Шууд Chart

Т.Бархүү: Урлагийн ажил маш хүнд. Олонд танигдах үгүй нь хутганы ирэн дээр явж байдаг

2020-09-23 10:57:53

MNB.mn сайт ээлжит “Редакцын зочин”-оороо соёлын тэргүүний ажилтан, “Х түц” продакшны жүжигчин Төрбатын Бархүүг урьж, ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?

-Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн “Хүүк фильм” болон “F студи”-ийн бүтээл “Төлөөс” триллер драмын кинонд ажиллалаа. Урьд нь тоглож байсан кинонуудаасаа өөр дүр төрх гаргахыг хичээсэн. Манай Одноогийн партнер, анхны Ромео гэгддэг жүжигчин О.Гэрэлсүх ахтай хамт тоглосон. Ирэх сарын 16-нд нээлтээ хийнэ. Мөн “Альфа” пост драмын театрын арваннэгдүгээр сарын 6, 7, 8-нд Корпорэйт конвеншн центрт тоглогдох “Фауст” жүжгийн Мефистофел буюу Чөтгөрийн дүрд тоглохоор болсон. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн “Фауст” жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайн хүү, ОХУ-ын ГИТИС (Москва хотын театр урлагийн академи)-ийн төгсөгч М.Батболд найруулж байгаа. М.Батболд найруулагч өмнө нь надад хоёр ч уран бүтээл дээр хамтарч ажиллах санал ирүүлж байсан ч миний тухайн үеийн уран бүтээлтэй давхцаад боломж гараагүй.

-“КОВИД-19”-тэй холбоотой хорио цээр урлагийнханд тэр дундаа тайзны уран бүтээлчдэд маш сөргөөр нөлөөлөх шиг боллоо. Танай продакшнд хэр хүнд тусав?

-Мэдээж театрууд, хувийн тэр дундаа хошин урлагийн продакшнуудад сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ “Х түц” продакшн тайзны бүтээлээс “пауз” аваад гурван жил болж байгаа. Хамгийн сүүлд 2017 оны хавар тоглолт хийсэн. Түүнээс хойш дэлгэцийн бүтээл, контент руу орсон хэдий ч цар тахлын онцгой байдлаас үүдэн манай төлөвлөсөн ажлууд тодорхой хэмжээнд хойшилсон. Ирэх жил “Х түц” продакшны 25 жилийн ой болно. Уран бүтээл гэдэг шууд төрдөггүй. Удаан хугацаанд ярьж, төлөвлөж байж бий болдог. Манай хамт олон хөл хорио тогтоосон хугацаанд ирэх жилийн ойгоо угтан үзэгчдэд хүргэх бүтээлүүдийнхээ судалгааг хийж, бэлтгэл ажлуудаа хангаж амжууллаа.

-Олон нийтийг хамарсан урлаг соёлын тоглолт, арга хэмжээг хориглох хугацаанд олны танил хүмүүс цахим хаягаа идэвхтэй ашиглаж, сошиалд зориулсан контентууд хийж байгаа нь ажиглагдсан. Танай гэр бүлийн хувьд сошиал контент хийв үү?

-Манай гэр бүл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийг гэрээсээ гарахгүй байх, амны хаалт зүүх, дархлаагаа дэмжихийг уриалсан эрүүл мэндийн байгууллагын контентуудад үнэ төлбөр авахгүйгээр оролцсон. Түүнээс өөр байдлаар, ашиг олох зорилгоор ч гэх юм уу сошиал контент хийгээгүй.

-Та “Яг түүн шиг-2019” шоунд түрүүлснийхээ дараа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд АТГ-ын авлигын эсрэг сурталчилгаануудад үнэ төлбөргүй тоглож байсан. Танд сурталчилгааны санал маш их ирдэг байх. Ямар цензур тавьдаг вэ?

-Мэдээж цензур байлгүй л яахав. Хамтарч ажиллая гэсэн янз бүрийн л сурталчилгааны санал ирдэг. Заримдаа санаа оноо тохирохгүй байх тохиолдол бий. Тийм үед бол татгалздаг. Гэхдээ мөнгө төгрөг гэхээсээ илүү хүн чанар, хүн хүнээ гэх сэтгэлээр ханддаг. Манай гэр бүл үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа. Мөнгө төгрөг харахаасаа илүү Монголдоо бүтээж, үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг нь хүмүүст таниулахыг хичээдэг.

-Урлагийн сургуулийн төгсөх курсын оюутнууд дипломын жүжгээ өөрсдөө сонгодог уу. Та ямар жүжигт тоглож байв?

-Төгсөх курст ангийнхаа багшдаа хэд хэдэн жүжгийн санал хэлдэг. Багш шавь нараа мэдэх учраас “миний хүү энэ жүжгийг сонго, энэ дүрд тогло” гээд хэлж өгдөг. Би А.П.Чеховын “Иванов” жүжгийн Львов эмчийн дүрд тоглож байсан. “Цахлай” жүжигтэй адилтгаж болохуйц сэтгэхүйн драм л даа маш хүнд жүжиг.

-Та драмын тэр дундаа сонгодог жүжигт илүү сонирхолтой байжээ?

-Намайг СУИС-ыг төгсөөд театрын жүжигчин болох байх гэж багш, өөр бусад хүн ч хэлдэг байсан. Харин арван жилийнхэн намайг жүжигчин болно гэхэд гайхдаг байлаа. Яалт ч үгүй 2004 оноос 16 жил явсан болохоор хүмүүс хүлээн зөвшөөрчихдөг юм байна. Би арван жилдээ бүрэг ичимхий, хаалттай хүүхэд байсан. Тийм бүрэг ичимхий хүүхэд гэнэт “би жүжигчин боллоо” гэхээр гайхах нь аргагүй л дээ.

-Та дэлгэцийн болон хошин урлагийн олон арван дүр, “Яг түүн шиг” шоугаар өөрийн авьяас, чадвараа үзэгчдэд хүлээн зөвшөөрүүлж чадсан. Түүнчлэн “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг хоёр ч сонгодог бүтээлд гол дүр бүтээсэн туршлагатай гэж хардаг.

-“Фауст” миний тоглож буй тав дахь сонгодог бүтээл. Өмнө нь “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”-аас гадна Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуайн найруулсан  Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”, “Сайтар эргэцүүл” сонгодог жүжигт ажилласан. Гэсэн хэдий ч “Фауст” жүжигт тоглох саналыг аваад дотроо эмээж байсан. Учир нь Монголд пост драмын жүжиг маш цөөхөн тавигддаг. Баг хамт олонтойгоо, жүжигтэйгээ танилцлаа. “Альфа” театрын Монголын тайзны урлагт оруулж ирж буй инноваци, шинэчлэл маш их таалагдсан. Би гадаадын жүжгүүдийг хараад, гайхаж биширдэг, цагаахан атаархдаг. Манай “Х түц” продакшн ч гэсэн инновацийг ашигласан шинэлэг бүтээл хийх юмсан гэсэн хүсэл, төлөвлөгөөтэй байдаг. Тийм дээ ч найруулагчийн шийдлүүд миний санаж бодож явдаг зүйлтэй таарч тохирохын хэрээр миний айдас, эмээсэн бодлууд арилсан.

-“Гамлет”, “Дон кихот”, “Фауст” гурвыг дэлхийн сонгодог зохиолын ноён оргил гэдэг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-И.В.Гёте “Фауст” зохиолоо 60 жил бичсэн гэдэг. Жүжгийн зохиолтойгоо танилцаж, “Фауст” бүтсэн түүхийг сонсоход яалт ч үгүй сонгодог бүтээлийн ноён оргилын нэг юм билээ. Бүхэл бүтэн нэг жарныг амьдралаараа мэдэрч, тэр мэдрэмжээ зохиол болгоно гэдэг гайхамшиг.

-Та өөрийн бүтээж буй Мефистофел буюу чөтгөрийн дүрээ хэрхэн тодорхойлох вэ?

-Дүрээ судалж, дүр дээрээ ажиллаж байна. Жүжгийн зохиолоос Чөтгөрийн монологийн “Мөнгө, эд хөрөнгө, шунал, зовлон тарчлаан энэ бүхэн хүн төрөлхтний нэрийн хуудас” гэдэг хэсэг маш их зүйл бодогдуулсан. Нээрээ л өчнөөн мөнгө төгрөг хураагаад байдаг. Тэгсэн хэрнээ хүн хүнээ гомдоогоод л. . Гэтэл яагаад энгийн амьдарч болохгүй юм бэ. Оюун ухаант хүн гэдэг бол хамгийн балиар адгуус юм байна гэдгийг Мефистофел хэлдэг. Түүнчлэн хоёр цаг тоглогдох “Фауст” жүжгийн гол цэгүүдийн нэг нь чөтгөрийн монолог.

-Жүжигчин бүрт дүрд хувирах өөрийн гэсэн арга барил байдаг байх. Та өөрийн бүтээх дүр дээрээ хэрхэн ажилладаг вэ?

-Дүрдээ орж, бүр тухайн дүрээрээ амьсгалахын тулд зохиолоо авсан өдрөөс эхлэн өглөөнөөс орой хүртэл тэр дүрээ л бодно, шөнө зүүдэлнэ. Тэр дүрээр тайзан дээр байгаагаа дүрсэлж харна. Дотроо дүртэйгээ ярина. Ганцаараа байхдаа ч хамтран тоглож буй жүжигчдээ дотроо ургуулж бодож текстээ суулгана. Надад жүжгийн бэлтгэл эхэлсэн үед түгжрэлд ганцаараа явах шиг жаргал байдаггүй. Учир нь өөртэйгээ ажиллах хугацаа гардаг. Хажууд хүн байвал жүжгээрээ амьсгалаад дэргэд нь үгээ бэлдээд байж болдоггүй. Хүсвэл болох л байх л даа. Гэхдээ би тэгж чаддаггүй. Ингэж явсаар хамтарсан бэлтгэлийн үеэр хөлс, шороо тоостойгоо хутгалдан байж дүрээ олж авна. Жүжигчин найруулагчийн найруулгыг яг өөрийн болгон эзэмшиж, тухайн дүрээрээ өвчилж, дүрийн характерыг хүмүүст хүргэхийг зөв шугам гэдэг. Зөв шугамаа хайж олоод, түүнийгээ алдалгүй авч явсан цагт жүжигчин тухайн дүрээрээ тайзан дээр хүндлэгдэж, үзэгчдэд хүлээн зөвшөөрөгддөг. Дүрээрээ амьсгалах, зөв шугамаа олох, алдалгүй барьж явна гэдэг жүжигчнээс маш их хүч, энерги шаарддаг ажил. Би өөрийнхөө одоо байгаа карьер, түвшинг тийм мундаг гэхгүй. Гэхдээ би одоо байгаа энэ түвшиндээ ирэхийн тулд асар их замыг туулсан. СУИС-т элссэн цагаас эхэлж тоолбол 20 жил явжээ.

-Таны хамтран тоглох жүжигчин С.Болд-Эрдэнийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь?

-Гоё асуулт байна. Миний өдий зэрэгтэй яваа миний хайртай С.Сугар багшийн минь ач. Би чинь СУИС-ийг урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар багшийнхаа удирдлага дор төгссөн. Боогий ах хайртай багшийн минь хүү. Би багшийнхаа гэр бүлийг дотроо хайрлаж, хүндэтгэж явдаг. Багшийн минь гэр бүл ч намайг таньдаг, мэддэг. Энд тэнд арга хэмжээн дээр олон ч таардаг. Харин Болд-Эрдэнэ ахтайгаа анх удаа тайзны бүтээл дээр хамт ажиллаж байна. Сугарын Болд-Эрдэнэ гэдэг хүн драм талдаа ноймор нэг жүжигчин шүү дээ.

Зарим жүжигчинтэй хамт тоглоход, уран бүтээл дээр ажиллахад төвөгтэй асуудал үүсдэг. Энэ хүнтэй харилцан тоглоод явахад Болд-Эрдэнэ ахаас тийм зүйл харагдаагүй. Тийм ч болохоор би дүр дээрээ илүү чөлөөтэй ажиллаж байгаа. Энэ хүний үг яриа, алхаа гишгээ, дүр дээрээ ажиллаж байгаа тэр бүхэн төгс.

Манай багш хатуу юм шиг мөртлөө зөөлөн хүн. Боогий ах яг тийм. Би жүжгийн сургуулилт дээр Боогий ахыг өөрийн мэдэлгүй удаан хугацааны турш харчихдаг. Заримдаа яагаад өөрийг нь ингэж хараад байгаа юм бол гэж гайхах вий гэж санаа зовно. Гэхдээ Боогий ахыг харахаар багшийн залуудаа “Намрын халуун өдрүүд” кинонд тоглож байсан төрхтэй адилхан санагддаг. Багш минь надад хэр хайртай байсан юм бол доо мэдэхгүй юм. Ямартай ч намайг харж байгаа  байх, таны шавь хүүтэй чинь цуг нэг жүжигт тоглож байна шүү дээ гэж боддог.

Жүжигчин С.Болд-Эрдэнэ, Т.Бархүү

-Таны урлагийн зэрэг цолыг ахмадаар зүйрлэвэл Ардын жүжигчин Г.Мягмарнаран яалт ч үгүй генерал байх хүн. Энэ хүнтэй хамт жүжигт тоглох боломж өмнө нь гарч байв уу?

-Манай “Х түц” продакшн “Хориотой жүжиг” үзэгчдэд хүргэхдээ Мягмарнаран ахыг урьж тоглуулсан. Би тухайн үед гадаад явчихсан байлаа. Ирээд “Хориотой жүжиг” “Гэгээн Муза” наадмын шалгаруулалтад оролцоход тайзан дээр гараад Мягмарнаран ахыг дагуулаад гараад явдаг, үг мүг ч хэлддэггүй дүрд тоглосон юм. Тэр үедээ “хэрвээ би гадаад яваагүй байсан бол энэ мундаг сайхан жүжигчидтэй нэг жүжигт хамтарч тоглох байж дээ” гэж бодсон. Одоо тэр хүсэл минь биелж байна. Ардын жүжигчин Г.Мягмарнаран ахтайгаа, Боогий ахтай нэг жүжигт хамтран тоглож байгаагаа аз завшаан гэж харж, өөрөөрөө бахархаж байна. Миний амьдралын нэгэн сайхан түүх юм даа.

-М.Батболд найруулагч танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Чадвартай сайн найруулагч нарт тэг ингэ гэж зааварлахаас илүү жүжигчнээр өөрөөр нь дүрийг нь мэдрүүлэх арга ухаан гэж байдаг. М.Батболд тийм л найруулагч. Арга ч үгүй дээ алдартнууд төрөн гардаг ГИТИС-д бэлтгэгдсэн хүн. За тэгээд Ардын жүжигчин Мягмарнаран гэдэг гайхамшигтай хүний ген ч явж байгаа. М.Батболд хуучнаар ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд сэтгэц судлалаар нарийсаад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэлзүйч эмчээр ажилласан юм билээ. Тэгсэн хэрнээ л урлагийн хүн болно гэж шийдэхэд аав нь Монголд сургахгүй ГИТИС гэдэг тэр том сургууль руу явуулсан байгаа юм. Ер нь урлагийнхан хүүхдүүдээ урлагийн хүн болгох дургүй байдаг. Яагаад гэхээр урлагийн ажил мэргэжил маш хүнд. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй, олны хэл аманд байнга өртөнө, эцэст нь олонд танигдах үгүй нь зүйрлэж хэлвэл хутганы ирэн дээр явж байдаг. Тиймдээ ч Батболдыг шантраад замынхаа дундаас хүрээд ирнэ гэж бодсон байх. Тэгсэн эсрэгээрээ тухайн оны найруулагчийн ангийн элсэлтэд олон зуун хүн шалгуулж, гурван орны арав гаруй хүн тэнцэж суралцсанаас тав нь л төгссөн. Тэрний нэг М.Батболд юм билээ. Тийм том сургууль хүлээн зөвшөөрөөд төгсгөчихсөн хүнийг аав нь хүссэн, хүсээгүй л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

-Та түрүүн урлагийнхан хүүхдүүдээ урлагийн хүн болгох дургүй байдаг гэлээ. Та ч мөн адил уу?

-Тийм ээ би ч гэсэн тэгдэг. Гэхдээ мэдээжийн юман дээр хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй л дээ.

-Та “Яг түүн шиг” шоунд оролцох үеэрээ Одноо минь үргэлж надад зөвлөгөө өгч надтай хамт үзүүлбэрүүдийг минь бэлддэг гэж хэлж байсан. Одоо “Фауст” жүжгийн тань бэлтгэлд тусалж байгаа юу?

-Одноо би партнер чинь болоод үгээ суулгахад чинь туслах уу гэж хэлж байсан. Яг тэгж бэлдээгүй л байна. Одноо нэгэн биений минь нөгөө тал. Тэр ч утгаараа энэ уран бүтээлд минь санаа тавьж байгаа. Мэргэжлийн тал дээр миний юу зөв, буруу байгааг надаас илүүтэй мэдэрдэг. Тийм дээ ч би  “Фауст” үзэгчдэд тоглогдохоос өмнө Одноодоо харуулаад, зөвлөгөө авна гэж бодож байгаа.

-Хүнд ирлэгдэх, ир орох үе гэж бий. Ир нь орсон хүн ямар ч том саад бэрхшээл тулгарсан түүнийг “зүсээд” л барьж авсан ажлынхаа ард нэр төртэйгээр гардаг. Таны ир орсон цаг мөч яг хэзээ вэ?

-Тэрийг ир орох гэж хэлж болох юм болов уу. Нэг сонин мэдрэмж төрсөн үеээ л хэлье. Би жүжигчин хүн 100 хувь дүрдээ орно гэдэг зүйл байдаг юм уу даа гэж эргэлздэг байсан. “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглохдоо жүжигчин хүн дүрдээ яг 100 хувь орох тэр мэдрэмжийг мэдэрсэн. Үзэгдэл хооронд хөшигний ард сая юу болов гэж өөрөө гайхдаг юм билээ. Түүнээс хойш тэр мэдрэмжийг алдалгүй барьж авч чаддаг, мэдэрдэг болсон. Би байлдан дагуулж чадах юм байна гэж бодсон. “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзсэн хүмүүс ч надад их сайхан урмын үгс хэлсэн, намайг үнэлсэн. Миний арга барил ч арай өөр болсон.

Гэхдээ би магтаал сонсохоор бие арзайгаад байдаг. Өөрийгөө дардаг талдаа хүн гэх үү дээ. Би өөрөө мэдээд шийдсэн бол “Яг түүн шиг” шоунд орохгүй байх байсан. “Яг түүн шиг”-т орооч гэсэн санал ирсний дараа гэр бүл, хамт олон, найз нөхөд чи чадна, ор гээд л бий орсон. Харин орсныхоо дараа би чадах юм байна гэдэг эрч хүчийг авсан.

-Та “Гэгээн Муза-11” наадмын драмын жүжгийн шилдэг эрэгтэй дүрд “Сэрүүн хасын нууц” жүжгийн Жиганы дүрээрээ нэр дэвшсэн. Шилдэг эрэгтэй дүрийн эзэн тодорсны дараа таныг  уртын дуу аялаад алхаж байхыг харсан юм.

-Юу бодож байсан юм бол доо. Би ер нь шүүгчтэй тэмцээн уралдаанд нэг тийм одгүй хүн л дээ.

-Таны 2017, 2019 онд хоёр удаа түрүүлсэн “Яг түүн шиг” шоу шүүгчтэй биз дээ?

-“Яг түүн шиг” шоуг ард түмэн давхар шүүдэг. Тэгэхээр шүүгч нар ард түмнээс айдаг байхгүй юу(инээв). Би шүүгчтэй тэмцээн уралдаан, цол шагналд яагаад ч юм одгүй. Магадгүй манай гэр бүлд атаархдаг хүмүүс, урлагийнхан байдаг болохоор тэгдэг юм болов уу даа гэж боддог.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Бархүү: Урлагийн ажил маш хүнд. Олонд танигдах үгүй нь хутганы ирэн дээр явж байдаг  
Үзсэн: 1932 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй