Шууд Chart

Я.Шийлэгмаа: Бусдын соёлыг шүтсэн хүнийг бэлтгэх нь манай хөгжлийн гарц биш

2020-09-14 10:43:37

Монгол Улс боловсролын Үндэсний хөтөлбөртэй байх уу, эсвэл ... гэсэн маргаанд цэг тавиагүй байна. Тиймээс бид энэхүү асуудалд боловсролын салбарынхны төлөөллийн байр суурийг хүргэж байна. Энэ удаа МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга, доктор Я.Шийлэгмааг урилаа. 

Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “галт тэрэг” 2010 онд хөдлөв

Энэ бол шинэ сэдэв бус, Кембрижийн хөтөлбөрийн талаарх мэтгэлцээн 2011 оноос хойш өрнөж байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор “Боловсрол” үндэсний хөтөлбөрт “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн боловсролын стандарт, хөтөлбөрөөр хичээллэдэг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг байгуулна” хэмээн зааж өгсөн.

Засгийн газрын зүгээс эхний ээлжид Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг ерөнхий боловсролын 30 сургуулийг байгуулахаар төлөвлөж байсан боловч хөрөнгө санхүү, байр сууц, боловсон хүчин зэрэг хүчин зүйлсийн улмаас “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван сургуулийг байгуулсан хэдий ч өнөөдөр хүртэл 2 сургууль нь өөрийн гэсэн байргүй байгаа нь тус ажил хэр далайцтай хэрэгжиж байгааг илтгэнэ. Боловсролын салбарт Кембрижийн ОУ-ын хөтөлбөр оруулж ирэхийг үгүйсгээгүй. Кембрижийн стандарт маш сайн стандарт. Байгалийн ухааны хичээл, англи хэлний хөтөлбөр зэрэг нь сайн хөтөлбөртэй. Кембрижийн хөтөлбөр нь тухайн улсын үндэсний хөтөлбөртэй өрсөлддөг нэг л хөтөлбөр болно.

Кембрижийн хөтөлбөрөөр сургахад нэг сурагчид оногдох шууд зардал 2.5 дахин өснө 

Кембрижийн стандарт маш сайн стандарт гэж хэлсэн. Гэвч бид эхлээд улс орныхоо бодит байдлыг нягтлах нь чухал байна. Үүний тулд:

Нэгт, Монгол улсын өнөөдрийн санхүү эдийн засгийн байдал асар өндөр өртөгтэй, хэрэгжүүлж буй олон улсын байгууллагадаа ашиг авчирдаг, бизнесийн суурь шийдэлтэй энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж хэр байгааг ул суурьтай судалж байж хэрэгжүүлэх нь зүйтэй.

Хоёрт, Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын төсөв хүнд байдалд орж болзошгүй. Өнөөдөр монгол улсын эдийн засаг сайнгүй байна. Ирэх жилүүдээс олон улсад төлөх ёстой бондуудын өрийн асуудал гарч байгаа энэ цаг дор өндөр зардалтай боловсролын реформыг хийх нь хэр цаг үеэ олсон асуудал вэ?

Гуравт, Кембрижийн хөтөлбөртэй дунд сургуулийн жилийн төсөв ердийн дунд сургуулийн төсвөөс 25 дахин их. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 800 гаруй дунд сургуулийг бүгдийг нь Кембрижийн хөтөлбөртэй болгоно гэвэл тус бүрд нь 25 дахин их төсөв зарцуулах хэрэгтэй болно гэсэн үг. Тийм их төсөв, хөрөнгө бидэнд байна уу? Кембрижийн сургуульд сурч байгаа нэг хүүхдийн хувьсах зардал 2,6 сая төгрөг байхад үндэсний хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хувьсах зардал 374 мянга байна.

Дөрөвт, Тус сургуулийг байгуулах стандарт өндөр учир маш их мөнгө шаардагдах хэдий ч энэ сургуульд цөөнх эдийн засгийн боломжтой айлын хүүхдүүд суралцана. Нэг ангид байх хүүхдийн тоог 20-25 болгож хязгаарлана. Бид сургууль, анги танхим, сурах бичиг, лаборатори,  багш нараа бэлдээгүй байна. Өнөөдөр төрийн өмчийн сургуулиуд ачааллаа дийлэхгүй нэг ангид 50-60 хүүхэд суралцаж, багш нар сургалтын хэрэглэгдэхүүний хангалттай санхүүжилтгүй, багшийн цалин бага зэрэг шийдэх олон асуудал байсаар байна.

Тавд, Өнөөдөр Кембрижийн сургуулийн тоог 10 хувьд хүргэнэ гэж ярьж байна. Бусад 90 хувь нь яах вэ?. Бусад 90 хувь нь энэ сургуульд хамрагдаж чадахгүй юм бол энэ сургуулийг байгуулах үр дүн нь хэнд тусах вэ? Эндээс харвал боловсролд зарцуулах төсвийг илүүчлэн 10 хувийн сургуулиудад хуваарилаад бусад 90 хувь нь улам дордоно.  Тэгш хүртээмжтэй боловсролын зорилт энэ мөн үү?. Кембрижийн нэг сургууль байгуулахад 8,5 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоог хийсэн байна. Эхлээд 30 сургууль байгуулаад цаашдаа 800 сургууль байгуулах уу? Хэрвээ бүх сургуулиа Кембрижийн хөтөлбөртэй болгох зорилго тавиагүй бол заавал өндөр өртөгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдүүдээ ялгаатай сургуульд сургах хэрэг бий юу?

Зургаад, Энэ олон асуудлаа шийдэхгүйгээр гадаадын хөтөлбөрт маш их мөнгө төлөх нь хэр зохимжтой вэ? Бид сурах бичгээ өөрсдөө зохиогүй, бичихгүй гадаадын сурах бичиг хэрэглэнэ. Кембрижийн нэг сурах бичиг дунджаар 100 орчим мянган төгрөгийн үнэтэй. Ийм сурах бичгийг худалдан авах чадвартай эцэг эхчүүд хэд билээ. Энэ бол нэг л жишээ.

Долоод, Энэ хөтөлбөрт хамрагдсан сургууль бүр гишүүнчлэлийн татварт жилд 5000 фунт стерлинг төлнө. Кембрижийн сертифкат нэг хүүхдийн  зуу орчим доллар. Тухайн шалгалтуудыг зөвхөн Кембрижийн боловсролын төвөөс авна. Шалгалтын хариуг шуудангаар явуулж, тус төв өндөр өртгөөр засна. Тэгэхээр хүүхдийнхээ тоогоор, шалгалтынхаа тоогоор үржигдсэн валют гадагшаа урсана гэсэн үг. Энэ мөнгө зөвхөн эцэг эхчүүдээс гарна. Гэтэл өнөөдөр манай дунд сургууль нэг үгээр  МУ-ын төр сурагчдаасаа  шалгалт авахдаа нэг ч төгрөг авдаггүй. Түүнчлэн багш нарын эрхийн шалгалт, удирдах албан тушаалтай болон багш нарын мэргэжил дээшлүүлэх зардал, гадаад багшийн зардал, хичээлийн хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдийн хэрэглэгдэхүүн, сургалтын материалын зардал гэх мэтээр зардал хөвөрнө.

Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудыг төр өөрөө бий болгох зөв үү

Бид ерөнхий боловсролын төрийн өмчит сургуулиа чанаржуулах шаардлага бий гэдгийг өмнөх өдрүүдэд өрнөсөн мэтгэлцээнээс харж болно. Эндээс хамгийн авьяастай цөөн сурагч, багшийг шилж сонгон авч өндөр өртөг зардлаар хос хэлээр сургалтыг явуулж буй  Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудыг төр өөрөө бий болгох нь зөв үү? гэсэн асуудал хөндөгдөж байна. МУ-ын өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн хүчин чадлыг ул суурьтай судалж, бэлтгэлээ сайн  хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ийм өртөгтэй сургуульд дунджаас доогуур орлоготой хувийн сургуульд сурах боломжгүй хүүхдүүд суралцана гэдэг нь хэр хэрэгжих боломжтой вэ? гэдгийг эргэцүүлэх л асуудал.

Боловсролд зарцуулах ДНБ-ны хэмжээг жил бүр нэмэгдүүлэх шаардлага байна. PISA тэргүүлэгч ДНБ боловсролд зарцуулах хэмжээ 7 хувь, Норвеги 8 хувь, Финланд 6,9 хувь гэтэл Монгол улс 2,1 хувиар 98 дугаарт эрэмблэгдэж байна. Тиймээс боловсролын яам хүүхэд бүр Кембрижийн лиценз төлж шалгалт өгдөг тогтолцоог бус харин Монголын сургалтын стандартыг дэлхий хүлээн зөвшөөрдөг тогтолцоог байгуулах явдал юм. Бид гадаадын бүх юм сайн  гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй.

Бидэнд гарц байна. Ингэхийн тулд нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, багшийн цалинг нэмж, сургалтын орчин, сурах бичгийг шинэчлэн, англи хэлний хөтөлбөрийг чанаржуулах шаардлага байна. Дийлэнх нь суралцаж буй улсын сургуулиудын чанарыг эрс сайжруулах яаралтай хэрэгцээ тулгамдсан хэвээр, мөн нийгмийн хөрөнгөтэй хэсэг нь хувийн сургууль байгуулж үйлчлүүлэх боломж нээлттэй байсаар байтал цөөн тооны хүүхдэд үйлчлэх өндөр өртөгтэй боловсролын үйлчилгээг улсын төсвийн мөнгөөр, нийт татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх нь хэр зохистой бол.

Ерөнхий боловсролын сургуулиуд ялгаралд орсон нь бодит байдал

Бид хүүхдүүдээ анги давхаргад ялгаад эхэлчихсэн. Ерөнхий боловсролоос хүүхдүүдийн хүртэж буй үр шим нь тэдний эцэг эхийн орлого, нийгмийн байдлаас хамаарч хүчтэй ялгаралд орсныг судлаачид дүгнэдэг. Өндөр үнэтэй хувийн сургуулиуд, Кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулиуд, энгийн дунд сургуулиуд, гэр хорооллын болон сумын сургуулиуд гэх мэтээр ангилал цаашаа хөвөрнө. Хүүхдүүд хэний хүүхэд болж төрснөөс шалтгаалан боловсролын үнэлэмж ялгаатай орчинд суралцаж байна. Ядуурал өндөртэй манай оронд үндэсний боловсролоо тэтгэхгүй бол чанартай боловсролыг эдийн засгийн боломжтой эцэг, эхтэй хүүхдүүд хүртсэнээр нийгмийн ялгарал улам ихсэх аюултай. Сургуулиудын ялгаатай байдлаар хүүхдүүд бусдыг ялгаварлан гадуурхах, өөр хоорондоо зиндаархах байдал үүсэх нь тодорхой.

Яг энэ асуудлаар 2011 онд Дэлхийн банкны зөвлөх Петер Мүүк  нар судалгаандаа Кембрижийн боловсролыг нийт боловсролын системдээ нэвтрүүлэх нь сайн туршлага болохгүй бөгөөд  өртөг зардал өндөр тул орлоготой айлын хүүхдүүд хамрагдах төдийгүй боловсролын төсвийн 7,5 хувийг сурагчдын 1,5 хувьд зарцуулах тул тэгш бус байдлыг нэмэгдүүлнэ хэмээн анхааруулсан байгааг бид эргэн харах нь зүйтэй.

Кембрижийн хөтөлбөрийг дэлхийн 160 гаруй орон хэрэгжүүлдэг дэлхийн хэмжээний хөтөлбөр гэж буруу ойлгож, тайлбарлаж байна  

Кембрижийн хөтөлбөр нь анх Их Британийн хараат орнуудад Английн их сургуульд элсэх шаардлагыг хэр хангаж байгаа байдлыг үнэлэх зорилгоор бий болж аажмаар дэлхийн олон улсын хөтөлбөртэй сургуулиудад нэвтэрсэн. Гэхдээ тус хөтөлбөр хэрэгжиж буй 166 орон улс нийтээрээ үндэснийхээ түвшинд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэрэглээд байгаа юм биш. Яг л манайх шиг цөөн хэдэн сургууль нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. Үндэсний хөтөлбөр болгон хэрэгжүүлж буй Сингапур улс нь Английн колони байсан. Хүүхдүүд  нь англиар  хэлд ордог улс. Нөгөө талд эдийн засгийн хүчин чадал сайтай улс.  Тиймээс ч тус хөтөлбөр Сингапурт хэрэгжих бүрэн боломжтой. Ийм оронтой өөрсдийгөө харьцуулаад гаднын хөтөлбөрийг монголдоо шууд буулгах гээд байгаа нь өрөөсгөл. Англи улс гэхэд Кембрижийн хөтөлбөр байсаар байтал өөрийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Бид англи хэлний хөтөлбөрийг улам чанаржуулж багш нарыг сайтар бэлтгэж, цалинг нэмэгдүүлэх нь Кембрижээс дутахгүй үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Англи хэлний хичээлийн чанар сул учраас нэг талаараа Кембриж хэмээн хошуурах шалтгаан болж байна.

Цөм хөтөлбөр, Кембрижийн хөтөлбөрөөс дутуугүй нь тогтоогдсон 

Кэмбрижийн хөтөлбөрийн хамгийн гол асуудал үүсгээд байгаа зүйл нь бүх хөтөлбөр сургалтын үйл ажиллагаа тэдний стандартаар явна.

Бид аль нэгэн улсад улсынхаа боловсролын асуудлыг даатгах нь хэр зөв бэ? Бид хөтөлбөргүй ард түмэн биш, бидэнд 2014 оноос хэрэгжүүлж буй цөм хөтөлбөр байна. Бидэнд үндэснийхээ хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөрийн хэмжээнд чанаржуулаад олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог хөгжүүлэх боломж байна. Энд нэг л сонголт байна. Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадын боловсролоос хамааралтай байх уу? цөм хөтөлбөрөө сайжруулаад, үндэсний боловсролын агуулга, тогтолцоогоо өөд нь татах уу? Цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх асуудалд сурах орчин нөхцөл, сургалтын хөтөлбөр, багшийн чанар, заах ур чадвар, эцэг эхчүүдийн оролцоо, тухайн хүүхдийн өөрийнх нь сурлагын түвшин нөлөөлнө. Мөн нэг багшид ногдох хүүхдийн тоо, багшийн ажлын ачаалал, нийгмийн хангамж, цалин хөлс гээд олон зүйлийг дурьдах хэрэгтэй болно. Тэгэхээр бид сайн суралцагч, багштай байхын тулд  боловсролын салбартаа хөрөнгө хаях хэрэгтэй байна.

1990 оноос хойш 30 жилд бид хөтөлбөрөө 3 удаа шинэчилсэн. 2014 оноос “Цөм” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байгааг та бид мэднэ.  Боловсролын салбарынхан үндэсний Цөм хөтөлбөр, Кембрижийн хөтөлбөрөөр олгож байгаа боловсролын ялгаатай байдлыг,  давуу, сул талыг судалсан. Ялгаатай байдал маш бага. Тиймээс бидэнд “Цөм” хөтөлбөрөө сайжруулаад ОУ-ын жишигт хүргэх бүрэн боломж байна.

Бусдын соёлыг шүтсэн хүнийг бэлтгэх нь Монгол улсын хөгжлийн гарц биш 

Бид өөрсдийн гэсэн эрдэмтэд судлаачидтай, мэргэжилтнүүдтэй, боловсролын яамтай, нэг үгээр тусгаар тогтносон бие даасан улс. Гэтэл шууд хүний юмыг авч хэрэглээд, тухайн улсын боловсролын системээс, боловсролын байгууллагаас хараат болъё гэдэг нь хэр зохимжтой вэ. Тэгэхээр үндэсний боловсрол, хөтөлбөрөө улам сайжруулж чанаржуулах тухай асуудал ярихаас бус бусдын зүйлийг хуулж тэндээс хараат байх асуудлаас зайлсхийх нь зүйтэй байх. Хэрвээ Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тохиолдолд манай улс гэрээнийхээ хүрээнд их хэмжээний төлбөрийг жил бүр паундаар төлнө. Энэ мөнгө МУ-ын Засгийн газраас, эцэг эхчүүдээс гарна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх, сурах бичиг зохиох, хэвлэх гээд сургалтын ихэнх үйл ажиллагаа тэдний мэдэлд очно. Тэдний тархиар бий болсон ном сурах бичгийг хэрэглэж байгаа учраас төлбөр төлнө. Энэ үүднээсээ бид бусад багш, мэргэжилтнүүдийн анхааруулаад байгаа шиг боловсролын хараат болно. Тэр улсын боловсролоор хүүхдүүдээ хүмүүжүүлсэн тохиолдолд монгол сэтгэхүй, монгол хэл хэрхэх бол?  

Социализмын үед манай улс орос боловсрол эзэмшсэн, оросоор ярьдаг, орос сэтгэлгээтэй, орос эхнэр авдаг  ийм сэхээтнүүдтэй байсан шүү дээ. Тухайн улсын боловсролыг эзэмшсэн хүн тухайн улсдаа илүү элэгтэй, хандлагатай болдог гэдэг. Тиймээс бид хойч үеэ хааш нь чиглүүлэх гээд байна гэдгээ сайн бодох хэрэгтэй.  Миний хувьд “Цөм” үндэсний  хөтөлбөр байхад яагаад сайжруулаад явж болохгүй гэж гэсэн байр суурьтай байна. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тэргүүтэй боловсролын салбартаа ажиллаж байсан, энэ тогооныхоо бүх асуудлыг мэдэж ойлгож байгаа УИХ-ын гишүүд, бас эрдэмтэн судлаач багш нар бодитой зүйлийг хэлж байна. Боловсрол бол тухайн үндэстний дархлаа хэмээн үзэж болно. Финланд улсад туршлага судалж байхад олон зуун жил бусдын колонид байсан тус улс боловсролдоо хөрөнгө оруулснаар хөгжсөн түүхтэй.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Я.Шийлэгмаа: Бусдын соёлыг шүтсэн хүнийг бэлтгэх нь манай хөгжлийн гарц биш   
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй