи хэлний IELTS-ийн шалгалтад өндөр оноо авах амаргүй. Хэдий хугацаанд, хэрхэн бэлдсэн бэ?

-IELTS-ийн шалгалт бусад шалгалтыг бодвол өндөр төлбөртэй байдаг. Би их сургуульд орсноосоо хойш гар утас засах, үйлчилгээний байгууллагад угтагч хийх гэх мэт янз бүрийн ажил хийж үзсэн. Олсон мөнгөөрөө албан ёсны IELTS-ийн шалгалт өгсөн. Түвшингээ сайжруулахын тулд хоёр ч сургалтад сууж байв. Тухайн үед өөрийгөө дажгүй англи хэлтэй л гэж боддог байсан /инээв/. Гэтэл IELTS-ийн сургалтад шалгалт өгөх арга барил, хэрхэн сайн бичиж сурах гэх мэтчилэн шалгалтын тактик илүүтэй заасан. Миний хувьд эссе бичихдээ дүрмийн алдаа их гаргадаг байлаа. Тэр сургалтаас англи хэлний түвшин минь ямар муу байгааг ойлгоод, өөртэйгөө тулж ажилласан. Ингээд IELTS-ийн оноотой болохын тулд гурван удаа шалгалт өгсөн. Эхлээд зургаан оноо авсан. Энэ оноондоо эрдээд, бага зэрэг сандарсан л байх тэрнээс тэнцэнэ гэж бодоод сарын дараа дахиад шалгалт өгсөн ч оноогоо өсгөж чадаагүй.  Энэ алдаанаасаа сургамж аваад бие дааж англи хэлээ сайжруулсан. Тухайлбал, “Youtube”-ээс хамгийн их хандалттай англи хэлний хичээл хайж, өөрт тохирохыг үздэг байсан. Өөрийн арга барилд тохирох, англи хэлний сайн багш олох хэцүү. Харин “Үoutube”-ээс олон төрлийн сонголттой хичээл үзэх боломж бий. Харилцан ярианы дасгалууд үзэж, багшийн асуусан асуултад хариулахын тулд бичлэгээ зогсоож байгаад өөрөө хариулаад дараа нь нөгөө харилцан яригчтай ижил дөхүү хариулсан байна уу гэх мэтчилэн өөрийгөө шалгадаг байсан. Бас гудамжаар алхахдаа өөрөө өөртэйгөө англиар ярьдаг байлаа. Ингэж бэлдсээр жилийн дараа IELTS-ийн долоон оноо авсан. Боломжийн оноо авсандаа баярлаад шууд л интернэтээс дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтыг харсан. Тэр дундаас Австралийн Күйнсландын их сургууль их таалагдсан. Оюутны хотхон нь бараг л нэг том арал шиг. Тэгээд өөр сургууль сонирхолгүй шууд сонголтоо хийсэн.

-Австралийн их сургуулиудын онцлог, давуу талаас нэрлээч?

-Хүн бүр л гадаадад сурахаар бол Англи юм уу, Америкт сурна гэсэн бодолтой байдаг. Тухайн үед аав, ээж хоёр минь Англид амьдарч байсан. Тэгээд надад “Хэрвээ чи үнэхээр гадаадад сурах гэж байгаа бол тайван улсыг сонгосон нь дээр” гэж зөвлөсөн юм. Тиймээс гадаад оюутнуудад ээлтэй, амьдрах орчин нь амгалан тайван гэдэг утгаар Австрали улсыг сонгосон. Күйнсландийн их сургуульдаа хүсэлтээ явуулаад урилгаа ч авсан. Сургуулийн босго шал­гуурын хувьд Авст­рали Улсын 12 жилийн боловсролтой дүйцэхүйц боловсрол эзэмшсэн байх ёстой. Мөн англи хэлний IELTS-ийн шалгалтын дундаж оноо 6.5 бөгөөд хэсэг тус бүр дээр зургаагаас доошгүй үнэлгээтэй байх, эсвэл түүнтэй дүйцэхүйц олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний бусад шалгалтын оноо­той байх хэрэгтэй байдаг. Би ахлах сургуулиа 11 жилийн системтэй байхад нь төгссөн учраас их сургуулийн эхний нэг жилээ харгалзан тооцуулсан.

Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн гэсэн хариу миний төрсөн өдрөөр ирсэн

-Засгийн газрын тэтгэлгээр сурсан юм билээ. Хэрхэн тэтгэлэгт хамрагдсан бэ?

-Күйнсландын их сургуулиас надад урилга ирчихсэн байдаг гэхдээ төлбөрөө яаж хийхээ мэдэхгүй байсан. Нэг шөнө энэ асуудлынхаа шийдлийг гэнэт бодож олсон. Боловсролын яамны сайт руу ороод хартал тэтгэлэг зарласан байсан. Яг л “Чи ирээд орчих оо, бид нар чамайг сургууль руу чинь явуулж өгье” гэсэн юм шиг санагдсан /инээв/. Тэтгэлгийн шалгуур нь дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгээс урилга авсан бөгөөд тухайн улс руу яваагүй, Монголд амьдардаг байх ёстой гэсэн байсан. Үүнийг хараад “ямар хүмүүс урилгаа авчихаад яваагүй байв гэж дээ, би л бараг ганцаараа яваагүй байх” гэж бодсон. Гэтэл Боловсролын яаман дээр надтай адил урилгаа авчихаад яваагүй зуу гаруй хүүхэд хамт бүртгүүлсэн. Шалгаруулалтын эхний шат нь эссе бичих, дараагийнх нь ярилцлага байсан. Тэтгэлгийн нэгдсэн дүн оноог онлайнаар ил тод зарласан. Ер нь бол тэтгэлгийн оноонд урилга авсан сургуулийнх нь эрэмбэ их нөлөөлдөг юм байна лээ. Харвардын их сургуулийн улс төрийн ангид тэнцсэн хүүхэд шууд нэгээр гарч ирсэн. Эхний аравт дэлхийн шилдэг хорин сургуулиас урилгаа авсан хүүхдүүд жагссан байсан. Тухайн үед миний орох гэж байгаа сургууль 63 дугаарт эрэмбэлэгдэж байсан. Би ярилцлагын шатнаас нэлээд өндөр оноо авсан учраас зуу гаруй хүүхдээс арван наймд жагссан. Тэр үед шалгалтын комиссынхон “Бид нар яагаад чамд тэтгэлэг өгөх ёстой юм бэ” гэж асуусан. Энэ асуултад “Би багш болох сонирхолтой. Тиймээс нэг хүнд тэтгэлэг олгоод олон хүнийг сургана. Тэтгэлгээр сурсныхаа дараа би эргэж ирээд ном бичнэ. Бас сурсан бүх мэдлэгээ хүмүүст заана” гэж хариулсан. Би тэтгэлэгт тэнцсэн гэсэн хариугаа төрсөн өдрөөрөө авсан.

-Таны суралцаж төгссөн сургуулийн онцлог болон хичээлийн хөтөлбөр Монголын их сургуулиудаас ямар ялгаатай байв?

-Манай сургуулийн хувьд бүх ажил нь өөрийн дотоод сүлжээ, веб хуудсаар зохицуулагддаг. ШУТИС-д нэг улирал 6-7 хичээл үзэх нь ачаалалтай мэт санагддаг. Харин Күйнсландад хичээлийн нэг улиралд дөрвөн хичээл үздэг ч манай Монголын их сургуулийн хичээлээс илүү шахуу хөтөлбөртэй. Хичээлийн агуулга их, хажуугаар нь долоо хоног болгон бие даалт хураалгах, жижиг сажиг шалгалт өгөх гээд их завгүй байдаг байсан. Бас нэг онцлог нь тухайн оюутан лекцэд ирэхгүй байсан ч болдог. Ирцийн оноо гэж байхгүй. Лекцээ оюутны IP хаягаараа сургуулийн сүлжээнд нэвтрээд судлах боломжтой. Асуух зүйл байхгүй бол сургуульдаа очих хэрэггүй гэдэг ойлголттой гэх юм уу даа.  Мөн сургуулийн клубүүд оюутныг мэргэшүүлэх тал дээр нягт холбоотой ажилладаг. Хоёрдугаар курст танилцсан залуу сургуулийн инженерийн клубийн гишүүн байхдаа баг бүрдүүлээд Австралийн пуужин хөөргөх тэмцээнд оролцоод, түрүүлж байсан. Энэ нь цаашид түүнд асар их боломжийг нээж өгч байгаа юм. Оюутны клубүүд салбартаа тэргүүлдэг албан байгууллага, хувь хүмүүсийг оюутнуудтай уулзуулах өдөрлөг тогтмол зохион байгуулна. Ингэснээр тухайн өдөрлөгт нэг цагийг өнгөрөөсөн оюутнууд арван сар ажил хайгаад явах цагаа хэмнэчихэж байна гэсэн үг. Манай Монголын их сургуулиудын клубүүд ингэж ажиллаасай гэж боддог.

-Таныг бодлоор удирддаг дрон бүтээсэн гэх мэдээлэл жил хагасын өмнө сонин, сайтууд дээр гарч байсан. Одоо тухайн дрон хаана байгаа вэ?

-Би гуравдугаар дамжаанд сурч байхдаа ангийнхаа нэг хятад, хоёр сингапур оюутантай дөрвүүлээ курсийн ажил дээрээ бодлоор удирддаг дрон бүтээсэн. Энэ дрон тархинаас сигнал авах, сигналаа боловсруулах, дамжуулах, үйлдэл болгож дроноо удирдах гэсэн дөрвөн үйлдэлтэй. Өөрөөр хэлбэл хүний тархины мэдрэлийн эсүүд хоорондоо цахилгаан соронзон долгион дамжуулдаг. Энэ соронзон долгионыг хэмжиж боловсруулсан сигналаар бидний бүтээсэн дрон ажилладаг. Миний хувьд тархинаас сигнал авах, сигналаа боловсруулах, дамжуулах хэсгийг бие дааж хийсэн.

Курсийн ажил дээр бүтээсэн болохоор сургуулийн өмч болдог юм билээ. Одоо миний сурсан Австрали улсын Күйнсландын  их сургуулийн Embedded system-ийн лабораторийн үзүүлэнгийн хэсэгт хадгалагддаг.

-Гадаадад суралцахад мэдээж элдэв хүндрэл бэрхшээл их гардаг байсан байх. Хэрхэн зохицуулдаг байсан бэ?

-Бэрхшээлүүд бол тодорхой хэмжээнд байлгүй яахав. Ангидаа би ганцаараа монгол. Тэнд магистрын ангийн оюутнуудтайгаа нийлээд арав гаруй монголчууд байсан. Австрали оюутнууд хоорондоо нийлж баг болоод хамтдаа хичээл, бие даалтаа хийх, нэг нэгэндээ туслах зэргээр сайн баг болж суралцаж чаддаг. Гэтэл анх удаагаа ирж байгаа гадаад оюутнуудад багийн туслалцаа их хэрэгтэй юм байна лээ. Ядаж Монголоос нэг мэргэжлээр тэтгэлэг авсан оюутнуудыг хооронд нь нэг баг болгож менторшип хөтөлбөр хэрэгжүүлбэл  зүгээр санагдсан. Мөн тухайн очиж байгаа газрыг нь сайн мэддэг зөвлөөд өгөх хүмүүс байвал учраа олоход дөхөм болох байх. Үүнээс гадна байр, хоолны мөнгө, хичээлээс гадуур хийх ажил тэр бүр олддоггүй зэрэг асуудал бий. Ер нь бол санхүүгийн асуудлаа шийдсэн хүн гадаадад чанартай боловсрол эзэмшихэд илүү дөхөм байдаг юм билээ. Гэхдээ л гадаадад сурдаг оюутнууд хичээвэл хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд цаг заваа зохицуулаад сурч болно.

20 гаруй сургуульд багшилсан

- Та оюутан байх хугацаандаа Австралийн сургуулийн сурагчдад багшилж байсан гэсэн?

-Багшлахаас өмнө дуудлагаар цахилгааны холболт хийх болон машин угаах, барилгын ажил зэрэг олон юм хийсэн. Намайг хоёрдугаар курст байхад манай ангийн найз “Чамд санал болгох нэг ажил байна, чи очоод үзээрэй” гэлээ. Тэр газар нь Австралийн сургуулиудад гэрээгээр технологийн хичээл заадаг хувийн компани байв. Миний хувьд сургуулийн сурагчдад код бичих, роботик зэрэг хичээл заадаг байсан. Одоогоор хорь гаруй сургуульд багшилжээ.

-Австрали болон монгол сурагчдын технологийн ойлголт, мэдлэг хэр зөрүүтэй вэ?

-Мэдээж ялгаатай. Манай сургалтын хөтөлбөр Австралийн сургалтын хөтөлбөрөөс долоон жилээр хоцорсон байна. Би хувиараа Монголын мэдээлэлзүйн хичээлийн сурах бичгийн агуулгыг үзэж танилцсан. 12 дугаар ангийн сурах бичиг дотроо дөрвөн бүлэгтэй.  Сүүлийн бүлэгт кодчиллын “Microsoft small basic” заахаар хуваарилсан байх жишээтэй. Гэтэл би уг агуулгыг Австралийн 3, 4 дүгээр ангийн сурагчдад заадаг байсан.

-Та Австралид сурч байх хугацаандаа “Эх орондоо очоод хүүхдүүдэд код бичих, робот хэрхэн бүтээх талаар заахаар төлөвлөж байна” гэж ярилцлага өгсөн байсан?

-Тийм ээ. Миний хувьд эх орондоо буцаж ирсэн шалтгаан бол хүүхэд залуусыг технологийн мэдлэгтэй болгох. Үүний тулд ерөнхий боловсролын хэд хэдэн сургуульд “Долоо хоногтоо 1-2 удаа нэг цагийн хичээл үнэгүй зааж өгье. Надад сул анги танхим гаргаж өгөөч” гэсэн санал тавьсан. Даанч сургуулиуд нь “Гурван ээлжээр хичээллэдэг. Сул анги байхгүй” гэсэн хариу өгсөн. Хэрвээ болдог бол мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөрт шинэчлэлт хийж батлуулах, үүнд тохирсон сурах бичиг гаргаж, багш нарыг бэлтгэх зэрэг ажлыг хиймээр байна. Гэхдээ миний  санаснаар болох юм болов уу даа. Тиймээс өөрийн боловсруулсан хичээлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд сургалтын төв нээгээд хичээлээс гадуур мэдлэг олгохыг зорьсон боловч “КОВИД-19” вирусийн улмаас энэ төлөвлөгөөгөө түр зогсоосон. Гэсэн хэдий ч  зүгээр байхаар гээд фейсбүүкт “HMTL” сэдвээр цуврал хичээл оруулсан. Хүмүүсээс ч хандалт их ирсэн. Тэр дундаас “Би таны хичээлийг үзсэн надад таалагдсан. Манай сумын сургуульд мэдээлэл зүйн багш байхгүй учир математикийн багш маань заадаг. Та манай суманд ирээд энэ хичээлээ зааж болохгүй юу” гэж нэг сурагч холбогдож байсан.

Хичээлээ олон хүнд  хүргэхийн тулд “Microsoft small basic” болон “Рython” сэдвийг нэгтгэж “Үндсэн програмчлалын хэл” гэсэн өөрөө сурах  гарын авлага бичсэн. 60 хуудастай энэ гарын авлагыг бүрэн судлаад дууссаны үр дүнд суралцагч тоглоом бүтээснээр энэ сэдвийн өөрөө судалж, суралцах хичээл нь дуусна. Зохиогчийн эрхээ авчихсан, бэлэн болсон хэдий ч номоо хараахан хэвлүүлээгүй байгаа.

Амжилт гэдэг бол санасан зүйлээ 90 хувьтай хийчихсэн байхыг хэлнэ

-Хэзээ хэвлэгдэх вэ?

-Номоо олон хүнд хүргэхийн тулд анх харахад, уншихад сонирхол татам байлгах хэрэгтэй. Тиймээс дизайн, чимэглэлийн загвар дээр нь анхаарч ажиллана. Мөн хэвлэлтийн зардал дээр гацчихсан байгаа. Үнэхээр хэвлэлтийн асуудлыг шийдчихвэл 10000 хувь хэвлээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэгүй тараах зорилго бий.

-Үнэгүй тараахаар зорьж байгаа юм чинь онлайн хэлбэрээр байршуулах уу?

-Мэдээж онлайнд байршуулна. Гэхдээ өөрийнхөө бичсэн бүтээлээ эхний ээлжид цаасан хэлбэрээр гаргах хүсэл минь давамгайлаад байгаа /инээв/.

-Таныхаар бүтэлгүйтэл гэж юуг хэлэх вэ?

-Миний хувьд бүтэлгүйтэл гэдэг цаг хугацаанаас хоцрохыг хэлнэ. Одоогоор бол би цаг хугацааны бүтэлгүйтэлд орчихсон л байна. Хэдий гадны хүчин зүйл маш ихээр нөлөөлж байгаа ч бодсон зүйлээ хийгээд эхэлчихсэн байна гэдэг өөр хэрэг шүү. Бүтэлгүйтэл гэдэг ялагдлаас өөр.  Хэдий би цаг хугацааны хоцрогдолд орсон хэдий ч болно, бүтнэ гэдэгтээ итгэлтэй байгаа учраас тайван байгаа.

-Тэгвэл амжилтыг юу гэж тодорхойлох вэ?

-Өөрийгөө амжилтад хүрсэн гэж хэлэхгүй ч одоо байгаа түвшин минь миний хамгийн дээд цэг. Учир нь IELTS-ийн долоо онооноос найман оноотой болсон. Мөн би хоёрдугаар курстээ есөн сар ажилласан төслийнхөө үр шимийг хүртэж чадалгүй хулхидуулж, ямар ч мөнгөгүй болж, түрээсийн байрнаасаа хөөгдөж байсан ч сургуулиа хаялгүй төгсөөд мэргэжилтэй болсон. Монголдоо ирээд бодсон санасан зүйлээ хийгээд эхэлсэн болохоор өөрийгөө өмнөх амжилтаа ахиулаад дэвшиж байна даа гэж хардаг. Амжилт гэдэг бол санасан зүйлээ 90 хувьтай хийчихсэн байхыг хэлнэ дээ.

ЭЛОН МАСК  ДОЛОО ХОНОГТ 80, 90 ЦАГ АЖИЛЛАДАГ. Би түүнээс үлгэр дуурайлал авдаг

-Хамгийн ихээр үлгэр дуурайлал авдаг хүнээ нэрлээч?

-Элон Маск. Тэр долоо хоногт 80, 90 цаг ажилладаг. Нэг юмаа их хугацаа зарцуулж, маш сайн судалж, түүндээ тууштай байдаг. Энэ зан, ажлын зарчим нь миний хувийн үзэл бодолтой нийцдэг учраас түүнээс үлгэр дуурайлал авдаг.

-Ярилцсанд баярлалаа. Бусдад захиж, хэлэхийг хүсдэг зүйл бий юу

-Хүмүүсийг найрсаг байгаасай гэж хүсдэг. Миний амьдарч байсан хотынхон их найрсаг. Автобусаар үйлчлүүлснийхээ дараа хүн бүр жолоочид нь баярлалаа гэж хэлдэг. Мөн  гудамжинд битгий шүлсээ хаяарай гэж захимаар байна. Өвөл би халтирч унаад гараа тулаад бостол бээлийнд зөндөө шүлс, нус, цэр наалдчихсан байсан. Бас залуусыг ирээдүйдээ итгэлтэй байгаасай гэж хүсч байна. Унах мянга мянган нүх бий. Мэддэггүй газар руугаа явж байгаа учраас унах нь ойлгомжтой. Энэ болгонд шантралгүй, итгэл найдвараа бүү алдаарай гэж хэлмээр байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Билгүүн: Бодлоор удирддаг дрон маань Австралийн Күйнсландын  их сургуульд хадгалагдаж байгаа  
Үзсэн: 3746 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй