Шууд Chart

“Барселона”, “Бавари Мюнхен”-ийн тоглолтын тактикт хийсэн дүн шинжилгээ

2020-08-17 08:49:43

“Барселона”, “Бавари Мюнхен”-ийн тоглолтын тактикт хийсэн дүн шинжилгээ

“Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд учраа таарсан Испанийн “Барселона”, Германы “Бавари Мюнхен”-ийн тоглолтыг дэлхий нийтээрээ харлаа. “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” хасагдсаны дараа “Ла лиг”-ийн нэр хүндийг дааж гарах учиртай “Барса” 2:8-аар бутнирүүлсэн нь дэлхийн хөлбөмбөгт сүүлийн 10 гаруй жил ноёлсон испани хэв маягийн хөлбөмбөг амжилт олохгүй болсныг батлан харуулав.

“Бавари” уламжлалт 4-2-3-1 хувилбараа ашиглалаа. Хамгаалалт, довтолгооны тэнцвэртэй байдлыг хамгийн их хангадаг хувилбар. Испани, Нидерланд, Германы шигшээ баг үүнийг ашиглаж 2010 онд ДАШТ-ий эхний гурван байр шалгарснаас хойш 4-2-3-1 хэдэн жилийн турш хамгийн нийтлэг хувилбар болсон юм. Хөлбөмбөг өөрчлөгдөхийн хэрээр сүүлийн үед 4-3-3, 3-4-3, 3-5-2 хувилбарыг ашиглах баг олон болсон ч 4-2-3-1 үнэ цэнээ алдаагүй хэвээр.

Харин “Барселона”-гийн дасгалжуулагч Кике Сетьен “Бавари”-гийн таван хагас хамгаалагчтай 4-2-3-1 хувилбарын эсрэг гурав биш дөрвөн хагас хамгаалагч үзүүлэхээр багаасаа нэлээн хол 4-4-2 хувилбар сонгосноор олон зүйл буруугаар эргэлээ. Би “Барса”-г бараг 20 жил дэмжиж байна. Бага байхдаа “Playstation 1” дээр “Winning Eleven” тоглосноос хойш энэ багийг 4-3-3 хувилбараа солиогүйг нь мэднэ. Сүүлд дасгалжуулагч болоод энэ хувилбарын давуу талыг ойлгосон бөгөөд довтлох үед жигүүрийн хоёр хамгаалагч урагшилснаар 2-3-2-3 болж, эсвэл жигүүрийн нэг хамгаалагч урагшлахад үлдсэн гурван хамгаалагч тэлснээр 3-4-3 болдог юм. Чухам 2-3-2-3, 3-4-3 хувилбарын үед хамгийн олон гурвалжин үүсч, тэр хэрээр олон дамжуулалт хийх нөхцөл бүрэлддэг нь олон жилийн турш “Барса”-гийн хамгийн том давуу тал байлаа. Хөлбөмбөгт өрсөлдөгчөө судалж, хариу тактик бэлтгэх нь зүйн хэрэг. Гэхдээ өрсөлдөгчөө хэт анхаарч, өөрсдийн хэв маягаа өөрчлөх нь эргээд ямар ч тоглолтгүй болгох нь бий. Дасгалжуулагч Сетьен энэ шугамыг хэрхэн хол давсныг тайлбарлах гэж хичээе.
“Барса” дөнгөж дөрөв дэх минутад эхний гоолыг алдлаа. Гурвалжин бараг үүсгэдэггүй 4-4-2 хувилбарын үед төвийн хоёр хагас хамгаалагч нь дундаасаа бөмбөг алдсанаар бүх зүйл эхлэв. Бускетсийн Де Йонг руу өгсөн дамжуулалтыг Мюллер тасалж, бөмбөг Гнабри, Перишич, Мюллер, Левандовски, Мюллерээр дамжаад гоол болою. Тухайн үед Бускетст Де Йонгоос өөр сонголт байсангүй. Хэрвээ 4-3-3 хувилбараараа тоглосон бол талбайн төвд ядаж нэг гурвалжин үүсэх байлаа. Өөрөөр хэлбэл төвийн хагас хамгаалагч бөмбөгөө заавал нөгөө төвийн хагас хамгаалагчдаа өгч алдах бус арай хойно байгаа хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчдаа өгөөд аюулаас мултрах байсан юм.
“Барса”-гийн хамгаалалт сайн биш л дээ. Гэхдээ хөлбөмбөгийн хамгаалалтын үндсэн зарчмыг удаа дараа зөрчсөнийхөө хариуд энэ үдэш гутамшигт ялагдал хүлээв. Хамгаалалтын үндсэн зарчим өрсөлдөгчийг саатуулах (delay), ар талыг нь хамгаалах (covering), тэнцвэр хангах (balance), нягт байх (compactness), харилцаа холбоотой байх (communications), отон тоглолтод оруулах (offside) зэрэг үе шатаас бүрддэг. Бускетсээс Де Йонг руу өгсөн дамжуулалт таслагдаж байх үед баруун жигүүрийн хамгаалагч Семеду довтолгоог дэмжих гээд тэлсэн байсан тул хумиж амжсангүй. Энэ үед түүний арыг даах учиртай Пике Перишичийг саатуулах үндсэн үүргээ биелүүлэхгүй байсаар нэлээн хол явуулж, хорват хагас хамгаалагч чухал дамжуулалт өгсөн юм. Уг нь эртхэн саатуулаад булан руу шахсан бол “Барса” эхний гоолыг алдахгүй байж болох л байлаа.
Гэхдээ удалгүй тоо тэнцсэн. Альба зүүн жигүүрээр нэвтэрч, Суарес руу хөндөлөн дамжуулалт өгснийг Алаба таслах гээд өөрийн хаалгыг мялаачихав. “Барса” сүүлийн жилүүдэд хоёрхон нөхцөлөөс гоол хийдэг болсон нь гашуун боловч үнэн. Эхнийх нь Месси бүхнийг бүтээх, удаах Альба зүүн жигүүрээр нэвтрэх.

Гэхдээ “Бавари” удалгүй дахиад л тэргүүллээ. Боатенгийн алсын дамжуулалтыг Семеду хүлээн авсан ч хоёр том алдаа дараалж гаргав. Эхлээд бөмбөгөө өөрийн болгох гэж хугацаа алдаж, удаад нь өөрийг нь цаг алдсаны улмаас шахуулах нь нэгэнт тодорхой болсон Серхио Робертод дамжуулсан юм. Левандовски, Гнабри нар амандаа орсон шар тосыг яаж хэлээр түлхэх вэ, шууд шавж очоод бөмбөгийг булаан авч гоолын довтолгоо эхлүүллээ. Эхний гоол дээр буруудсан Пике энэ удаа Гнабриг саатуулсан ч Перишич араар нь тойрч гүйсэн тул аргагүй яах аргагүй ганцаардав. Харин энэ чухал үед Пикегийн арыг хамгаалах учиртай Ленгле ангайж зогссоор байгаад хаалгандаа цохиулж гоол алдлаа. Хамгаалалт гэж хамгийн аюултай орон зайг хурдан нөхөхийг л хэлдэг юм шүү дээ. Үүний дараахан Перишичийг зүүн жигүүрээр нэвтрэхэд Серхио Роберто саатуулсан ч түүний арыг хэн ч хамгаалсангүй. Хаалганд шууд цохилт ирж, тер Штеген арайхийн хааж, ойсныг нь Левандовски нэмснийг дахин хаалаа.

Нойер хүнд бэртлийн улмаас 2017-2018 оны улирлыг өнжсөнөөс хойш урьдынх шиг тод гялалзахаа больсон нь үнэн. Магадгүй нутаг нэгт тер Штеген хаах чадвараараа түүнээс илүү болсон байх. Гэхдээ Нойерын хөлийн тоглолт, сүүлчийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх чадвар, багт үзүүлэх нөлөө нь хавь илүү хэвээр байна. Тэр баргийн бөмбөгийг цөлж алдахгүй. Бөмбөгийг урагш цөлөх гэж буй дүр үзүүлээд аль ч жигүүр рүүгээ дээгээр, доогуур хөнгөхөн шилжүүлж байна.

Орчин үеийн хөлбөмбөгт довтлогчийг хамгийн эхний хамгаалагч гэж үздэг болсон. “Бавари”-гийн урд талын дөрөв болох Гнабри, Перишич, Левандовски, Мюллер нар энэ үүргээ тун сайн гүйцэтгэсэн болохоор хаалгач Тер Штеген дэндүү их бөмбөг цөлж алдаж, тэр хэрээр “Барса” тоглолтгүй болж байлаа. Тоглолт үзэж байхад 2014 оны ДАШТ-ий шигшээ тоглолт санаанд орсноо өгүүлье. Тухайн тоглолтод Германы хүчирхэг хагас хамгаалагчид Аргентиний хамгаалах чиглэлийг тоглогчдыг маш хүчтэй шахалтаар дарамталж билээ. Үүний үр дүнд Аргентиний шигшээ багийнхан Машерано тэргүүтэй хойд хэсэг, Месси тэргүүтэй урд хэсэг болгон хуваагдсан юм. Довтолгоог эхлүүлэх учиртай хойд хэсгийнхэн германчуудыг давж чадахгүй байсан тул урд хэсгийнхэн үндсэндээ тоглолтоос гарч, маш цөөн довтолгоо өрнүүлсэн түүх дахин давтагдах шиг болов.

Эсрэгээрээ “Барса”-гийн довтлогчид эхний хамгаалагчийн үүргээ бараг гүйцэтгэсэнгүй. Уг нь өмнөх шатанд “Наполи”-той үндсэн 4-3-3 хувилбараар тоглож, эсрэг баг бөмбөгийг тавын зурааснаас тоглолтод оруулахад 1-2 байрлалтайгаар Месси, Суарес урд гарч, Гризманн араас нь нөхөж шахаж байлаа. Хэрвээ яг энэ шахалтаа “Бавари”-гийн эсрэг хийсэн бол аймшигтай олон довтолгооных нь багагүй хэсгийг нь эхлүүлэхгүй байж болох байв. Харин дасгалжуулагч 4-4-2 хувилбар сонгосон тул Месси, Суарес хоёр юу ч болсонгүй (4-4-2 шахалтын сул талыг өмнөх дүн шинжилгээний үеэр хангалттай дурдсан). Суарес төрөлхийн дайчин юм болохоор Алаба, Боатенгийн дундах замыг хаах гэж үзсэн ч аргагүй ганцаардсан бол Месси эхний хамгаалагчийн үүргээ бараг л гүйцэтгэсэнгүй. Заримдаа хоёул шахдаг ч арын тусламж байхгүй болохоор үр дүнд хүрэхгүй. Алькантара, Горецка ээлжээр хойш татаж, хамгаалагчдаасаа бөмбөг авдаг болохоор “Бавари” өөрийн хаалганаас талбайн төв хүртэлх том зайг ядах юмгүй туулж, гол аюул “Барса”-гийн дунд, арын шугамтай шууд тулж байлаа.

Талбайн төвд чөлөөтэй бөмбөг эзэмших Алькантарагийн эхлүүлсэн довтолгоо Горецкагийн гайхалтай дамжуулалтаар үргэлжилж, Гнабригийн гайхалтай цохитоор төгссөнөөр тоо 3:1 болов. Уг нь Де Йонг Алькантараг саатуулах байсан ч үнэхээр чадал хүрсэнгүй. Бөмбөг барьж довтолж сурснаас биш бөмбөг дагаж хамгаалж сураагүй “Барса”-гийнхан багаараа хэд шилжиж гүйгээд аргагүй голдоо зай гаргачихав. Энэхүү сиймхийг “Ла Масиа”-гийн бүтээгдэхүүн Алькантара мундаг мэдэрлээ. Болдогсон бол түүнийг л буцааж авчирмаар байна.

“Барса”-гийн дундын шугам үнэхээр суларчээ. Их итгэл хүлээлгэж авчирсан Де Йонг шийдвэр гаргах гэж дэндүү удаж байна. Бас биеийн үзүүлэлт сайнгүй болохоор бүх тулаанд дийлдлээ. Видалийг талбайд яах гэж гаргасныг огт ойлгосонгүй. Шави, Иньестагаас хойших довтолгооны хамгийн сайн санаачилгатай хагас хамгаалагч байсан Артур Мелог улирал дуусахаас өмнө явуулсан удирдлагуудыг бурхан өршөөг.
Испани маягийн хөлбөмбөг гэдэг нь бие жижиг ч хурдан шалмаг хөдөлгөөнтэй тоглогчид олон дамжуулж, бөмбөгийг цөөн хүрэлтээр уран гоё эзэмшихийг хэлдэг. Гэхдээ жижиг бие орчин үеийн хөлбөмбөгт үнэхээр гологдож буйг “Барса”-гийн алдсан дөрөв дэх гоол харуулав. Тоглолтын 31 дэх минутад нүүрний зураасаар гарч явсан бөмбөгийг Семеду хашиж гэсэн ч Левандовски шууд дайрч очоод булаагаад авчихав. Польш довтлогчийн хичээл зүтгэлийг Перишич үргэлжүүлж, хаалганы өмнүүр маш аюултай дамжуулалт дээгүүр өглөө. Гнабри, Альба хоёр агаарт үзэхэд испани хамгаалагч аргагүй жулдаж, тэнцвэр алдан газар уналаа. Түүнийг дөнгөж босоход Киммих баруунаас үхлийн дамжуулалт өгсөн байв. Мюллерийн өмнүүр орж хамгаалах учиртай Ленгле бас л хөдөлсөнгүй. Уг нь Умтити байсан бол арай хурдтай, бас бөмбөгний урдаас явдагсан. Эхний үеийн сүүл, сүүлийн үеийн эхний хэсэгт Перишич олон боломж алдаагүй бол тооны харьцаа бүр холдох байлаа.
Үеийн дундуур Гризманн орж ирснээр “Барса” үндсэн 4-3-3 хувилбар руугаа шилжиж, 57 дахь минутад хоёр дахь гоолоо оруулснаар хонгилын үзүүрт гэрэл аслаа. Месси талбайн төвөөс зүүн жигүүр рүү Альба руу гаргаж өгч, түүний торгуулийн талбайн зураас руу суулгаж өгсөн дамжуулалтыг Суарес хүлээн авч, Боатенгийг дарж хуураад цохьсон юм. Харамсалтай нь энэ “Барса”-гийн энэ тоглолтын сүүлийн амжилт байв.
“Герман машинууд” хоёр дахь гоолоо алдсаныхаа дараа өрсөлдөгчөө бүрмөсөн дарж авахаар шийдэв. 63 дахь минутад Альфонсо Дэвис зүүн жигүүрээр нэвтэрч Семедуг бүх зүйлээрээ илүүрхээд хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалт өгснийг Киммих гүйцээснээр тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм. Дэвис гэж “Мангас”-ыг нэгийн эсрэг нэг зогсоох хамгаалагч энэ цаг үед алга. Гэтэл “Барса”-гийнхан Семедуг түүнд хэд хэдэн удаа тавьж өгөөд арыг нь хамгаалаагүйг би ер ойлгосонгүй. Энэ жил 20 нас хүрэх либери гаралтай канад залууг Мальдини, Неста, Тюрам нар нэгийн эсрэг нэг үед зогсоож чадах байсан болов уу?

70 дахь минутад Ансу Фати орж ирснээр байрлал 4-2-3-1 болсон ч бүх зүйл оройтсон байлаа. Харин эсрэгээрээ “Бавари”-гийн дасгалжуулагч Ханс-Дитер Флик тоглолтын төгсгөлийг гардан гүйцэтгэх үүргийг Коутиньод оноож, талбайд гаргав. “Барса”-д гологдож “Бавари”-д зээлэгдсэн бразил залуу зургаа дахь гоолын дамжуулалтыг Левандовскид өгч, долоо, найм дахийг нь өөрөө хийлээ.

Д.Нанжид

 


“Барселона”, “Бавари Мюнхен”-ийн тоглолтын тактикт хийсэн дүн шинжилгээ  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй