Шууд Chart

Түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

2020-09-20 10:28:42

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар бцолгохоор тусгасан. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс тогтвортой нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болох томоохон зорилт тавьсан юм. Энэ хүрээнд Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх сумдад нийт зургаан цогцолбор байгуулагдана. Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Соёлын яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам хамтран түүхийн салбарын эрдэмтэн мэргэд болон төслийн мэргэжилтнүүдтэй түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын талаар хэлэлцүүлэг хийлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид өнөөдөр гадна, дотны жуулчдад “Их эзэн Чингис хааны төрсөн газар нь энэ” гээд хоосон тал заагаад зогсож байна. Гэтэл зарим улсад “Эзэн Чингис хааны онгон энд байсан” гээд бидний түүх соёлоор аялал жуулчлалын салбараа хөгжүүлж байна. Тиймээс бид санаачлагтай ажиллах цаг үе хэдийнэ ирсэн. Эхний ээлжинд Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд төрийн бодлого тусгагдсан. Энэ хүрээнд түүхэн аялал жуулчлалын зургаан том цогцолборын ажил эхэлсэн. Өнгөрсөн онд бид эх орондоо 577 мянган жуулчин хүүлэн авсан. Тэгвэл цаашид жилд 1 сая жуулчин хүлээн авдаг болох томоохон зорилтыг тавиад байна. Энэ зорилгод хүрэхэд эдгээр цогцолборууд үр дүнгээ өгнө гэж харж байна.”

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ж.Базарсүрэн: “Түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын тухай их хөрөнгөөр хэдэн шавар овооллоо гэх залуу үеийн төлөөлөл багагүй байх шиг байна. Гэхдээ үгүй юм аа. Өнөөдөр бид үүх түүх, соёлоороо дэлхийд тэргүүлдэг орны нэг. Гэтэл өнөөдрийг хүртэл Цонжинболдогоос өөр бидэнд гадны жуулчинд Чингис хааны тухай харуулах, ярих биет үзмэр, хөшөө дурсгал байхгүй байна. Бид зөвхөн Чингис хааны үр сад гэж омогших, бахархахаас илүүтэй дэлхийд таниулах, сурталчлах, нөгөө талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүгээр дамжуулан эдийн засагтаа дэмжлэг үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдол бий.”

Зургаан цогцолборын барилгын ажил  зураг төсөл болон угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусах юм.


Түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй