Шууд Chart

Дональд Трамп "Тик Ток"-ийг АНУ-д ашиглах боломжийг бүрдүүлсэн гэрээг сайшаалаа

2020-09-21 17:06:19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын алдарт "Тик Ток" цэсийг АНУ-д ашиглах боломжийг бүрдүүлсэн гэрээг сайшаалаа. Цагаан ордны тэргүүн хэлэхдээ “Би энэ гэрээг зарчмын хувьд дэмжиж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл,  "Тик Ток" цэсийг АНУ-д ашиглах боломжтой хэвээр үлдлээ гэсэн үг юм.

АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын үүднээс өнгөрөгч наймдугаар сарын 7-нд АНУ-д тик токийг ашиглахгүй байх захирамж гаргасан юм. Уг сүлжээг Америкийн 100 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Хятадын төрийн байгууллагад дамжуулдаг байж болзошгүй гэж шинжээчид хардсан. Ингээд Трампын захирамж 45 хоногийн дараа буюу өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас даваа гарагт шилжих шөнө мөрдөгдөх эхлэх ёстой байлаа. Харин АНУ-ын Худалдааны яамнаас энэ захирамжийн хэрэгжилтийг долоо хоногоор хойшлуулснаа зарласан юм.

Шинэ гэрээний дагуу тик ток цэсийг эзэмшигч Хятадын “БайтДэнс” компани өдгөө Америкийн “Оракл”, “Валмарт” корпорациудтай хамтарч, “ТикТок Глобал” нэртэй шинэ компани байгуулахаар болж байна. Эдгээр корпораци “БайтДэнс”-ийн нийт хувьцааны 12.5 мөн 7.5 хувийг нь авах юм байна. “ТикТок Глобал” компанийн төв байр АНУ-ын Техас мужид байрлана. Компанийн тэргүүн, мөн захирлуудын зөвлөлийн гишүүдийн олонх нь америкчууд байна. Хэрэглэгчдийн мэдээллийг “Оракл”-ын серверт хадгална гэж заажээ. Гэхдээ хувьцааны ихэнх хувь нь “БайтДэнс”-т үлдэж байна.

“Оракл”, “Валмарт”-ын хамтарсан мэдэгдэлд тэмдэглэснээр “ТикТок Глобал” компанийг байгуулснаар АНУ-д 25 мянган ажлын байр бий болж, жилд 5 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлнэ гэжээ.

Дональд Трампын захирамжид тик токтой хамт Хятадын “Тенсент” холдингийн төлбөр, мэдээллийг “Вичат” цэсийг хориглоно гэж заасан. Гэхдээ энэ цэсийг тик токийн гэрээтэй хамт зохицуулаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт захирамж мөрдөгдөж эхлэхээс хэдхэн цагийн өмнө Калифорни мужийн шүүхээс хэрэглэгчдийн гомдлын дагуу захирамжийг мөрдөхгүй байх шийдвэр гаргасан юм.

Ерөнхийдөө Вашингтон, Бээжингийн худалдааны асуудал, Хонгконгийн нөхцөл байдал, коронавирустэй тэмцэх зэрэг асуудлаас болоод Хятадын эдгээр цэсийг АНУ-д хориглох тухай маргаан дэгдсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп "Тик Ток"-ийг АНУ-д ашиглах боломжийг бүрдүүлсэн гэрээг сайшаалаа  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй