Шууд Chart

Монгол Улсын аварга Н.Батсуурийн чимгийг хураах уу, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах уу

2020-09-14 17:04:27

Монгол Улсын аварга Н.Батсуурь дөнгөж сая хэвлэлийн бага хурал зарлаж, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдэгдсэн сэргээшийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн билээ.

Тэрбээр, “Лабораторийн шинжилгээтэй маргах юм байхгүй. А, В сорьцын дүн зөрсөн түүх байхгүй. Савыг нь дахин ашиглах боломжгүй, шинжилгээ өгсөн бөхөөр лацдуулдаг учраас шээс солино гэж байхгүй. Судалж үзэхэд надаас илэрсэн бодис эмчийн жоргүй худалддаг, Монгол Улсын эмийн бүртгэлд байдаг, 400 төгрөгийн зүрхний эмэнд байдаг юм байна. Би худалдаж авч уугаагүй ч надаас шинжилгээгээр илэрсэн нь үнэн учраас бөхийн спортод хайртай ард түмнээ хүндэтгэж уучлал хүсч байна. Гурван үеэрээ бөхөд зүтгэсэн аварга хүний хувьд үлгэр дуурайл болж В сорьцоо шинжлүүлэхгүй, хариуцлагаа хүлээж, шинжилгээний дүнгээ өөрөө зарлаж, уучлал гуйж байна” гэсэн юм.

Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд, “Шөвгийн 16-д үлдсэн бөхөөс авсан шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэж заасан байдаг.

Засгийн газрын 178 тоот тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

Дүрмийн 9.3.5-д “сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

9.3.6-д олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон  хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулна гэсэн байдаг юм.

Тэгэхээр Баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбарын хорооноос түүний найм даван үзүүрлэж, “тод сонин” чимгийг хасах. Эсвэл Баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцлагыг давхардуулан олгоно гэж үзвэл Үндэсний баяр наадмын тухай хуульд заасанчлан баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах шийдвэр гаргаж ч мэдэхээр болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга Н.Батсуурийн чимгийг хураах уу, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах уу   
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй