Шууд Chart

Монголын хуульч Ази, Номхон Далайн бүс нутгийн хуульчдын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн боллоо

2020-10-19 12:45:20

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч Ж.Хунан Ази, Номхон Далайн бүс нутгийн хуульчдын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдсон байна. Энэ нь тус нэр хүндтэй байгууллагын Гүйцэтгэх хороонд монгол хуульч анх удаа гишүүнээр сонгогдсон явдал юм.

Тэрбээр, саяхан энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо (LAWASIA) нь 2020-2021 онд сонгогдон ажиллах дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгуулийн үеэр ийнхүү сонгогджээ.

Хуульч Ж.Хунангийн тухайд, 2006-2007 онд Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Хорооны Ажлын албанд мэргэжилтнээр, 2007-2013 онуудад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх" төсөл, "Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь" төслүүдийн зохицуулагчаар, 2013-2016 онд өмгөөллийн "Партнерс форевер" ХХК-д хуульчаар, 2016 оноос Нээлттэй нийгэм форумын "Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь" төслийн зөвлөхөөр, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв, Хууль зүйн туслалцааны төв, иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлэх e-хөтөчийг байгуулах ажлуудыг хийсэн байдаг.

Сонирхуулахад, Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо нь 1966 оны наймдугаар сарын 10-нд байгуулагдсан бөгөөд Азийн хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилготой улс төрөөс ангид, мэргэжлийн, бие даасан байгууллага юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбооны Гүйцэтгэх хороонд сонгогдсон гишүүд нь тухайн бүс нутгийн гишүүн байгууллага болоод Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбоог холбож, менежментийн дээд түвшний хүрээнд өөрсдийн харьяаллыг төлөөлдөг.

Гүйцэтгэх хороо нь найман гишүүнээс бүрдэх бөгөөд хорооны гишүүд нь тус холбооноос зохион байгуулж буй хэлэлцүүлэг, форумд үндэснийхээ харьяаллыг төлөөлөх үүрэгтэйгээс гадна LAWASIA-ийн Удирдах зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн тус холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудад зохион байгуулагчаар оролцох, илтгэх, даргалахын зэрэгцээ холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиглэлийг тодорхойлох зэрэг чухал чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг.


Монголын хуульч Ази, Номхон Далайн бүс нутгийн хуульчдын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн боллоо  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй