Шууд Chart

Халамжаас хөдөлмөр лүү шилжинэ

2020-08-14 15:23:16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатараас нийгмийн халамжийн чиглэлээр хийгдэж буй ажлууд болон ахмадуудад зориулсан халамжийн бодлогын талаар тодрууллаа.

-ХНХЯ-наас нийгмийн халамжийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үзэл баримтлалаа батлуулаад, УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Мөн нийгмийн халамжийн зарим үйлчилгээг нэгтгэх, хамгийн гол нь халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлого баримтлан ажиллаж байна.

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт зэрэг 14 төрлийн багц үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг задлахын бол тусламж үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж зэрэг нийт 70-аад төрлийн үйлчилгээ бий. Манай улс нийгмийн халамжийн төрөлд хангалттай тооны үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн дүн үзүүлэлт гарсан. Цаашдаа эдгээр үйлчилгээг нэгтгэх, заримд нь шалгуур тавих бодлогыг хэрэгжүүлж байгаа.

Мөн сүүлийн жилүүдэд халамж хавтгайрлаа гэсэн шүүмжлэл яваад байгаа. Тэгвэл халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт олгох, халамжийн үйлчилгээ хүртэж буй хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг хөдөлмөр эрхэлдэг, өөрийн гэсэн орлоготой болгох, хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэдийг тодорхой хугацаанд халамж, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулаад хөдөлмөр эрхэлдэг, өөрийн гэсэн орлоготой болгохын тулд сургалтад хамруулах, дадлага туршлага хуримтлуулахад нь туслах зэргээр дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллах юм. Үүнээс гадна нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах ажил хийгдэж байна.

-Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимд шилжүүлснээр иргэд ямар давуу талууд хүртэх вэ?

-Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сан, улсын бүртгэл, татвар, гааль тэргүүтэй байгууллага төрийн мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбогдож байна. Цахим үйлчилгээ нэвтрүүлснээр иргэдийн олон тооны бичиг баримт, цаасан материал бүрдүүлэх цаг зав, зардлыг хэмнэнэ. Зорилтот бүлгийн иргэдийг нааш цааш явуулж чирэгдэл үүсгэхгүй. Халамжийн аль нэг хөтөлбөрт хамрагдах гэж буй иргэн өргөдлөө ТҮЦ машинаар болон цахимаар гаргаж болно. Ирэх есдүгээр сард нэвтрүүлээд иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн энэ сарын сүүлээр веб сайт ажилд оруулахаар бэлдэж байгаа. Иргэд уг сайтаар дамжуулан өргөдөл гаргах, халамжийн аливаа тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээнд хамрагдахаар өгсөн хүсэлт нь ямар албан тушаалтан дээр явж байгааг шууд харах, тэтгэвэр тэтгэмжийн олголт хэзээ хийгдэхийг харж болно.

Иргэд уг цахим системд нэвтрэхдээ банкны дансаа бүртгүүлэх хэрэгтэй. Улсын онцгой комисс цар тахлын нөхцөл байдлын үеэр бөөгнөрөл үүсгэж, эрсдэл бий болгохгүй байхыг зөвлөж байгаа. Тэгвэл төрийн үйлчилгээг хөнгөвчилснөөр иргэд өргөдөл, хүсэлтээ цахимаар гаргадаг болчихно. Мөн иргэд тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилт дуусчихна гээд банк руу яараад байдаг. Нэгдсэн сангаас тэтгэвэр тэтгэмж данс руу нь шилжчих болохоор ийм асуудал гарахгүй. Цаашлаад үйлчилгээ бүрэн цахим болсноор иргэд нийгмийн халамжийн үйлчилгээ авахын тулд заавал сум, хороондоо очих шаардлагагүй.

Цахимжуулалттай холбоотой өөр нэг давуу тал гарч ирж байгаа нь хурууны хээ уншдаг төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Сум, хороо бүр хурууны хээ уншдаг төхөөрөмжтэй болно. Цаашлаад сум, хорооны анхан шатны нэгжээс гадна амралт, сувилал бусад үйлчилгээний газар нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Ингэснээр халамжийн болон төрийн аливаа үйлчилгээ давхардах гэх мэт асуудал арилна. Хоёрдугаарт, хурууны хээгээ уншуулснаар мэдээллийн сангаас шууд хайлт хийх, цаг хугацаа хэмнэх нөхцөл бүрдэнэ.

-Манай улсад ахмадуудад зориулсан нийгмийн халамжийн ямар үйлчилгээнүүд үзүүлдэг вэ?

-Манай орны ахмад настнуудад зориулсан нийгмийн халамжийн болон хамгааллын үйлчилгээ олон төрөлтэйд тооцогддог. Ахмадуудад чиглэсэн 16 үйлчилгээг нийгмийн халамж болон нийгмийн даатгалын сангаас хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмад настнуудад олгодог. Мөн ахмадууд жилд нэг удаа рашаан сувилал, ахмадын зориулалттай ахмадад хөнгөлөлттэй үйлчлүүлдэг. Энэ оны хагас жилийн байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай гэрээ хийж, магадлан итгэмжлэгдсэн 84 амралт болон 20 орчим рашаан сувилалд 15 мянга орчим ахмад настан амарч, сувилуулж, 2.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн. Энэ жилийн хувьд Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор эхний саруудад амралт, сувиллын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарласан. Одоо бол хэвийн үйлчилж байгаа. Амралт сувиллын улирал үргэлжилж буй энэ хугацаанд ахмадууд хөнгөлөлтөө эдлээд амарч, сувилуулж байна.

Түүнчлэн ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмж ирсэн. Мөн “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал нэмэгдүүлэн олгох Засгийн газрын шийдвэр гарсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Халамжаас хөдөлмөр лүү шилжинэ  
Үзсэн: 2286 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй