Шууд Chart

Н.Баярмаа: Манай улсад нэвтрүүлэгч гэсэн дипломтой нэг ч хүн байхгүй. Үүнийг шавь сургалтаар бий болгодог

2020-10-13 09:21:33

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Нордовын Баярмаатай ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ гоёсны зэрэгцээ үе үеийн нэрт нэвтрүүлэгчдийнхээ хүндтэй үүргийг хүлээсээр байна.  

-Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан танд юуны уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Үндэсний бөхийн тамирчид цол нэмэхээрээ төрөлх нутаг орон эсвэл аав ээждээ хамгийн түрүүнд очиж дуулгадаг. Харин та энэ баярт мөчөө хэнтэйгээ хуваалцав?

-Баярлалаа. Аав маань Дундговь, ээж Баянхонгор аймгийн гаралтай ч би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Тиймээс аль нэг нутаг ус гэсэнгүй зөвхөн мэргэжлийн багштайгаа л хамгийн түрүүнд хуваалцлаа. Шагнал хүртэхээс гурван хоногийн өмнө (аравдугаар сарын 2-ны орой баасан гарагт) Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Х.Норов гэдэг хүн надтай утсаар холбогдож “Та Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнагдахаар боллоо. Ирэх даваа гарагт Төрийн ордонд ирж цол тэмдгээ гардаж аваарай” гэхээр нь би “Та хүн андуураагүй биз” гэсэн чинь инээснээ “Үгүй ээ” гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ нөхөр, дүү, хүүтэйгээ хамт байсан юм. Уг мэдээг сонсоод миний хүү надаас илүү баярласан. Тэр даруйдаа би Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч С.Батцэрэн багшдаа утсаар холбогдож дуулгасан.

-Багш тань хэрхэн хүлээж авсан бол ...

-Өмнөх өдөр нь буюу ахмадын баяраар би багшдаа мэнд хүргэхээр гэрт нь очсон юм. Тэгэхэд багш маань намайг “Чи одоо нэг юм дуулгах болсон доо” гэж байв. Гэтэл маргааш нь ийм мэдээ сонссон болохоор утсаар ярихдаа “Та өчигдөрхөн ийм сайхан билэгдэлтэй үг хэлж байсан. Мэдсэн юм шиг хэлж байж шүү” гэхэд “Тэгэлгүй яах вэ” гээд жигтэйхэн их баярлаж байна билээ. Мөн надад “Өнгөрсөн хугацаанд би юу хийсэн билээ. Цаашид юу хийх хэрэгтэй вэ” гэсэн бодол төрж, их хариуцлага хүлээдэг юм байна.

-С.Батцэрэн багшдаа хэрхэн шавь орсон тухайгаа дурсана уу?

-Би 1990 онд нэвтрүүлэгчийн гараагаа эхэлсэн цагаас багшаасаа суралцсаар байна. Тухайн үед Монголын радиогийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан ч хожим УДЭТ-аар овоглох болсон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар агсан шалгалт авч, С.Батцэрэн багшид намайг шавь болгуулж оноож өгсөн.

-Тэр цагаас хойших хугацаанд та өөрийгөө хийх ёстой зүйлээ хийж чадсан гэж харж байна уу?

-Энэ жил би яг 30 дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн гол нь мэргэжлийн гэсэн тодотголоо алдахгүй юмсан л гэж бодож явдаг. Гэтэл зарим найз маань “Чи энэ олон жил ажилласан хирнээ илүү их суралцах хэрэгтэй” гээд телевизээр яриад байх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ” гэхээр нь “Би хичээж л яваа болохоос өөрийгөө “Болоогүй” эсвэл “Болсон” гэж хэлээгүй шүү дээ” гэж хариулсан. Гэхдээ 30 жилийн хугацаанд би өөртөө тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан л байх. Ийм ч үндсэнд төр засаг намайг үнэлж, энэхүү хүндтэй цолыг олгосон байх. МҮОНРТ-д ажиллаж байгаа биднийг “Хос морьтон” гэдэг. Телевиздээ ч радиодоо ч ажилладаг болохоор тэр л дээ. Гэхдээ би нэг л зүйлд өөрийгөө тоодог. Энэ юу вэ гэхээр хоёр жилийн өмнө ажилласан “Өвгөдийн захиас” бүтээлээ онцолж байна. Уг бүтээлийг телевизэд хамт ажиллаж байсан сэтгүүлч Д.Нарантуяа найзынхаа санаачлагаар уншиж, дөрвөн улиралд хэсэгчилж уншсан. Тодруулбал зуны хэсэгт Хүн байхуйн захиас “Есөн эрдэм”, Оюуны оньс чагтыг тайлахуйн захиас “Оюунтүлхүүр”, Хүмүүний гэмшил, ухаарлыг танихуйн захиас сургаалаас ... “Гэмшлийн зургаан сургаал”, “Цаасан шувуу” өгүүлэмж зэрэг багтсан. Найруулагч Ц.Цэвэлсүрэн, зураглаач Д.Хэрлэн нартай хамтран ажиллахдаа зураг авалтаа Архангай аймгийн үзэсгэлэнт байгальд хийсэн. Уг бүтээл надаас мэргэжлийн маш их шандас сорьсон.

-30 жилийн өмнө энэ том байгууллагынхаа босгыг алхсан ч гэлээ таны үндсэн мэргэжил тэс өөр юм билээ. Тиймээс сонирхол их татсан л даа ...

-Дунд сургуульд сурч байхаасаа л нэвтрүүлэгч болох хүсэлтэй байсан. Гэвч хуваарь сонгох үедээ Чех Улсад Уулын үйлдвэрийн удирдлага зохион байгуулалт гэсэн мэргэжлээр төгссөн. Ер нь манай улсын охидын тал хувь нь нэвтрүүлэгч, хөтлөгч болох хүсэлтэй байдаг байх. Энэ мэргэжлийн маань сайхан нь үзэх, харах соёлтой нягт холбоотой учир гоо зүйгээс гадна тал бүрийн наад захын мэдлэгтэй байхыг шаарддаг.

-Чехт сургууль төгсч ирсэн жилдээ нэвтрүүлэгчийн шалгалт өгсөн гэдэг байх аа ...

-Тийм. Төгсч ирснийхээ намар буюу 1988 онд гэртээ телевиз үзээд сууж байтал “МҮОНТ-д нэвтрүүлэгч шалгаруулж ажилд авна” гэсэн зар явж байхыг хараад очлоо. Тухайн үед Чех Улс манай гуравдагч орон байлаа шүү дээ. Тэгээд ч гадаад сурч байгаад ирсэн залуусыг тухайн үед “Нийслэл хотоо чимдэг цэцэг” мэтээр хүлээж авч, өхөөрддөг байв. Гадаадын соёлоос суралцаад, элдэв янзын этгээд модны хувцас өмссөн болохоор өнгөлөг, өвөрмөц харагдах нь мэдээж. Миний хувьд хувцас ч яах вэ, мэдээж гоё ганган нь дүүрч. Дээрээс нь богино буржгар үсэндээ цагаан шаргал өнгөөр сор тавиулсан байсан болохоор бүр содон харагдах нь ойлгомжтой. Тэгсэн чинь телевизэд шалгаруулалт хийх гэж байсан хүмүүс миний хөлөөс толгой хүртэл шинжиж байснаа өмнө нь хураалгасан товч анкетыг хараад “Тэр өндөр хөгжилтэй оронд тэс өөр мэргэжлээр суралцсан хүн яагаад нэвтрүүлэгч болно гэж бодов” гэж билээ. Ингээд нааш, цааш хэд алхуулсан болоод бараг юм уншуулалгүйгээр буцаасан. Дараа нь намайг дахиж дуудаагүй юм чинь голсон л байх (инээв.сурв).

-Нөхцөл байдал бишдсэнийг мэдээд дараагийн ажлын сонголтоо хаана хийсэн бэ?

-Чехээс ирэхдээ би том охиноо төрүүлээд удаагүй байлаа. Гэтэл намайг Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайд албан ёсоор хувиарлав аа. Тэгэхээр нь “Жаахан хүүхэдтэй” гэсэн шалтгаанаар яваагүй. Тийнхүү Шинжлэх ухаан бүтээлийн төв гэсэн нэртэй залуучуудын байгууллагад нягтлан бодогчоор Улаанбаатар хотод ажилласан. Гэтэл өмнөх жил нь телевизэд шалгаруулалт өгч байхад шалгалт авч байсан багш нарын нэг, боловсон хүчин Б.Аварзэд гуай миний ажиллаж байсан газрын ойролцоо таарах болгонд нь би танимхайрч, мэндлээд “Танайх нэвтрүүлэгчийн шалгаруулалтаа дахиад хийх үү” гээд л асууна. Ингээд би дараа жил нь буюу 1989 оны арваннэгдүгээр сард Монголын радиогийн шалгаруулалтад дахин ороход Б.Баатар найруулагч “За яах вэ, чамайг болно эсвэл болохгүй гэж хэлэхгүй. Бүх зүйл чамаас л шалтгаална. Ямартай ч чамд нэг багшид дагалдуулах хэрэгтэй” гээд С.Батцэрэн багшид даатгасан түүхтэй. Гэхдээ миний ажиллах тушаал 1990 оны дөрөвдүгээр сард гарсан. Тэр болтол хагас жилийн хугацаанд би багштайгаа уйгагүй зүтгэсэн дээ. Ямар сайндаа багшийн маань найз нар “Унагатай гүү шиг та хоёр хамт л явна уу” гэж цаашлуулдаг байж билээ.

-Москвагийн дуу хоолой радиод ажилласан тань хэзээ билээ ...

-2001-2004 оны хооронд юм. Тэр том радиод Монгол хэлний нэвтрүүлэгчээр ажиллах хувь тохиосонд баяртай явдаг.

-Сурагч болон оюутан байхдаа та арга хэмжээ хөтөлдөг байв уу?

-Нэгдүгээр ангидаа үсэглэлийн баяр хөтөлсөн. Юу ч мэдэхгүй хүүхдээр багш маань яагаад ч хөтлүүлсэн юм, бүү мэд (инээв.сурв). Нийслэлийн арванхоёрдугаар сургуулийг төгссөн хүн л дээ би. Шинэ, хуучин он ч болж байлаа. Тэгэхээр багш нар намайг “Хэл яриа нь тод юм гэж харсан уу эсвэл хөтлөх авьяас байна” гэж бодов уу. Ямар ч байсан намайг сонгодог байсан. Гэхдээ би таван настайдаа уншиж сурсан шүү дээ. Энэ маань миний сайхных ч биш. Тухайн үеийн айлууд 5-8 хүүхэдтэй байлаа. Аав ээж ажилдаа явахдаа ах, эгч нарт нь багачуудаа даатгаад ажилдаа явцгаана. Тэр үед ах маань надад ном уншуулж сургасан. Сүүлдээ юу ч байсан хамаагүй дуржигнуулчихдаг болсон. Тэр уншилт хожим миний хэл яриа тод болоход нэмэр болсон байх талтай.

-Таны хоолойны өнгө төрөлхийнх үү?

-Анхны хүүхдээ гаргачихаад ажилд орохдоо би 25 настай байлаа. Гэвч хүмүүс намайг “Цэцэрлэгийн хүүхдийнх шиг хоолойтой юм” гэдэг байсан. Тэгэхээр нь би Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Ч.Буянхишиг эгчийг Монголын радиод ажиллаж байхад нь санал тавьж, “Та миний хоолойны өнгийг зүгшрүүлээд өгнө үү” гэж санал тавьсан. Ингээд бид хоёр “Цагаан лавай” студид гамм уншиж байлаа.  

-Чехт тусгай мэргэжил эзэмшчихээд тэс өөр ажил хийлээ гэж аав, ээж тань зэмлэж байв уу?

-Ээж маань нэг удаа “Миний охин хүний газар цаг хугацаа, хөрөнгө зарж ирчихээд үр дүнг нь үзсэнгүй дээ” гэж байсан. Гэхдээ нэвтрүүлэгч болсноос хойш төд удалгүй хүмүүст “Манай охин Монголын радиод ажилладаг” гээд бахархаж ярьдаг болсныг нь дуулаад урмыг нь хугалаагүй байх гэж боддог. Харин аавын хувьд анхнаасаа дэмжсэн. Дуу хуурын өлгий нутгийн хүн болохоор соён гэгээрүүлэх талын ажилд сонирхолтой. Мөн нэмж хэлэхэд, ээжийн маань аав уртын дуу сайхан дуулдаг хүн байсан.

-Анхны нэвтрүүлгээ сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-С.Батцэрэн багш маань надад арга барил, туршлагаа бүрэн өвлүүлсэн ачтан. Тэр хүний буянаар би өдий зэрэгт хүрсэн. Нэвтрүүлэгч гэдэг ажил сургуулиар олгогддоггүй. Зөвхөн шавь сургалтаар. Мөн манай улсад нэвтрүүлэгч гэсэн дипломтой нэг ч хүн байдаггүй. Өөрийнхөө нэвтрүүлгийг анх сонсоод их ичсэн. Тухайн үед бидэнд зэрэг олгодог байлаа. Би анх дагалдан нэвтрүүлэгч, гуравдугаар, хоёрдугаар, нэгдүгээр зэргийн нэвтрүүлэгч болж, хамгийн сүүлд тэргүүн зэргийнх болсон. Үүгээрээ цалин ч нэмэгдэнэ. Бид агааргүй нөхцөлд ажилладаг болохоор “Хүнд, хортой нөхцөлд ажил эрхэлдэг” гэсэнд хамаарагддаг байлаа. Гэтэл одоо энэ үгүй болсонд харамсдаг. 

 

-Төгөлдөр хуурчид гараа гэмтээхгүйн тулд хүнд хүчир ажил хийдэггүй гэдэг. Харин нэвтрүүлэгчид царай зүс, хоолойдоо хэрхэн анхаардаг вэ?

-Радиогийн нэвтрүүлэгчийн хувьд хамгийн их арчлах ёстой зүйл бол хэл, хоолой, шүд. Харин телевизийнх зүс царай ч хамаарна л даа. Тэгэхээр амьдралын зөв хэвшилтэй байх л чухал.

-Телевизийн нэвтрүүлэгчээр хэдэн оноос эхэлсэн бэ?

-1992-1994 оны хооронд. Тухайн үед манай телевизийн эмэгтэй нэвтрүүлэгчид цөөрсөн учир найруудагч Цэрмаа “Цагийн хүрд” агентлагт түр ажлуулна гэсэн санал тавьсан. Өмнө нь би телевизээр нэг ч удаа нэвтрүүлэг уншиж байгаагүй болохоор Б.Цэенханд гуай надад телевизийн А үсгийг зааж сургасан. Радио бол сонсох, телевиз үзэх урлаг. Ийнхүү 2007 оноос телевиздээ эргэн ажиллаж, өнөөдрийг хүрлээ.

-Та нэвтрүүлэгчээс гадна кинонд дуу оруулдаг. Одоогоор хэдэн кинонд дуу оруулсан бэ?

-2010 онд бүтцийн өөрчлөлт хийгдэж, 10 нэвтрүүлэгчийн тавыг нь “Монголын мэдээ” сувагт үлдээгээд бусдыг нь кино албанд харьяалуулахад би маш их олзуурхсан. Учир нь хийж үзээгүй зүйлээ хийж, шинэ юм сурах нь гэж. Нийтдээ уран сайхны 300, баримтат 400 орчим кинонд дуу оруулсан. Тухайн үед орчуулагчаар ажиллаж байсан Амарсайханыгаа магтахыг хүсч байна. Түүний орчуулга аманд хөврөөд л явчихна. Заримынх нь орчуулгыг бид нар өөрсдөө засч, дур мэдэн халдах тохиолдол ч байсан.

-Энэ их ажил, амжилтын ард гэр бүл гол байр суурь эзэлдэг. Тиймээс гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Миний ханийг Ц.Эрдэнэбаатар гэдэг. Гаалийн салбарт ажилладаг. Эх орныхоо хилийг тойрч, томилолтоор явдаг над шиг завгүй хүн. Уг нь над шиг хүн дагаад л явах ёстой байх. Гэвч ховор мэргэжилтэй, онцгой объектод ажилладаг болохоороо яалт ч үгүй үлддэг байлаа. Бид хоёр сарын хугацаанд нэг удаа л гэртээ цугладаг ч үе байлаа. Гэхдээ хэн хэн нь үүрэг хариуцлагаа мэддэг учир хэцүү давааг туулаад л өдийг хүрсэн. Одоо бидэн хоёр охин нэг хүүтэй. Охидууд маань Москвад сургуульд төгсч ирээд эх орондоо сайн ажиллаж байна. Харин хүү маань дунд сургуульд суралцдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Баярмаа: Манай улсад нэвтрүүлэгч гэсэн дипломтой нэг ч хүн байхгүй. Үүнийг шавь сургалтаар бий болгодог  
Үзсэн: 1324 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй