Шууд Chart

Говь-Алтай аймгийн 186 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

2020-09-23 12:20:59

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. 57 гаруй мянган хүн амтай Говь-Алтай аймгаас энэ жил 186 ээж “Эхийн алдар” одон хүртсэний дотор Нэгдүгээр зэргийн одонг 8, Хоёрдугаар зэргийн одонг 178 ээж тус тус хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ээжүүдэд баяр хүргэж:

“Монголын сарангоо ээжүүд ээ,

Элбэрэлт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, монголын бяцхан иргэдийг сэтгэл тэнүүн, хайр дүүрэн, цовоо цолгин өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Үеийн үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай. Энэ л уламжлалаа монголын төр хадгалан үргэлжлүүлж, эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жил бүр талархал илэрхийлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 186 ээжид гардуулж, ээжүүдийн догдлол, гэр бүлийнх нь баяр баяслаас хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.

“Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон хүртсэн 8, Хоёрдугаар зэргийн одон хүртсэн 178 ээжид халуун баяр хүргэж, энхрий бяцхан үрсээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, ажилч хичээнгүй, ээж аавдаа энэрэлтэй, эх орондоо хайртай монгол хүн болгон өсгөх ариун, гэгээн үйлсэд нь амжилт хүсье.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд хүртээдэг “Эхийн алдар” одон бол хэзээнээсээ эх хүнийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн монгол ардын уламжлалт сэтгэлгээний нэг хэлбэр, хүн ам цөөтэй Монгол Улсын төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ.

Хүн бүрийн сэтгэлд хамгаас дотно, эрхэм нандин эрдэнэ нь болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг магтан дуулсан бүтээл олон хэдий ч үр хүүхдээ өсгөн бойжуулахад нь даацтай дэмжлэг үзүүлсэн төрийн бодлого хангалтгүй гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх. Тийм ч учраас миний бие хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудалд чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Эхчүүдийг дэмжинэ гэдэг монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа  хамгаалж байгаа хэрэг юм.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Говь-Алтай аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.


Говь-Алтай аймгийн 186 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй