Шууд Chart

"Ковид-19" цар тахал хэзээ намжихыг хэн ч мэдэхгүй ч эдийн засгийн хямрал хэн бүхэнд мэдрэгдэнэ

2020-09-21 14:11:40

-МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав-

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдал хэзээ намжих вэ, цар тахлын дараах нөхцөл байдал ямар байх вэ гэсэн асуудлууд иргэд, аж ахуйн нэгжийн дунд байна. Гэвч үүнд яв цав хариулт өгөх хүн Монголд битгий хэл дэлхийд алга.

Харин нэг зүйл тодорхой байгаа нь эдийн засгийн хямрал. Гол шалтгаан нь төсвийн алдагдал, хоолойд тулсан гадаад өр. Улсын нийт гадаад өр 2020 оны эхний хагас жилд 30.8 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 352.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. 

Нийт гадаад зээлийг салбараар авч үзэхэд, нийт зээлийн 35.8 хувь буюу 11.0 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.3 хувь буюу 8.1 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 5.5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 6.8 хувь буюу 2.1 тэрбум ам.доллар нь Төв банкных байна. 

Ирэх онд Засгийн газар, Төв банк, хувийн хэвшил гээд бүгд түвшинд гадаад зээлийн хэмжээ өснө. Гэхдээ өртөг буюу хүү өндөртэй зээлээр нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Хэдийгээр Олон улсын Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллага Standard & Poor’s (S&P) агентлаг долоодугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” хэвээр үлдээсэн. Түүнээс хойш манай улс Төсвийн тодотгол хийж, алдагдлаа огцом өсгөсөн нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Учир нь зээлжих зэрэглэлийг тогтоохдоо Нэг хүнд ногдох ДНБ, Авлигын түвшин, Инфляци, Төсвийн тэнцэл, Ажилгүйдэлийн түвшин, Эдийн засгийн урт хугацааны өсөлт зэргийг харгалзан үздэг юм. Эдгээрээс Төсвийн алдагдал 4.8 их наяд буюу ДНБ-ны 12.5 хувьтай тэнцэж байна. Энэ л манай улсын эдийн засгийг элэгдэж унагаах гол зүйл болчхоод байгаа юм. Эдийн засгийн энэ хямралыг сайд дарга нар үүрэхгүй. Аж ахуйн нэгж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд л үүрнэ. Ковид19 цар тахлын маргааш олон мянган бизнес эрхлэгч эрхэлж байсан ажлаа, зорьж байсан байсан зүйлээ дахин шинээр эхэлнэ. Гэвч эдийн засгийн орчин таагүй байх нь өнөөдрийн нөхцөл байдлаас ойлгомжтой болоод байна.

Олон улсын санхүүгийн байгууллагуудаас төсвийн алдагдлыг зохистой түвшинд барихаас эдийн засаг эрүүлжих, тогтвортой өсөх нөхцөл бүрдэнэ гэж зөвлөдөг. Энэ дагуу 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гаргаж, Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь 2011 онд ДНБ-ий 4 хувь, 2012 онд 3 хувь, 2013 оноос эхэлж ДНБ-ний 2 хувиас ашигтай байна гэж оруулж байсан. Гэвч бодит байдал дээр уг хуулиа төсвийн алдагдалдаа нийцүүлэн өөрчилсөөр байгаад өнөөдрийг хүрсэн. Бид төсвийн алдагдлаа нэмэн нэмэн юуг санхүүжүүлэв. Дийлэнх нь нийгмийн халамжид зарцуулдаг. Энэ нь импортын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих төдий зүйлд зарцуулагдаад дуусдаг. Хоёрдугаарт хөрөнгө оруулалт. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлаас нийгэмдээ, эдийн засагтаа үр нөлөө үзүүлж байгаа зүйл байна уу гээд хайгаад үзэхээр төдийлөн олдохгүй. Ийм нөхцөлд өрийн дарамтаас гарах, эдийн засаг тогтвортой өсөх талаар мөрөөдөхөд бэрх болж таарна. Мэдээж төсвийн алдагдал данхайж байгаагийн өөр нэг шалтгаан нь гадаад зээлийн эргэн төлөлт.

Засгийн газар өндөр хүүтэй бондоор зээлийн эргэн төлөлтөө хийсэн нөхцөлд аж ахуйн нэгжүүд түүнээс дээш хүүтэй зээл авах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлээс Засгийн газар 10 хувийн хүүтэй бонд гаргасан нөхцөлд, хувийн хэвшил 12 хувийн хүүтэй зээл авах шаардлага үүснэ. Ингээд дотоод зах зээл дээрх зээлийн хүү өндөр байх болно. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, иргэдийн худалдан авах чадвар муудах гээд макро эдийн засгийн үзүүлэлтүүд хүссэн хүсээгүй уруудаж эхэлнэ.

Гадаад өрийн дарамтаас гарахын тулд яах ёстой вэ? Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хуваарилалт, хэрэгжүүлэлтийн талаарх бодлогод зарчмын томоохон өөрчлөлт оруулах ёстой гэдгийг эдийн засагчид зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, төсвөөс гарч байгаа төгрөг бүрийн үр ашгийг тооцож, эрэмбэлэх, алдагдлын хэмжээ хязгаар давсан нөхцөлд үлдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, алгасах арга хэмжээ авч эхлэх шаардлагатай. 2021 оны төсвийн тухай хуулийг хууль эрх зүйн шинэ нөхцөлд хэлэлцэнэ. Тодруулбал, Үндсэн хуулийн 25 зүйлд Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно гэсэн заалт оруулсан. Энэ зарчмаар бол Засгийн газар хэр чамбай төсөл оруулахаас ихээхэн зүйл хамаарахаар байна.  

Нийтэлсэн: Д.Баяржаргал

"Ковид-19" цар тахал хэзээ намжихыг хэн ч мэдэхгүй ч эдийн засгийн хямрал хэн бүхэнд мэдрэгдэнэ  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй