Шууд Chart

Уулын Карабахт байлдаан үргэлжилж байна

2020-10-16 16:58:14

Армени, Азербайжаны талууд энэ сарын 10-нд Москвад хийсэн гал зогсоох тохиролцоондоо хүрэхгүй, дайтсаар байгааг олон улсын хэвлэлүүдэд онцолжээ.

Арменийн дайчдыг эрүүдэн тамлаж, хөнөөж байгаа бичлэг интернэтэд гарсны дараахан Армени улсын зүгээс Азербайжаны засаг захиргааг олзлогдсон цэргүүдийг цаазалсан хэрэгт буруутгасан байна. Харин Азербайжанаас энэ бичлэгийг хуурамч, өдөөн хатгасан үйлдэл гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ хэргээр мөрдлөг шалгалт явуулахаа амлажээ.

Үүнээс гадна Арменийн тусгайгийнхан Азербайжанд хүн олноор цугларсан газарт алан хядах ажиллагаа үйлдэх гэж байна гэсэн мэдээллийг Азербайжаны улсын аюулгүй байдлын албанаас гаргасныг Арменийн үндэсний аюулгүй байдлын алба үгүйсгэсэн байна.

Талууд бие биеэ хүн ам суурьшсан бүсүүд рүү цохилт хийсэн хэрэгт буруутгасаар байна. Мөн Уулын Карабахын Степанакерте хотод цуврал дэлбэрэлт гарсныг сэтгүүлчид мэдээлсэн байна. Цохилтод мөн Азербайжаны Тертер хот өртөж, энгийн номхон гурван хүн амиа алдсан гэжээ.

Азербайжаны тал ч Арменийн газар нутаг руу цохилт хийсэн юм.

Уулын Карабахт өнгөрсөн сарын 27-ноос мөргөлдөөн эхэлсэн юм. Армени, Азербайжан хоёр улс бие биеэ өдөөн хатгасан гэж буруутгаж эхэлсэн бол Карабахаас энгийн номхон иргэд рүү их буугаар гал нээсэн гэж мэдэгдсэн юм. Энэ мөргөлдөөнөөс болоод Армени улс дайны байдал зарлаж, цэргүүдээ татаж эхэлсэн бол Бакуг Анкарагаас дэмжиж байна. Азербайжан ч мөн дайны байдалд хэсэгчлэн шилжсэн. Харин энэ сарын 9-нд Оросын төрийн тэргүүний урилгаар Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар Москвад уулзаж хэлэлцээр хийсний дүнд энэ сарын 10-ны үдээс хойш гал зогсоохоор тохиролцсон юм. Гэвч тэд бямба гарагаас эхлэн бие биенээ эвлэрлээ зөрчсөн гэж буруутгаж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Уулын Карабахт байлдаан үргэлжилж байна   
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй