Шууд Chart

В.Удвал: Гэр бүлээс гадуурх харилцааг Гэр бүлийн тухай хуулийн дагалдах хуулиудаар зохицуулахаар ажиллаж байна

2020-10-20 16:35:38

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Онцлох зочин” хөтөлбөрт орсон “Хууль судлал хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн гишүүн, хуульч В.Удвалын ярилцлагыг хүргэж байна.

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулж буй өөрчлөлтүүдийн талаар ерөнхий мэдээлэл өгөөч?

-Монгол Улсад 1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш хүмүүсийн аж амьдрал болоод манай нийгмийн бүхий л хүрээнд өөрчлөлт гарсан. Үүнийг дагаад нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиудыг өөрчилсөн. Гэр бүл гэдэг нийгмийн анхдагч нэгж, үүр дээр өөрчлөлт шинэчлэлт маш их явагдаж байгаа. Энэ өөрчлөлтийг нийгмийн харилцаа талаас нь өөрчилж, шинэчилж зохицуулах шаардлага гарч ирж байна. Өмнө нь Монголд Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах тал дээр миний мэдэхийн 2009 онд одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас томилогдсон хамтарсан ажлын хэсэг ажиллаж байсан.

Манай улсад Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгаар юуг зохицуулах шаардлагатай вэ гэвэл өнөөдөр нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтүүдийг, хүмүүсийн өөрчлөлт хөгжлийг харгалзан үзэх ёстой. Гэр бүл төрийн хамгаалалтад байна гэдгийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Төрийн хамгаалалтад байх ёстой нийгмийн онцгой нэгж гэр бүлийг хамгаалахын тулд түүний дотор үүсч буй  хөдөлгөөн, харилцаа, гэр бүлийн гадаах буюу нийгмийн дотор болж буй процессүүдийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал өргөн хүрээнд тавигдсан. Төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг 2004 онд баталсан. Энэ бодлогоо дагаад Гэр бүлийн талаар баримтлах бодлого гарсан. Төрийн энэ бодлогыг үйл ажиллагаа болгохын тулд хуулиар зохицуулах шаардлага бий болдог. Энэ үүднээс нэгдүгээрт, Төрөөс гэр бүлийг ямар хүрээнд бодлогоор дэмжих цар хүрээг тодорхойлсон. Хоёрдугаарт, Гэр бүлийн гишүүд нийгмийн өмнө хариуцлага хүлээх, эхнэр, нөхрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ тал дээр ямар хариуцлага, үүрэг хүлээхийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр, аав ээж болоод мөн хүүхэд ямар хариуцлага хүлээх зэргээр бүгдийг тодорхойлсон. Мөн Гэр бүл гэдэг тодорхойлолтыг өргөн хүрээнд авч үзэж, Иргэний хуультай холбогдож шинэчлэгдсэн байгаа.

-Гэр бүлийн тухай хуулийг хэрхэн Иргэний хуультай холбож шинэчилсэн бэ?

-Иргэд аав ээжийгээ өөрийн гэр бүлдээ авч асарч тэтгэдэг. Мөн зах зээлийн энэ үед гадагшаа явсан нэгнийхээ хүүхдийг өсгөж хүмүүжүүлдэг. Тэгвэл энэ харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдгийг хуульчилж өгөх шаардлага гарсан. Энэ үүднээс гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хариуцлагатай холбоотой асуудлыг зохицуулсан.

Дараагийн нэг асуудал нь шүүхийн процесс. Учир нь гэр бүл бат тогтвортой байх хэдий ч зарим тохиолдолд салах явдал гардаг. Өмнөх хуулиар гэр бүл салалтыг зохицуулсан хэдий ч гэр бүл тогтвортой байх талаас нь дэмжих заалтууд оруулах шаардлага бий болсон. Өөр бусад хуулиар гэр бүл салахын өмнө холбогдох байгууллагууд дэмжин туслах үйлчилгээ үзүүлсний дүнд салах эсэх эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Тэгвэл энэ процессод өмгөөлөгчид, сэтгэл судлаач, төрийн холбогдох байгууллагын ажилтнууд ямар үүрэгтэй оролцох гэх мэтчилэн маш олон харилцаа бий болсныг нарийн тусгасан. Мөн гэр бүлийг дэмжиж туслах тогтвортой байдлыг цааш үргэлжлүүлэх чиг үүрэгтэй олон байгууллага байгааг хуулиар тодорхойлж, зохицуулж байна. Мэдээж хэрэг УИХ-аас бодлого, хууль батална. Мөн Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн захиргааны байгууллага гэх мэтчилэн ямар чиг үүрэгтэй, ямар хариуцлага хүлээж ажиллахыг тодорхойлсон. Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгыг батлуулах ажил үргэлжилж байх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулагдсан.

Гэр бүлийг төрөөс дэмжих, зохицуулах харилцаанд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга үүрэг хүлээдэг. Үүний өмнө шинэчлэн найруулж батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар ажлын хэсэг, багийг толгойлж ажиллах чиг үүргийг нь зохицуулж өгсөн. Гэр бүлтэй холбоотой харилцаанд хүүхэд үрчлэх, асран хамгаалах, харгалзан дэмжих зэрэг маш олон асуудал хамаарагддаг. Энэ бүх харилцааг зохицуулж байгаа.

-Гэр бүл салалтын тодорхой хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүддэг. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хэрхэн тусгасан бэ?

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн гишүүдтэй холбоотой зохицуулалтуудыг оруулж байгаа. Гэр бүлээс гадуурх харилцааг энэ хуулиар зохицуулах боломжгүй. Харин Гэр бүлийн тухай хуультай холбогдож буй бусад хуулиар зохицуулах боломжтой. Тухайлбал, эмэгтэйчүүдийн төлөөх олон төрийн бус байгууллага энэ асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж, дагалдах хуулиудаар зохицуулж өгье гэсэн санаачилга гаргасан. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зөвхөн гэр бүлийн гишүүдтэй холбоотой харилцааг зохицуулж, дагалдаж орох хуулиудаар таны саяны хэлсэн асуудлыг зохицуулах боломж бий. Учир нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэйгээр гэр бүл дотор хагарал гарах, салах шалтгаан болдог тул бусад хуулиар зохицуулахаар авч үзэж байгаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Удвал: Гэр бүлээс гадуурх харилцааг Гэр бүлийн тухай хуулийн дагалдах хуулиудаар зохицуулахаар ажиллаж байна  
Үзсэн: 3197 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй