Шууд Chart

Б.Буджаргал: Дэлхийд надаас өөр хэт холын зайн гүйлтийн тэмцээнд нэг жилд гурав түрүүлсэн хүн байхгүй

2020-09-10 17:18:24

Хоёр хөлтэй хүн битгий хэл дөрвөн хөлтэй адуу туулж барамгүй санагдах 780–1300 орчим км замыг зургаагаас арав хоногт туулдаг хэт холын гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш. Тэгвэл энэ спортын тамирчдыг өдгөө ранкаараа дэлхийд тэргүүлж буй Хэт холын зайн гүйлтийн тэмцээний Түүнийг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа.

-Та Тайландад очоод нэлээд удаан хугацаа өнгөрлөө. Хэчнээн тэмцээнд оролцож ямар амжилт үзүүлэв?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ирсэн, арав гаруй сар болсон байна. Энд ирээд өнгөрсөн нэгдүгээр сард уулын 72 км зайн гүйлтийн тэмцээнд оролцож, хоёрдугаар байрт орсон. Үүнээс гадна АНУ-ын Нью-Йоркт арван өдрийн, мөн дэлхийн хамгийн холын зайн буюу 5000 км зайн гүйлтийн тэмцээнд оролцох байсан ч “КОВИД-19”-ийн улмаас энэ хоёр тэмцээн цуцлагдсан. Одоо Тайландад гацсан байдалтай л байж байна даа.

Гэхдээ хэт холын зайн гүйлтийн тэмцээн одооноос Европ, АНУ-д зохион байгуулагдаж эхэлсэн. Энэ сарын 20-нд Тайландад болох 06:00-18:00 цаг хүртэл үргэлжилдэг 12 цагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцохоор төлөвлөн бэлтгэлээ базааж байгаа. Үүнээс гадна 10 дугаар сарын 1-нд БНХАУ-д болох 6 хоногийн, ‪11 дүгээр сарын 16-нд АНУ-ын Флорида мужид болох 6 хоногийн, ‪12 дугаар сарын 28-нд АНУ-ын Аризона мужид болох 10 хоногийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд орох төлөвлөгөөтэй байгаа. Тайландад гацсан хугацаандаа би зүгээр суугаагүй. Дээрх дөрвөн тэмцээнд зориулж, байнгын бэлтгэл хийсэн.

-Хэт холын зайн гүйлт спортын бусад тэмцээн, уралдаантай харьцуулбал ямар хэмжээний мөнгөн шагнал өгдөг вэ. Таныг ивээн тэтгэдэг байгууллага, спортын холбоо бий юу?

-Хэт холын зайн гүйлтийн тэмцээнүүдэд түрүүлэхэд цом, медаль, дурсгалын зүйл олгодог ч мөнгөн шагнал дагалддаггүй. Хамгийн том шагнал нь тамирчин өөрөө өөрийгөө ялан дийлэх тэр мэдрэмж, түүнийг даган ирдэг алдар хүнд.

-Тайландад нэлээн удаан хугацаанд гацжээ. Энэ хугацааны хувийн зардал, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэв?

-Найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар өдий хүртэл явлаа. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс надад гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас хоёр сая төгрөг хандивласан. Энэ ташрамд, намайг хүнд байдалд байхад дэмжлэг үзүүлсэн танай хамт олон болон бусад хүнд маш их баярлалаа.

-Та тэмцээнд оролцох зардлаа босгох гээд өр зээл тавьсан, Тайланд амьдарч байсан түрээсийн байрнаасаа хөөгдсөн гээд нэлээд хүндхэн байдалд байгаа юм билээ. Хэт холын зайн гүйлтийн нэг тэмцээнд оролцох зардал ойролцоогоор хэд орчим төгрөг болдог вэ?

-Нэгдүгээрт, өмнө нь оролцсон тэмцээнүүдийнхээ зардал мөнгийг босгох гээд өр зээл тавьчихсан байсан. Хоёрдугаарт, миний санхүүгийн байдал Тайландад амьдарч байгаа түрээсийн байрныхаа төлбөрийг төлж чадахгүй хэмжээнд хүрсэн гээд зовлон тоочвол зөндөө асуудал бий. Уг нь бэлтгэл ханачихсан байгаа дээрээ удахгүй зохион байгуулагдах тэмцээнүүдэд оролцоод ялангуяа АНУ-д болох хоёр тэмцээнд түрүүлчихвэл монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд дахин гайхуулах, Монгол Улсынхаа алдар хүндийг цуурайтуулах бүрэн боломж бий. Хэт холын зайн гүйлтийн нэг тэмцээнд оролцох зардал ойролцоогоор 30 орчим сая төгрөг болдог.

-Гадны орнууд хэт холын зайн гүйлтийн тамирчдаа хэрхэн дэмждэг вэ?

-Янз бүр л юм билээ. Тамирчны тэмцээний зардал, санхүүгийн асуудал дээр тухайн улс орны төр засгаас мөн бизнесийн байгууллага, компаниуд дэмжих, тамирчин хувиасаа гаргах зэргээр зохицуулдаг. Спортын ихэнх уралдаан, бокс, тулааны болон бөхийн төрлийн тэмцээн ихэнхдээ 5-10, 10-20 минут үргэлжилдэг. Харин хэт холын зайн гүйлтийн тэмцээн 6, 10 хоног үргэлжилдэг. Тамирчны тэсвэр хатуужлыг ийм удаан хугацаанд сорьдог. Тэр утгаараа хэр баргийн хүн хичээллэдэг спорт биш. Спортын энэ төрлийг ойлгохыг хүсвэл уншигчид Улаанбаатарын нэг захаас нөгөө зах руу тасралтгүй гүйгээд үзэхэд зах зухаас нь мэдрэх байх. Тийм дээ ч улс орон болгонд хэт холын зайн гүйлтийн тамирчин байдаггүй. Дэлхийн 200 орчим орноос 90 гаруй орны тамирчин л энэ төрлийн тэмцээнд ордог. Жишээлбэл, Тайландад хэт холын зайн гүйлтийн тэмцээнүүд зохион байгуулагддаг хэдий ч өөрийн орноос нь ордог тамирчин байхгүй. Мөн Малайз, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг улсад хэт холын зайн гүйлтийн тамирчин байдаггүй.

Тийм дээ ч миний хувьд ганц л ажлыг сайн хиймээр байдаг юм. Бэлтгэл дээрээ, тэмцээндээ сайн гүйгээд л аваргалаад л явж баймаар байна. Төр засаг юм уу аль нэг компани миний бэлтгэл, тэмцээнд оролцох зардлыг шийдээд өгдөг, гүйлтийн зам дээр зогсоод хоол хүнс залгуулах хүмүүсийг олоод өгдөг бол орсон тэмцээндээ аваргалах, монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд гайхуулах үүргээ сайн биелүүлж чадна.

-Та хэт холын зайн гүйлтийн спортоор хичээллэж эхэлснээсээ хойш нийтдээ ямар амжилт гаргав?

-2014 оноос хичээллэж эхэлснээсээ хойш дэлхийн аварга болон олон улсын чанартай есөн тэмцээнд орсон. Дөрвөн удаа аваргалж, нэг удаа дэд байр, хоёр удаа гуравдугаар байр, нэг удаа тавдугаарт орсон амжилт үзүүлээд байна.

-Таны туулсан хамгийн их болон богино зам хэдэн километр байв. Хэт холын зайн гүйлтийн тэмцээний зохион байгуулалт хэрхэн явагддаг вэ. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан дэлхийн аваргад таныг “арав хоног хоол, ус хэрэглэхгүй, өдөр шөнөгүй гүйсээр түрүүлсэн” гээд хүн итгэмээргүй мэдээлэл яваад байсан?

-Миний хэт холын зайн гүйлтийн тэмцээнд туулсан хамгийн бага зай зургаа хоногт 787 км, хамгийн их нь арав хоногт 1304 км зам туулсан. Хэт холын зайн гүйлтийн тэмцээн ямар ч завсарлагагүй зохион байгуулагддаг. Тиймээс ямар ч хүн арван өдрийн турш хоол хүнс, усгүй, нойргүй гүйж чадахгүй. Мэдээж тэмцээний дундуур тамирчид тухтай хооллож, унтаж болно. Гэхдээ тэмцээн ямар ч завсарлагагүй үргэлжилнэ. Тиймээс өрсөлдөгч өдөрт хоёр цаг унтвал илүү бага цаг унтаж байж л барианд түрүүлж орно. Бусад тамирчин тэмцээний дундуур саатаж, сууж хооллож байгаа нь харагддаг. Миний хувьд нэг ч удаа зогсож, сууж хооллодоггүй. Гүйлтэн дундаа эсвэл алхангаа хоол, ундаа иддэг.

-Та өнгөрсөн жил хэт холын зайн гүйлтийн гурван тэмцээнд түрүүлж, дэлхийд рекорд тогтоосон юм билээ?

-2019 оны нэгдүгээр сард АНУ-ын Аризонад болсон зургаан хоногийн гүйлтэд 787 км зайд аваргалсан. Миний дархлаа муудчихсан, бие эрүүл үеэсээ илүү ядарчихсан учир тэмцээнээ дуусгалгүй, дундаас нь болимоор байсан ч түрүүлж чадсан. Миний хамгийн их зовлон туулж түрүүлсэн тэмцээн тэр юм уу даа. Тухайн оныхоо дөрөвдүгээр сард  АНУ-ын Нью-Йоркт болсон арван өдрийн гүйлтийн тэмцээнд 1222 км гүйж аваргалсан. Дараа нь наймдугаар сард мөн АНУ-д болсон зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд тавдугаар байрт орсон. Бас л дархлаа муудаад могойн яр буюу бүслүүр үлд туссан үе байсан л даа. Гэсэн хэдий ч замаасаа гаралгүй бариандаа орж чадсан. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард хэт холын зайн зургаан өдрийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ази тивд анх удаа буюу БНХАУ-д болоход 834 км зам туулж, аваргалсан. Надаас өмнө нэг жилийн хугацаанд хэт холын зайн гүйлтийн тэмцээнд гурван удаа түрүүлсэн тамирчин дэлхийд байдаггүй байсан юм билээ.

-Тэр олон хоног урт зам туулаад барианд орох мөчид танд юу бодогддог вэ?

-Бусад тамирчнаас түрүүлээд барианд орохдоо би аварга болчихлоо гээд нээх их баярлаад байдаггүй. Хийх ёстой ажлаа хийсэн юм шиг л мэдрэмж төрдөг. Учир нь бусад спортын ялалт, ялагдал торгон агшинд шийдэгддэг. Харин хэт холын зайн гүйлтэд би яг ард яваа хүнээсээ хол тасархай буюу 42-100 км зайд тасарч түрүүлдэг. Тиймээс түрүүлсэн, аварга болсноо барианд орохоосоо өмнө нь мэдчихдэг гэх үү дээ.

-Олон өдрийн гүйлт маш хүнд хэцүү, спортын бэрх төрөл хэдий ч таныг амжилт гаргахад хамгийн том саад болж буй зүйл нь санхүү, тэмцээний зардал гэж ойлголоо?

-Тийм ээ. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өргөлөө гээд намайг төрөөс ч тэр, компаниуд ч тэр шагнаж урамшуулж байгаагүй. Төр засгаас надад баяр хүргэсэн ч юм байхгүй. Надад тэгж баяр хүргэх, намайг шагнах шаардлагагүй. Харин миний тэмцээнд оролцох зардлыг өгчихдөг бол сайхан байхгүй юу. Төр засаг тэгдэггүй юмаа гэхэд намайг дэмждэг компани, аж ахуй нэгж байдаг бол гэж боддог.

-Танд иргэншлээ сольж, өөрийнх нь улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцооч гэсэн санал гадны орноос ирж байв уу?

-Манай улсын тамирчин болооч гэсэн хэд хэдэн санал ирж байсан. Би огт ач холбогдол өгдөггүй байсан. Учир нь намайг хэт холын зайн гүйлтийн тэмцээнд гүйж байх үед Буджаргал гэдэггүй “Mongolia, Чингис хаан, Asia” гэж л дууддаг, дэмждэг. Мөн хэт холын зайн гүйлтийн тэмцээн Монгол Улсаа гадаадад сурталчлах их том гарц гэж бодогддог. Яагаад гэхээр АНУ-д зохион байгуулагдсан тэмцээнүүдэд түрүүлэхэд "The Wall Street Journal", "The New York Times"-д нийтлэл бичвэр гарч байсан л даа. Тухайлбал, Аризонад түрүүлэхэд “Аризонагийн хөндийг Чингисийн баатар байлдан дагууллаа” гэж гарчиглаад бичиж байх жишээтэй.

АНУ-д болсон тэмцээнд оролцоод гүйж байхад Нью-Йоркийн их сургуулийн профессор өөрийн орны тамирчнаасаа илүү намайг дэмжээд “Чиний судсаар Чингисийн цус урсаж байгаа. Чингис хаан бол энэ хорвоогийн хамгийн баатарлаг эр хүн. Тиймээс чи заавал түрүүлэх, аварга болох ёстой” гэж хэлж байсан. Харин одоо бол би цөхрөөд, туйлдаад ирэхээр гадны орноос ирүүлсэн саналыг эргэн бодох юм.

-Та зардал мөнгөний асуудлаас үүдэн хэт холын зайн гүйлтийн спортоо орхиё гэж бодож байв уу?

-Энэ спорт хүн төрөлхтөнд хүний биеийн тэсвэр тэвчээрт хязгаар үгүй гэдгийг, хатуужилтай байвал бидний бие махбод ямар их хүчтэйг ойлгуулж, асар их урам зориг өгдөг. Тиймээс хэт холын зайн гүйлтээ орхихгүй. Өөр нэг шалтгаан нь Азийн улсаас БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг, Тайвань, Балбын тамирчин хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцдог. Гэхдээ төдийлөн сайн амжилт гаргадаггүй. Харин АНУ, Канад, Англи, Франц, Австрали, ОХУ, Герман, Украин, Чех зэрэг орны тамирчин өндөр амжилт үзүүлдэг. Хэт холын зайн гүйгчдээс одоо би ранкаараа дэлхийд нэгдүгээр бичигдэж байгаа.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Буджаргал: Дэлхийд надаас өөр хэт холын зайн гүйлтийн тэмцээнд нэг жилд гурав түрүүлсэн хүн байхгүй  
Үзсэн: 3428 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй