Шууд Chart

Жанин Аньес Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ татгалзлаа

2020-09-19 12:41:21

Боливын түр Ерөнхийлөгч Жанин Аньес Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ татгалзаж байгаагаа зарлалаа. Тэрбээр “Ардчилсан нэр дэвшигчдийн хооронд санал хуваагдах аюултай болохоор би татгалзаж байна” гэж "фэйсбүүк" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Хэрвээ барууны хүчнийхэн нэгдэхгүй бол Эво Моралесын “Социализмын хөдөлгөөн” ялж магадгүй гэж тэрбээр үзсэн гэжээ.

Боливын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа улстөрч Карлос Меса төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчийнхээ сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан энэ шийдвэрийг дэмжиж, түүнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Харин Эво Моралес Жанин Аньесийг нэрээ татсаныг дэмжигчид, нэр дэвшигчдийн давхар урвалт боллоо гэж үзсэн байна. Жанин Аньесийг шийтгэлгүй үлдэх тохиролцоогоо хийж, ийм шийдвэр гаргасан гэжээ.

Эргэн сануулахад, Болив улсад өнгөрсөн оны 10 дугаар сарын 20-нд сонгууль болж, Ерөнхийлөгч Эво Моралес ялснаа зарласан юм. Гэтэл Карлос Меса тэргүүтэй сөрөг хүчнийхэн сонгуульд олон будлиан гарсан гэж мэдэгджээ. Эво Моралес анхандаа шинэ сонгууль дахин зарлая гэсэн боловч удалгүй цэргийнхний шахалт дарамтаар төрийн тэргүүний суудлаа орхиж, Боливоос зугтсан юм. Түүний араас Боливын бараг бүх дээд удирдлага ажлаа өгч, сенатын сөрөг хүчний дэд дарга Жанин Аньес төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэсэн юм. Энэ улсад өнгөрөгч тавдугаар сард сонгууль болох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдож, ирэх сарын 18-нд сонгууль явуулахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Жанин Аньес Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ татгалзлаа   
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй