Шууд Chart

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдлээ

2020-09-25 15:01:50

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар Алтай сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөн хязгаарлаж, ойрын хавьтлын 19 хүнийг тусгаарлахаар ажиллаж байна. Өчигдөр 21:00 цагт  Ховд аймгийн Алтай суманд тарваганы мах өвчиж, чанаж идсэн өгүүлэмжтэй 25 настай эмэгтэй Сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагджээ.

Мэдээллийн дагуу аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна. Тарваган тахлаар өвчилсөн эмэгтэйтэй хамт 11 хүн тарваганы мах идэж, 2 хүүхэд болон жирэмсэн нэг эмэгтэй идээгүй байна. Өнөөдөр ойрын хавьтлын хүмүүсийг Алтай суманд тусгаарлаж, эхний сорьцын шинжилгээ авна гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга н.Баяржаргал утсаар мэдээллээ.

Тарваган тахлаар өвчилсөн эмэгтэйн ойрын хавьтлын 19 хүний зарим нь сумын төвөөс хол амьдардаг юм байна. Тэднийг авчирч, тусгаарлахаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн багийнхан ажиллаж байна гэлээ.


Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй