Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн 20:00 цагаас 04:00 цагийн хооронд үйлдэгддэг

2020-10-16 15:53:57

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэчнээн дуудлага мэдээлэл бүртгэгддэг вэ?

-Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шүүхээр баривчлах, торгох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 4000 орчим хүн баривчлагдсан. Цаана нь 4000 гэр бүл байгаа гэсэн үг. Ер нь жил бүр 4-5 мянга орчим хүн шүүхээр баривчлагдаж ял шийтгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хамгаалах тал дээр анхаарч ажиллаж байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцвэл зөв зүйтэй вэ?

-Цагдаагийн байгууллага Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хангаж ажилладаг. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу дуудлага мэдээллийг бүрэн бүртгэж, шалган шийдвэрлэдэг бөгөөд эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Үүнээс гадна цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хамгаалах тал дээр түлхүү ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэртэй, хөршүүд мэдээлдэггүй учраас зарим нь илрэхгүй байна. Хөдөө хүнгүй газар нэг гэрээрээ байгаа л биш бол хөршгүй айл гэж байхаа больсон. Тиймээс . Нийгэмд цөөн гэр бүл бус бүх л гэр бүл хүчирхийлэлгүй сайхан амьдрах, гэр бүлийн хүчирхийллийг хүн болгон үл тэвчдэг болох ёстой.

-Хүчирхийлэл үйлдэгддэг гол шалтгаан нөхцөл юу вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн оройны 20:00 цагаас үүрийн 04:00 цагийн хооронд үйлдэгддэг. Энэ цагт гэр бүлийн нөхөр эсвэл эхнэр бие биенийхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж байдаг. Шалтгаан нь цалин, хоол унд зэрэг гэр бүлийн жижиг зөрчлөөс болдог. Жишээлбэл, нохойгоо салхилуулсангүй гэж маргалдсанаас үүдсэн байдаг. Ийм маргаан гэр бүл салж, хүүхэд өнчрөх том шалтгаан мөн үү. Гэтэл ийм жижиг асуудал даамжирсаар байгаад нэг нь нөгөөгийнхөө эрх чөлөөнд халддаг, гэр бүл салж сарнидаг, хүүхэд өнчирдөг. Уг нь энэ жижиг асуудлыг хуулиар бус эхнэр нөхөр хоорондоо эв зүйтэй харилцсаны үндсэн дээр бие биенээ хайрлаж, хүндэтгэж, ойлголцоод л шийдчих боломжтой.

Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, түүнийг дагаж гарсан бүх журмаа баталсан. Түүнчлэн энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бүрэн сургаад, цагдаагийн ажилтнууд дуудлага мэдээллийг шуурхай хүлээн авах тал дээр онцгой анхаарч байна.

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх шалгарсан арга гэж бий юу?

-Гэр бүл бие биенээ хүндэлдэг, хайрладаг, ойлголцдог байвал гэр бүлийн хүчирхийлэл буурна. Төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, цагдаагийн байгууллага олон шат дамжлагаар соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг хийж байгаа. Гэхдээ 30, 40 нас хүрчихсэн, 3-4 хүүхдийн ээж аав болчихсон зарим хүн хандлагаа өөрчлөхгүй байна. Би угаасаа л цалингаа авсан өдөр заавал архи уудаг, надад үг хэлвэл би зөрүүлээд заавал юм хэлэхгүй бол доошоо орчихно гэдэг. Бүх хүн гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг, үйлдсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэр бүл аз жаргалтай, амар тайван байх ёстой. Тиймээс гэр бүл, гэр бүлийн хоёр хүүхдийнхээ өмнө, хань ижилийнхээ өмнө, гэр бүлийнхээ өмнө өргөсөн тангарагтаа хариуцлагатай хандаарай.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн 20:00 цагаас 04:00 цагийн хооронд үйлдэгддэг  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй