Шууд Chart

“Шинэ эхлэл” гэрээг нэг жилээр сунгах саналыг Владимир Путин гаргаад байна

2020-10-18 10:04:58

АНУ, ОХУ цөмийн зэр зэвсгийнхээ тоог харилцан бууруулах шинэ эхлэл гэрээг 2010 онд байгуулсан юм. Энэхүү гэрээний хүчинтэй хугацаа ирэх жилийн эхээр дуусгавар болно. ОХУ үй олноор нь хөнөөх зэр зэвсгийн тоог цөөрүүлэх энэхүү гэрээг сунгах хүсэлтэй байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөгийн гэрээг урьдчилсан нөхцөлгүйгээр багадаа нэг жилээр сунгах талаар АНУ-ын талтай яриа хэлэлцээ хийх үүрэг даалгаврыг холбогдох албаныхан өгсөн байна. 

ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн цахим хурал баасан гарагт боллоо.  Энэ хурлын үеэр ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан шинэ эхлэл гэрээний хүчинтэй хугацаа 2021 оны 02-р сарын 4-нд дуусах талаарх мэдээллийг Оросын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров Ерөнхийлөгч Владимир Путинд  өгч, энэ асуудалтай холбоотойгоор ямар арга хэмжээг авбал зохистой  талаар Кремлийн тэргүүний зааварчил гааг хүсжээ. Путин ийнхүү хариулсан юм.

Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч: Одоогийн  гэрээг ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр багадаа нэг жил сунгах саналтай байна. Энэ нь талуудад бүх асуудлыг тусгасан гэрээг дахин байгуулах бодит яриа хэлэлцээг өрнүүлэх, мөн АНУ, ОХУ цаашлаад дэлхийн дахин цөмийн зэр зэвсгийн эсрэг гэрээ, хэлэлцэлгүй байдалд орохоос  зайлсхийх боломжийг олгоно. Энэ төрлийн шинэ хэлэлцээрийг байгуулахаас өмнө өнөөгийн гэрээ  дуусах нь ихээхэн хор хөнөөлийг дагуулах эрсдэлтэй.

Ерөнхийлөгч Путин түүний саналыг АНУ-ын эрх баригчдад дуулгаж, тодорхой хариулт авахыг хичээхийг Лавровд даалгажээ. Гадаад Хэргийн сайд Сергей Лавров чадах бүхнээ хийх амлалтыг өгчээ. Ер нь бол ОХУ одоогийн шинэ “Шинэ Эхлэл” гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр дахин 5 жилээр сунгахыг зорьж байна. Харин АНУ-ын Москвагийн энэхүү саналд ямар хариуг өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирээд байгаа нь дээрх хэлэлцээртэй холбоотой асуудлыг хойш тавих шалтгаан болж болзошгүйг ажиглагчид хэлж байна.  АНУ, ОХУ-ын хоорондох  армийн  технологи, зэвсэглэлтийн өрсөлдөөн  нь Оросын эдийн засагт хүнд дарамт болж байна. Энэ ч үүднээс ОХУ ийм өрсөлдөөнөөс зайлсхийхийг хичээж байгааг зарим хэвлэлд онцолжээ.

Манай хойд хөрш Батлан хамгаалахын салбар дахь хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа орнуудын жагсаалтын эхний тавд багтаж ирсэн юм. Гэхдээ Оросын батлан хамгаалахын жилийн төсөв АНУ, БНХАУ-ынхаас харьцангуй бага хэвээр байна. 2019 онд АНУ батлан хамгаалахдаа 732 тэрбум ам.долларыг зарцуулсан бол ОХУ 65 тэрбум ам.долларыг зориулсан байна. АНУ-ын 2019 оны Батлан хамгаалахын төсөв ОХУ-ынхаас 11 дахин их байсан бол 2019 оны Хятадын армийн төсөв манай хойд хөршийнхнөөс 4 дахин их байжээ.

Ташрамд дуулгахад,  Хятад улс “шинэ эхлэл” гэрээнд одоог хүртэл нэгдээгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шинэ эхлэл” гэрээг нэг жилээр сунгах саналыг Владимир Путин гаргаад байна  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй