Шууд Chart

Ховд аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа

2020-09-21 17:30:42

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ тус амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. 80 гаруй мянган хүн амтай Ховд аймгаас энэ жил 377 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 39, Хоёрдугаар зэргийн одонг 338 ээжид тус тус хүртэж байна.

Үүнээс Булган, Үенч, Алтай сумдын ээжүүдийн “Эхийн алдар” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр үдээс хойш Булган суманд ажиллах үеэрээ гардуулан өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлж, баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

“Монголын сарангоо ээжүүд ээ,

Элбэрэлт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, монголын шинэ үеийн иргэдийг цовоо цолгин, аз жаргал дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Ховд аймагт ажиллаж, “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 377 ээжид хүртээлээ. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 39, Хоёрдугаар зэргийн одон хүртсэн 338 ээжид халуун баяр хүргэж, энхрий үрсэд нь гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе!

Хүүхэд бол бидний залгамж ирээдүй, Монгол Улсын хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал болсон эрхэм нандин эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, зөв монгол хүн болгон хүмүүжүүлнэ гэдэг бол улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Ийм учраас эхчүүдийн нөр их хөдөлмөрийг төр өндрөөр үнэлж, жилдээ нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Ээж хүний үрдээ гаргасан хэмжээлшгүй их хайр, олон шөнө нойроо хугаслан байж өсгөсөн чин сэтгэл, нөр их хөдөлмөрийг “Эхийн алдар” одонгоор хариулж чадахгүй ч үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархлын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа.

Эхчүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулахад нь эхчүүдэд туслах, нийгмийн эрдэнэт баялаг болсон хүүхдүүдийг хамгаалахад чиглэсэн бодлогыг төр үргэлж анхааралдаа байлгаж, хэрэгжилтийг хангах учиртай.

Ийм нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогыг хүртээмжтэй байлгахын төлөө миний бие тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч санаачилж, бодлого боловсруулагчдад шаардлага тавьж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон олон ястны өлгий нутаг Ховд аймгийн нийт эмэгтэйчүүд, ээжүүдэд халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мөн өнөөдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж, тус ангийн удирдлагатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсан угтлаа.


Ховд аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа  
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй