Шууд Chart

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2020-10-22 15:04:55

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүнээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцлээ.

Төслийн талаар хууль санаачлагч гишүүн С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тус тус танилцуулав. 

УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай гишүүдийг танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, хууль санаачлагч, дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, тус захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглавараа баталж, мөрдөхөөр хуулийн төсөлд тусгажээ. 

Мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болох, түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоохоор төсөлд тусгажээ. Тусгайлсан дэгээр зохицуулж буй зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй ижил зохицуулах, түүнчлэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн явцад гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авах боломжтой байхаар зохицуулав гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Түүнчлэн Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн нээлттэй болон хаалттай явуулахаар, шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон Засгийн газрын гишүүн хийхээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хурааж, дүнг танилцуулснаар холбогдох тогтоолын төслийг баталсанд тооцохоор, Үндсэн хуульд нийцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэхгүй байх зохицуулалтыг төсөлд тус тус тусгажээ. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж буй Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталж, дагаж мөрдөж байгаа бөгөөд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах практик хэрэгцээ, шаардлага үүссэн гэж үзэн хууль санаачлагч Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд зөвхөн Ерөнхий сайд мэдээлэл хийдэг байх, хэлэлцэж буй асуудлын ач холбогдлыг харгалзан гишүүний асуулт асуух, үг хэлэх хугацаатай холбоотой хуралдаан даргалагчийн эрхийг нэмэгдүүлэх талаар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах мэтгэлцээний зохицуулалтыг тодруулах, УИХ-ын гишүүний хариуцлагын хувьд хуралдаанд оролцох эрхийг хасах бус санал хураалтад оролцох эрхийг хасах байдлаар зохицуулах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуралдааныг үр дүнтэй явуулах үүднээс гишүүний асуулт асуух хугацааг багасгаж, нэмэлт асуулт асуух хугацааг нэмэгдүүлэх нь ач холбогдолтой талаар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан зөвхөн УИХ дахь цөөнхийн гишуүдээс тавьсан асуултад хариулахаас гадна бусад гишүүд асуулт асууж, хариулт авдаг байх талаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ дэгээ өөрөө тогтоодог байх нь зүйтэй бөгөөд дотоод зохион байгуулалтын асуудал хариуцсан Байнгын хороотой байх нь ач холбогдолтой талаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх зохицуулалтыг илүү боловсронгуй болгох талаар асуулт асууж, үг хэлсэн болно. 

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдлаа. 

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

Гишүүдэд хариуцлага тооцох заалт нь аль ч улсын парламентын хуралдааны дэгийн хуульд байдаг. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 2007, 2010 оны хуульд ч гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт байсан. Харин тэрхүү зохицуулалт нь хэтэрхий хатуу байсныг илүү уян хатан болгох зохицуулалт хийсэн гэж ойлгох хэрэгтэй гэдгийг төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов. Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой заалтад зайлшгүй тохиолдолд салбар хариуцсан сайд нь илүү мэдээлэл өгөх болов уу гэж бодон уян хатан зохицуулалтыг тусгасан. Гэхдээ анхны хэлэлцүүлгийн үеэр та бүхэн шийдвэрлэх бололцоотой гэж байлаа. Төсөл санаачлагч гишүүн Т.Аюурсайхан, “Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өмнөх хуулиудад байсан заалт. Бусад улсуудын парламентад ямар зохицуулалттай байдаг талаар Парламентын судалгааны хүрээлэн судалгаа хийсэн, үүнтэй танилцаж болно. Хуулийн төсөлд гишүүдийн хариуцлагыг  шат дараатай болгож, сануулаад, үг хэлэх эрхийг нь хасах гэх мэтээр шат дараатай болгож гаргалгаатай, зөөллөсөн гэсэн нэмэлт тайлбарыг хийв.

Үг хэлсэн гишүүдийн зүгээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд зөвхөн Ерөнхий сайд мэдээлэл хийдэг байх, хуралдааны цагийг хойшлуулах шаардлагагүй,  Үндсэн хуулийн цэцээс УИХ Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан ч гишүүдийн асуулт, хариулт авах эрхийг хасаж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.  

Ингээд  Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй