Шууд Chart

ОХУ-ын ГХЯ Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг зохион байгуулсан ажлын хэсгийг шагналаа

2020-09-25 14:01:07

Чөлөөлөх дайн болон Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраас санаачлан “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулсан. Уг арга хэмжээнд Монгол, Оросын нэрт түүх судлаач 20 гаруй эрдэмтэн, шинжээч оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд нийтдээ цэргийн 40 гаруй түүхчийн илтгэлийг нэгтгэн товхимол болгон хэвлүүлэхээр болсон билээ.

Үүнээс гадна Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, ТЕГ-ын Тусгай архив, ХХЕГ-ын Улсын хилийн музей, Монгол цэргийн музей, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар маршал Г.К.Жуковын дурсгалын музейтэй хамтран эх орны дайны эхний сараас эхлэн Монголоос оросын ард түмэнд хүргүүлсэн зургаан удаагийн бэлгийн цуваа, Чөлөөлөх дайнд түүхэн ялалт байгуулахад Монголын цэрэг эрсийн гүйцэтгэсэн гавьяат үйлсийг мөнхжүүлэх, ирээдүй хойчид дахин сануулах, сурталчлах, хүүхэд, залууст үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг зохион байгуулж, урьд өмнө нь олон нийтэд огт дэлгэгдэж байгаагүй, түүхийн хосгүй өлөг, ховор баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг бүхий үзмэрийг энэ сарын 2-8-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэсэн билээ.

Тэгвэл өчигдөр дээрх .

Энэ хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын төв архив, Үндэсний төв архив, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Монгол цэргийн музей, Маршал Г.К.Жуковын дурсгалын музей, Улсын хилийн музей, Батлан хамгаалахын төв архивын орлогч дарга, дэд хурандаа Ж.Гантулга, Улсын хилийн музейн эрхлэгч, дэд хурандаа Т.Нямчимэг, БХЭШ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, ТЕГ-ын Тусгай архивын эрдэм шинжилгээний ажилтан, докторант, хошууч Н.Батболд, Маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д.Амартайван, Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, докторант Б.Ринчинноров, Монгол Улсын “Соёлын элч”, “Sound Of Mongolia” компанийг үүсгэн байгуулагч, продюсер Х.Дамдинсүрэн, ОХУ-ын зураач Абдуллин Роман Фаристович нарыг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Жуух бичгээр, БХЯ, ЗХЖШ, ТЕГ, ХХЕГ, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, “Sound of Mongolia”, “Orgil media” продакшн,  АЕГ-ын дарга С.Энхбаатар, Монгол цэргийн музейн дизайнер, сүлжээний инженер С.Лхамсүрэн, АЕГ-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, докторант П.Чүлтэмсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан, докторант Э.Хүрэлбаатар, Г.Сэр-Од нарыг  ОХУ-ын ГХЯ, түүний харьяа Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн талархлын өргөмжлөлөөр шагнасныг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь ОШУСТ-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев гардууллаа.

Мөн тус арга хэмжээний үеэр Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч Ё.Максим Монгол-Оросын соёлын харилцаанд үнэлэхүйц хувь нэмрээ оруулсан хэмээн Монгол Улсын “Соёлын элч”, продюсер Х.Дамдинсүрэн, ОХУ-ын зураач Абдуллин Роман Фаристович, Маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д.Амартайван нарыг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дээд шагнал болох “Найрамдлын Алтан од" одонгоор,  Батлан хамгаалахын төв архивын орлогч дарга, дэд хурандаа Ж.Гантулга, Улсын хилийн музейн эрхлэгч, дэд хурандаа Т.Нямчимэг, БХЭШ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Н.Батболд, Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, докторант Б.Ринчинноров нарыг Найрамдлын нийгэмлэгийн 70 жилийн ойн медалиар шагнасан юм.

Т.Сүхбаатар: Ховор нандин үзмэрүүдийг хөл хорионы үеэр 7000 гаруй хүнд үзүүлсэндээ баяртай байна

Амгалан Ринчинович Базархандаев болон Т.Сүхбаатар

Дээрх арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Та Цэргийн түүх судлалын төвийн дарга учир Чөлөөлөх дайны 75 жилийн ойн олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын үеэр танд нэлээд их ажил үүрэг оногдсон байх?

-“Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнд миний бие Монголын талын ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Тодруулбал, эрдэм шинжилгээний хурлын илтгэгч нар, үзэсгэлэн оролцох музей, архивын газруудтай харилцаа тогтоох, холбох ажлыг хийсэн. Мөн “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Монгол Улсын тусгаар тогтнол” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, энэ үйл явдлын хүрээнд өмнө нь нийтэд хүрээгүй шинэ баримт, судалгааны материалыг танилцуулсан.

-Эрдэм шинжилгээний хурлын үеэр цэргийн 20 гаруй түүх судлаач, эрдэмтэн илтгэл хэлэлцүүлсэн. Энэ үеэр илтгэгч нар Монгол Улстай холбоотой, сүүлийн үед ил болсон ямар баримтуудыг дэлгэв?

-Урьд өмнө нь зохион байгуулагдаж байсан эрдэм шинжилгээний хурлуудтай харьцуулахад маш өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж дүгнэж байгаа. Учир нь зөвхөн дайныг түүхийг хэлэлцэх бус геополитик, олон улсын харилцааны сэдэвтэй илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Тухайлбал, эрдэмтэн, судлаачид түүхийн тухайн цаг үед Сталин, Х.Чойбалсан хоорондын уулзалтын үеэр Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой ямар яриа хэлэлцээр өрнөсөн, Монголын хилийн цэрэг болон тагнуулын байгууллага чөлөөлөх дайнд ямар үүрэг гүйцэтгэсэн зэрэг олны төдийлөн мэддэггүй байсан сэдвүүдээр шинэ баримт нотолгоон дээр суурилсан илтгэлүүд танилцуулсан.

-Та цэргийн түүхч, эрдэмтэн хүний хувьд “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Урд өмнө зохион байгуулж байсан Чөлөөлөх дайны сэдэвтэй үзэсгэлэнд Монгол цэргийн музейн үзмэрүүдийг дэлгэдэг байсан. Харин энэ удаад Хилийн цэргийн музей, Үндэсний төв архив, Тагнуулын тусгай архив оролцсоноороо урд өмнө нь гаргаж байгаагүй, архивт хадгалагдаж байсан ховор нандин үзмэрүүдийг дэлгэлээ. Тодруулбал, Чөлөөлөх дайны үеийн тушаал, шийдвэр, маш ховорт тооцогдох гэрэл зургууд гэх мэт далд байсан олон үзмэрийг хүмүүст хүргэсэн. Мөн нууцад хамаарах хугацаа нь хуулийн дагуу дууссан материалууд “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнгийн үзмэрт багтсан.

Үзэсгэлэн “КОВИД-19” цар тахлаас үүдсэн хорио цээрийн үед зохион байгуулагдсан учир энэ ховор үзвэрүүдийг цөөхөн хүн ирж үзэх вий гэж эмээж байсан л даа. Гэтэл эсэргээрээ 7000 гаруй хүн зочилсон. Хөл хорионы үед тийм олон хүнд ховор нандин үзмэрүүдийг харуулж чадсан даа маш их баяртай байна.

-ОХУ-ын Гадаад хэргийн яамны Жуух бичиг, Найрамдлын нийгэмлэгийн 70 жилийн ойн медалиар шагнуулсанд баяр хүргэе.

-Монгол, ОХУ хоёр орны найрамдал хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн бие сэтгэлээ зориулсандаа их баяртай байна. Энэ ажил үйлсийг минь үнэлсэнд маш их баярлалаа. Цаашид ч мөн Монгол, ОХУ хоёр орны найрамдал хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах болно.



































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ОХУ-ын ГХЯ Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг зохион байгуулсан ажлын хэсгийг шагналаа  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй