Шууд Chart

Хохирогчдод үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ, хүртээмж

2020-10-03 10:45:42

Энэ сэдвийг ярихын өмнө нэгэн баримтыг энд жишээ болгон дурдъя. Одоогоос 7 жилийн өмнө буюу 2012 оны 4 сарын 20-ны өдөр дэлгүүрт чихэр авахаар орсон 4 хүү хүчирхийлэлд өртсөн. Хөвгүүдийг  үл таних эрэгтэй хүчирхийлсэн байдаг. Энэ  Үйл  явдлын  гэрч  болсон 13 настай хүү сэтгэл гутралд өртжээ. Жигшүүрт хэрэг гарснаас хойш хичээлдээ суухаас дургүйцэх  болж,  сүүлдээ   сургууль завсарджээ. Өнгөрсөн хугацаанд  гурван ч сургууль  сольж. Эцэст нь хулгай дээрмийн хэрэгт холбогдож  цагдаагийн хаалга татав. 13 настай байхад нь тохиолдсон зүйл хүүгийн хожмын амьдралд ийнхүү бараан сүүдэр татуулах болсон байна. Тэрбээр одоо 20 гаруй настай. Хүчирхийлэл доромжлолд  өртсөн айдас нь найман жилийн турш хүүг шаналгасан хэвээр байгааг ээж нь бидэнд ярилаа.

Хүчирхийлэлд өртсөн 3 хүүгийн хувьд насандаа ахадсан доромжлол айдсыг бяцхан зүрхэндээ тээсэн бол гэрч болох хүү хүчирхийлэгч этгээдийн золиос болоогүй ч гэлээ сэтгэлээс үл арчигдах хар толбыг өнөөдөр ч тээсээр явна.

Хэзээ ч үзээгүй, бодож ч яваагүй, нийгэм хүлээн зөвшөөрдөггүй хүчирхийллийг нүдээр харж, биеэр мэдэрсэн хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн цочролд орж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алддаг байна. 12-13 насыг бэлгийн чиг баримжаагаа мэдрэх үе гэж үздэг. Яг ийм насандаа хүчирхийллийн золиос болсноор гарах сөрөг үр дагавар, эрсдэлийг урьдчилан тооцох аргагүй гэж хүүхдийн сэтгэл зүйчид хэллээ. Бүрэн төлөвшиж  амжаагүй  өсвөр насны хүүхдийн  ирээдүй  хаашаа ч эргэж  болно.  Ийм учраас нөхөн сэргээх сэтгэл заслын эмчилгээг хамгийн багадаа 3-аас дээш жил хийх зайлшгүй шаардлагатай гэж үздэг байна. Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн, сэтгэл зүйч С.Баасанбатын ярианд анхаарлаа хандуулна уу.

Мууг бүү үз, мууг бүү сонс гэж бид хүүхдэдээ сургадаг. Гэвч жаахан бие нь даахааргүй бие, сэтгэлийн шаналал, доромжлол, хүчирхийллийг тэд амссаар байна. Өнгөрсөн онд 250 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бол оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 162 хүүхэд энэ гэмт хэргийн золиос болжээ. Тэгвэл эдгээр хүүхдүүдэд сэтгэл засах эмчилгээ үйлчилгээ хүрсэн үү? гэвэл бас л эргэлзээтэй. Учир нь хүүхэдтэй тулж ажилладаг сэтгэл зүйчдийн тоо хаанаа ч хүрэхгүй байна. Иймд манай улс сэтгэл зүйчээр ангаж байна гэсэн үг. Үүнийг батлах олон баримтын захаас бид нэвтрүүлэг эхлэхэд та бүхэнд дуулгасан. Бид цаашид хүчирхийлэлд өртсөн хүүхэд, багачуудад онцгой анхаарч, ажиллах хэрэгцээ байгааг энэ удаагийн нэвтрүүлгээр гаргаж ирэхийг зорьсон нь энэ юм.

Манай улс хүүхэд хамгаалалтай холбоотой олон хууль баталж, олон ч журам боловсруулсан. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 4 сарын 20-ны өдрийн тушаалаар Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх журмыг гаргажээ.

Энэ журмын 1.3-т:

Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр хохирогчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шуурхай, чанартай, хүртээмжтэй, үнэ төлбөргүй хүргэнэ гэж заажээ.

Мөн 1.5-д Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг мэргэжлийн сэтгэл зүйч үзүүлнэ гэжээ.  Цаасан дээр буусан энэ ажил амьдралд хэрэгжиж байгаа эсэхийг бид хайж үзлээ. Тухайлбал Нийслэлийн Хан Уул дүүргийн 10-р хорооны хувьд 13 мянга гаруй хүн амтай, 0-18 насны 5300 гаруй хүүхэд бий. Тус хорооны хамтарсан баг “бие махбодийн болон үл хайхрах” хүчирхийлэлд өртсөн олон хүүхэдтэй ажиллажээ. Энэ чиглэлд хангалттай хууль тогтоомж байгаа ч үйл ажиллагаа явуулах зардал хөрөнгө, хүн хүчний хувьд дутагдалтай байдал ажил урагшлахгүй байх үндсэн шалтгаан болоод байгааг Хан уул дүүргийн 10 дугаар хорооны засаг дарга Ц.Чинзоригт учирлаж байлаа.  

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд 1 биш урт удаан хугацааны сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй байдаг. Хэдийгээр хүүхэд хүчирхийллээс аврагдан аюулгүй байдалд шилжсэн ч түүний зүрх сэтгэл, мэдрэлд өөрчлөлт ордог. Тухайлбал, нэг удаагийн хүчтэй шоконд орсноос болж сэтгэлийн эмгэгтэй болдог. Иймээс тохирсон эмчилгээг цаг тухайд нь үр дүнтэй хийхгүй бол насан туршийн сэтгэл санааны эмгэгтэй үлддэг. Үүгээр зогсохгүй өөр олон төрлийн гэмт хэргийн хохирогч болдог гэж Хүйсийн тэгш эрхийн үндэсний төвийн тэргүүн М.Ганбаясгах тайлбарлаж байна. Түүний яриаг сонсоно уу.

Жил бүр насанд хүрээгүй олон хүүхэд бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийн золиос болж, зарим нэг нь харамсалтайгаар амь насаа алдсаар байна. Энэ хирээр тэдэнд үзүүлэх сэтгэл заслын тусламж үйлчилгээ хөгжих учиртай гэдгийг  нийгэм өөрөө шаардаж эхэллээ. Нөгөө талд нь урьдчилан сэргийлэх ажилд хүн бүрийн оролцоо, хүчин чармайлт чухал байгааг олон баримт гэрчилнэ. Хохироод үлдсэн хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг хэвийн болгох ажилд хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулах нь төрийн үндсэн үүрэг. Тэдний энэ хэрэгцээг хангахгүй бол насанд хүрээд хүчирхийлэгч нэгэн болдог нь сэтгэл судлалын шинжлэх ухаанаар тогтоогджээ. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд бид хэрхэн яаж ажиллах вэ?

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн ярилаа. Нийгмийг цочроосон олон таагүй хэрэг ар араасаа гарсаар байх уу? Үүнийг зохицуулдаг хууль тогтоомж хаанаа доголдов? Бид юун дээр алдав? Гээд олон асуултад тодорхой хариулт хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэдэгдлээ.

7 нас хүртлээ бие махбодийн шийтгэл амсаж байсан хүүхдүүдийн 80 хувь нь насанд хүрээд хүчирхийлэгч болдог нь нотлогдсон байна. Хаанаасаа хэнээсээ ийм муухай зүйл сэдээд араатан шиг авирладаг байна аа гэж бид хүчирхийлэгчдийн талаар ам булаалдан муулцгаадаг. Гэвч энэ бүхний ард хүүхэд ахуй насандаа амсаж байсан зовлон зүдгүүр, сэтгэлийн шарх нь хожмын хувь тавиланг, ааш араншинг эвдэх том хөшүүрэг болж байдаг гэдгийг бид мартах учиргүй. Хүүхдийн хүүхэд насыг хулгайлсан хэн ч бай хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Харин хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд давхар хохироод үлддэг дүр зураг хэзээ ч байж болохгүй. Үүнийг засахын төлөө төр, хувийн хэвшил, иргэн бүр дор бүрнээ ажиллах, хичээх цаг болжээ.

Нийтэлсэн: Ж.Золзаяа

Хохирогчдод үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ, хүртээмж   
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй