Шууд Chart

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов

2020-09-25 10:32:19

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт есдүгээр сарын 23-нд болов. Уулзалтаар Гадаад хэргийн сайд нар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжилд чиглэсэн “Венийн үйл ажиллагааны 2014-2024 оны хөтөлбөр”-ийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгарч буй сорилт бэрхшээл, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга зам, хамтын чармайлт зэрэг асуудлыг хэлэлцэн, байр сууриа илэрхийлсний зэрэгцээ КОВИД-19 цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцсон байна.

Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцон, КОВИД-19 цар тахлын үед “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд оруулж буй үндэсний хувь нэмрийн талаар мэдээлж, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Мөн тэрээр Улаанбаатар хотноо төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг НҮБ-ын гишүүн улс орнууд, хөгжлийн түншүүд, оролцогч талуудад уриаллаа.

Уулзалтаар ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах үүрэг амлалтаа бататган, Сайд нарын тунхаглал болон хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлэх замын зураглалын төслийг тус тус батлав. Эдгээр баримт бичигт “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх, КОВИД-19 цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөө, үр дагаврыг бууруулахад чиглэсэн зөвлөмж, арга хэмжээнүүд туссан болно.

 


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй