Шууд Chart

О.Цэцэглэн: Би могойноос айдаггүй. Ер нь амьтад надад тааламжтай ханддаг

2020-09-17 15:38:14

“Монголжингоо” уран нугараач төвийн тэргүүн, уран нугараач О.Цэцэглэнтэй ярилцлаа. Тэрбээр Италийн “MSC” компанийн “Bellissima” нэртэй усан онгоц дээр “Нарны цирк” багт харьяалагдан уран нугаралтын үзүүлбэр үзүүлж байгаад “Ковид-19” цар тахлын улмаас эх орондоо түр ирээд байгаа аж.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Сайтынхаа хүндтэй зочноор урьж ярилцаж байгаад баярлалаа. Дэлхий дахинаа тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас миний харьяалагддаг компанийн үзүүлбэр түр зогссон тул эх орондоо ирээд байгаа минь энэ. Тусгаарлалтаас гэрийн нөхцөлд шилжээд 14 хонож байна. Би өмнө нь Үндэсний урлагийн их театрт 2009-2017 оны хооронд уран нугараачаар ажилласан.

-Таныг нягтлан бодогч мэргэжилтэй гэж сонссон. Уран нугараач хүн хэзээ нь өмнөх мэргэжлийг сонгов ...

-2008 онд “Мандах” дээд сургуульд элсэн орж, таван жил сурсан. Харин уран нугаралтын хувьд найман настайгаасаа мэргэжлийн багшид шавь орсон түүхтэй. Тэр цагаас хойш 23 дахь жилтэйгээ золгож байна.

-Дотооддоо нэг их ажилладаггүй бололтой. Хил нээгдэхээр буцаад явах нь гэж ойлголоо ... 

-Тийм ээ, буцаж явна. Гэхдээ танд одоо дотооддоо нэг их ажилладаггүй юм шиг харагдаж байгаа ч өмнө нь ажилласан жилээ тоолбол би бусад уран нугараачаасаа хамгийн олон жил ажилласанд тооцогддог. ҮДБЭТ буюу одоогийн Үндэсний урлагийн их театрт 10 орчим жил ажилласан. Тухайн үед гадагшаа явсан ч богино хугацааны  гэрээгээр эсвэл тэмцээнд оролцох гэж л явдаг байлаа. Тэр үед дотоодынхоо үзэгчдийг анзаарахад хошин шог эсвэл хамтлаг, дуучдын тоглолтыг л идэвхтэй үздэг байв. Тэр үед надад “Монголд уран нугаралт хөгжих хол байна даа. Хүний бие цогцоор хийгддэг циркийн урлагийг мэдрэх, сэтгэлийн таашаал авах болоогүй юм байна” гэж бодогдсон. Тэгээд л би ажлаасаа гарч, европыг зорьсон доо.

-“Могойн чуулган” нэртэй бие даасан анхны тоглолтоо эх орондоо хийсэн. Танаас өмнө ийм тоглолт хийсэн уран нугараач бий юу?

-2015 онд дээрх тоглолтоо 13 нугараачийн хамт хийсэн. Дотоодын үзэгчиддээ энэ урлагийг улам мэдрүүлэх гэж л тэр. Надаас өмнө хэн ч ийм тоглолт хийгээгүй. Мөн 2017 онд “Ерөөшин” нэртэй эмэгтэйлэг секси талдаа гэж хэлбэл илүү тохирох тоглолтоо гурван удаа хийж байлаа. Ер нь манай улсад уран нугараачийн ажлын байр, үнэлэмж маш бага. Харин гадаадад тэс өөр байдаг. Жишээ хэлэхэд тухайн үед Үндэсний урлагийн их театрт ажиллаж байхдаа би 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байсан. Тэр мөнгөөр хүн яаж амьдрах вэ дээ. Ажлынхаа хажуугаар зарим газар урилгаар тоглолоо ч хүрэлцээ муу байсан. Тиймээс би “Намайг үнэлдэг газар руу явъя даа” гэж бодоод харийн орныг зорьсон.

-Италийн “MSC” компанийн “Bellissima” нэртэй усан онгоц дээрх “Нарны цирк” багийнхаа тухай тодруулна уу?

-Одоогоор хамгийн сүүлд хийсэн гэрээ энэ болж байна. “Ковид-19” цар тахал дэгдэхээс өмнө буюу 14 хоног ажилласан. Хил нээгдэж, ажиллах боломж гарлаа гэнгүүт хүлгийн жолоо зална даа. "Нарны цирк" багийн хувьд усан онгоц дээр ердөө хоёр дахь жилдээ үзүүлбэр үзүүлж байгаа ч анх байгуулагдсан түүх нь 1980 оны эхэн үе юм байна билээ. Түүнчлэн тус компани 20 гаруй усан онгоцтой бөгөөд хэдэн арван орны уран нугараачтай урт хугацааны гэрээ хийж ажилладаг. Итали явахаасаа өмнө би Германд ажиллаж байсан. Энэ удаагийн гэрээний маршрут Дубай, АНЭУ, Катар зэрэг улсын далайд зорчихдоо долоон сарын турш ажиллахаар хийгдсэн. Дараа нь Малайз, Тайван, Сингапур, Япон зэрэг Азийн орныг дамжин явах байлаа. Цар тахал намжихаар хэрэгжинэ байх аа. 

-Сонирхуулбал нэг жилийн гэрээ ямар өртөгтэйгөөр хийгддэг вэ. Мөн долоо хоногт ямар давтамжтайгаар ажилладаг вэ?

-Гэрээнээсээ хамаараад янз бүр байна л даа. Ямар шоу, хэр нэр хүндтэй газар ажиллах гээд л. Энэ удаагийн тоглолт долоо хоногт 6-10 удаа тоглолттой байхаар хийгдсэн. Усан онгоц дээр өдөрт хоёр удаа, долоо хоногт 5-6 өдөр ажилладаг. Том шоу, том газар ажиллах тусмаа мэдээж цалин хөлс өндөр.

-Та бүхний аюулгүй байдал хэрхэн хангагдсан байдаг вэ?

-Гадаадад ажилахад хамтран ажилласан компани эрүүл мэндийн болон гэнтийн ослын даатгалд хамруулдаг. Гэхдээ мэдээж өөрсдөө аюулгүй байдлаа хангаж ажиллах үүрэгтэй. Хэн гэмтэхийг хүсэх вэ дээ. Ямар нэгэн асуудал үүсвэл Монгол Улсын маань л нэр гарах учир сэрэмж өндөр байх хэрэгтэй. Би ямар нэгэн өвчин туссан, гэмтсэн байлаа ч ажлаа цадгардуулахгүйгээр тоглохыг хүсдэг. Түүндээ ч хүрдэг. 

-Гадаадын бизнесменүүд хувийн журмаар болзох санал тавих тохиолдол байдаг уу. Мөн та энэ удаа хэдэн орны циркийн жүжигчинтэй хамт ажиллаж байна вэ?

-Тийм санал ирж байгаагүй ээ. Бүтэн шоунд циркийн олон төрлийн номер багтдаг. Энэ удаа 25 жүжигчинтэй, 45 минутын шоу үзүүлдэг. Ер нь богино хэмжээнийх гэж ойлгож болно. Усан онгоц дээрх шоу ихэвчлэн ийм байдаг л даа. АНУ, Канад, Австри, Атали, Филипин, Франц гэх мэт 10 гаруй орны 25 жүжигчинтэй нэг баг болж байна.

-Гэрээ хийх компанитайгаа хэрхэн холбогдож хамтарч ажилладаг вэ?

-Сошиал хаягууд, имэйлээр санал ирдэг. Монгол нугараачид дэлхийд хамгийн мундаг нь. Аль хэдийнээ дэлхийд танигдчихсан байдаг учраас энд тэндхийн шоуны хэв маягт таарч байвал “Тантай хамтарч ажиллах гэсэн юм” гээд өөрсдөө л холбоо барьдаг. Харин бид тэдэнтэй түрүүлж санал тавих шаардлаггүй. Гэтэл Монгол хүмүүс л өөрийн орны нугараачдаа үнэлдэггүй, хүндэлдэггүй, мэддэггүй. Гадаадад Монгол нугараачид хамгийн нэр хүндтэй, авъяас чадвартайгаараа батлагдчихсан. Дэлхийн бүх том шоу, цирк, театрт Монгол нугараач байдаг. Харамсалтай нь Монголчууд л бидний мэргэжил, ур чадварыг мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй.

-Танд могойтой үзүүлбэр байдаг юм билээ. Анх энэ айхтар амьтантай үзүүлбэр үзүүлэхдээ эмээж байсан уу?

-Хоёр удаа могойтой үзүүлбэр хийсэн. Гэхдээ хүний могой л доо, минийх биш. Би могойноос нэг их айж эмээгээд байдаггүй ээ. Амьтад ер нь надад тааламжтай ханддаг.

-Могойноос өөр ямар амьтантай хийсэн үзүүлбэр байдаг вэ. Та ер нь хэдэн амьтантай нэг "баг" болсон бэ?

-Могойноос өөр амьтантай үзүүлбэр үзүүлж байгаагүй ээ. Харин зураг авхуулах гэж морин дээр хэд хэдэн удаа нугарсан. Мөн дээрээ шувуу суулгаж байгаад нугарч байлаа. Би амьтан сургагч биш учраас амьтадтай үзүүлбэр хийдэггүй. Амьтантай үзүүлбэр хийнэ гэдэг чинь тэр амьтнаа сургана гэсэн үг шүү дээ.

-Олон улсын тэмцээнд хэрхэн оролцож, ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Дөрвөн хүрэл медаль, дөрвөн тусгай байрын шагнал хүртэж байсан. “Monte-Carlo international circus festival” гэж дэлхийн хамгийн том тэмцээн байдаг юм. Энэ бол дэлхийн бүх циркчийн хүсэл мөрөөдөл. Спортоор ярьвал олимп. Энэ тэмцээнээс есүүлээ нэг хос болж, хүрэл цом хүртэж байсан. Ер нь бид нарын оролцдог тэмцээн хамгийн том, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн алдартай байдаг.

-Ярилцсанд баярлалаа.























Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Цэцэглэн: Би могойноос айдаггүй. Ер нь амьтад надад тааламжтай ханддаг  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй