Шууд Chart

Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэтийн төлөвийг тодорхойлох хамтарсан судалгааг эхлүүллээ

2020-09-18 14:55:09

Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлөөс Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Монгол Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн харилцаанд биеллээ олоогүй ихээхэн нөөц бололцоо байна гэж шинжээчид үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг хэмжээгээрээ харьцангуй жижиг ч Евразийн эдийн засгийн холбоотой түүхэн хэлхээ холбоотой улс. Газарзүйн байрлалаараа Евразийн эдийн засгийн холбоотой хөрш зэргэлдээ оршдог Монгол Улс нь тус Холбооны гишүүн орнуудтай хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Одоогоор, Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх, Монгол Улсад ачааны вагон нийлүүлэх төслүүд, мөн иргэний агаарын тээврийн барилга байгууламж, эрчим хүчний инженерчлэл, газрын хэвлий ашиглалт, төрийн удирдлагын автоматжуулалт болон зам барилгын чиглэлээр хамтран ажиллах төслүүдийг хэлэлцэж байна. Хамтын ажиллагааны бусад чиглэлийн хувьд аж үйлдвэр, цэрэг-техник, цөмийн эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар хамтран ажиллах боломжийг судалж байна. Өнгөрсөн онд Орос-Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан байгуулах тухай хэлэлцээрийг байгуулсан. Мөн Казахстан Монгол Улстай хамтран 100 сая ам.долларын хөрөнгө оруулалттай шууд хөрөнгө оруулалтын санг байгуулаад байна.

Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд худалдааны тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх ба техникийн зохицуулалт, гаалийн үйл ажиллагаа болон бусад салбар хүрээнд учрах саад бэрхшээлийг арилгахад энэ нь дөхөм болох юм. Евразийн эдийн засгийн комиссоос гаргасан үнэлгээнээс үзэхэд, хоёр талын худалдааны нийт хэмжээ 250 сая ам.доллароор өсөх магадлалтай байна. Евразийн эдийн засгийн холбооноос Монгол Улсад аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг илүү их хэмжээгээр нийлүүлсэн тохиолдолд Монгол Улсаас худалдан авах байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ өсөх боломжтой гэж үзэж байна.


Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэтийн төлөвийг тодорхойлох хамтарсан судалгааг эхлүүллээ  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй